АМГТГ: Шатахууны үнэ өсөхгүй, хомсдол үүсэхгүй

Сүүлийн хэд хоногт АИ92 автобензин хомсдож, зарим шатахуун түгээх станц худалдаалаагүй. Энэ хязгаарлалттай холбоотой асуудлаар АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлэл хийлээ.

“Газрын тосны бүтээгдэхүүний гол нийлүүлэгч ОХУ-ын "Роснефть" компани үйлдвэртээ жил бүрийн найм, есдүгээр сард урсгал засвар хийдэг. Тус засварын улмаас есдүгээр сард манайд нийлүүлдэг бүтээгдэхүүнийхээ хэмжээг бууруулсан. Үүнтэй холбоотойгоор зөрүүг БНХАУ-ын “Чайна Ойл”, “Петро Чайна” зэрэг компаниудаас авахаар Зам тээврийн яам, Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам болон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний 28 хоногийн нөөцтэй байна. Үүнээс АИ92 автобензиний 21, дизель түлшний 35, АИ80 45, онгоцны түлшний 7 хоногийн нөөцтэй байна. Тодорхой хэмжээгээр нөөц багассан ч хомсдол үүсээгүй. Үүнтэй холбоотойгоор зарим аж ахуйн нэгж хязгаарлалт хийсэн байна. Жишээ нь “Магнай трейд” ХХК-ийн нөөц багасаж, улмаар борлуулалт хийж чадахгүй болсон. Үүний дагуу зарим нөөц сайтай аж ахуйн нэгжүүдээс бүтээгдэхүүнийг усан хэлбэрээр нь авч сэлгэлт хийх арга хэмжээг авсан. Өчигдрийн байдлаар нийт 70 шатахуун түгээх станцаас мэдээ авахад хөдөлгөөн багатай, хотын захын дүүргүүдэд байрладаг 13 шатахуун түгээх станц худалдаа хийхгүй байсан. Бид хязгаарлалт хийлгэхгүй байхад анхаарч, байгаа боломжоороо худалдаанд нийлүүлэхээр зорьж ажиллаж байна. Мөн зарим аймгийн сумдуудад ч АИ92 тодорхой хэмжээний хязгаарлалттай олгож байгаа асуудал байгаа.

Шатахууны үнэ нэмэгдэнэ гэдэг ташаа мэдээлэл. АИ92 автобензиний улсын нөөцийг 2700 тонноос 30 мянган тонн хүртэл нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан аж ахуйн нэгжүүдэд шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулах шаардлага тавьж ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд 30 мянган тонн бүтээгдэхүүн орж ирэх үед тодорхой хэмжээгээр үнийг буулгая, харин бүтээгдэхүүн орж ирээгүй тохиолдолд буулгалт хийх боломжгүй гэх хариуг өгсөн” гэж мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)