"Гэм зэм"-ийн гол дүрийг Д.Лхагва бүтээнэ

Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК) дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театр байгуулсан тухай бид мэдээлж байсан.  Монголын тайзнаа Ф.М.Достоевскийн бүтээлээс анх удаа амилуулахаар бэлтгэж буй театрын уран бүтээлчид их зохиолчийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн жүжгээр хөшгөө нээнэ. Сэтгэл зүйн төрлийн жүжгийн гол дүрийг хэн бүтээх нь олны анхаарлыг татаж байлаа. Тэгвэл найруулагч  М.Батболд гол дүрд СТА, жүжигчин Д.Лхагвыг сонгожээ.

"Гэм зэм" романыг сэтгэлзүйн, уран зөгнөлт жүжгийн зохиол болгох ажлыг утга зохиол судлаач, яруу найрагч Я.Баяраа нугалжээ.

Шинэ жүжгийг  Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ой буюу ирэх арваннэгдүгээр сарын 11-нээс олны хүртээл болгохоор төлөвлөж байна.

“Guys” хамтлагаар уран бүтээлийн гараагаа эхэлж, өдгөө LVA энтертайнмент байгуулан “Амьдрал төсөл”, “Дурлалын гэмт хэрэг”, “Фэйсбүүк од”, “Мухар гудамж”, “1990” зэрэг уран бүтээлийг үзэгчдэд хүргэснээр нь Д.Лхагвыг үзэгчид андахгүй.

ОХУ-ын Театр урлагийн академийг драмын найруулагч мэргэжлээр дүүргэсэн М.Батболд өмнө нь Монголын театрын тайзнаа шинэ салхи оруулж И.В.Гётегийн "Фауст" романаар пост драмын жүжиг тавьж байсан билээ.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)