Умард Солонгос алсын тусгалтай далавчит пуужин туршлаа

БНАСАУ алсын тусгалтай далавчит пуужин туршсан талаар Солонгосын мэдээллийн төв агентлаг дамжууллаа. Бямба, ням гарагт болсон пуужингийн туршилтад тус улсын өндөр албан тушаалтнууд оролцож, 1500 км зайг туулсан пуужин байгаа амжилттай устган, Умард Солонгосын усан хилийн дотор унасан гэж төрийн мэдээлэлд дурджээ.

АНУ-д төвтэй Карнеги сангийн ахлах судлаач Анкит Панда "Энэ туршилт Умард Солонгос стратегийн далавчит пуужинтай болсныг гэрчилж байна" хэмээн Ройтерс агентлагт ярьжээ. 

БНАСАУ далавчит пуужингаар тээвэрлэх бага оврын цэнэгт хошуу бүтээхэд шаардлагатай технологийг эзэмшсэн эсэх нь тодорхойгүй байгаа ч энэ оны эхээр удирдагч Ким Жон Ун  жижиг бөмбөг бүтээх нь дээд зорилт хэмээн мэдэгдэж байсан юм.

Өмнөд Солонгосын зүгээс пуужингийн туршилтын талаар байр сууриа илэрхийлээгүй байгаа ч даваа гарагт АНУ -тай хамтран нарийвчилсан дүн шинжилгээ хийж байгаа гэж мэдэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)