Увс аймагт олон нийтийн үйл ажиллагааг хязгаарлажээ

Ковид19 халдварын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Увс аймагт хязгаарлалт тогтоохоор болжээ. 

Тодруулбал, есдүгээр сарын 13-н буюу өнөөдрөөс есдүгээр сарын 26-ныг хүртэл аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ресторан, цайны газар, кофе шопыг заалаар үйлчлэхийг нь хоригложээ. 

Мөн баар, караоке, спорт заал, соёл урлагийн арга хэмжээ, урлаг, спортын дугуйлан, хурим найр, хүлээн авалт, үзэсгэлэн худалдаа, аялал зугаалга зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээг хязгаарлана. 

Түүнчлэн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагаас бусад төрийн болон хувийн хэвшлийн албан газар, аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын цагийг 09:00-17:00 цаг болгох, 0-10 хүртэлх насны хүүхэдтэй, жирэмсэн эхийг ажлын зургаан цагаар ажиллуулахыг сум, албан газар, аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт үүрэг болгосон байна. 

Мөн хүнс, барааны зах, барилгын материалын дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг өдөр бүр 10:00-17:00 цаг, супермаркет, хүнсний бөөний төв, дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг өдөр бүр 08:00-20:00 цаг хүртэл ажиллуулж, архи согтууруулах ундаа худалдан борлуулах үйл ажиллагааг өдөр бүрийн 15:00 цагаас хойш хязгаарласан шийдвэрээ хэвээр үлдээсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)