Куба “оньсого”

Йоел Ромеро.

Маргааш буюу энэ сарын 18-нд болох “Bellator 266” холимог тулааны шоу спорт сонирхогчдын анхаарлын төвд байна. Чөлөөт бөхийн дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт, холимог тулаанч болсон хойноо UFC холбооны аваргын цомыг “атгаад алдсан” Йоел Ромеро энэ өдөр Фил Дэвистэй тулалдахаар болсон нь үзэгчдийн сонирхлыг ингэтэл татахад хүргээд байгаа юм.

Энэ жил 44 настай Йоел Ромеро өмнө нь чөлөөт бөхийн спортод нэр алдраа дуурсгасан. Тэрээр Анкара-1999 ДАШТ-ээс алт, Тегеран-2002, Будапешт-2005 ДАШТ-ээс мөнгө, Тегеран-1998, Софи-2001 ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, “Сидней-2000” олимпын наадамд аваргын төлөө барилдаж байсан хүчтэн. Холимог тулаанд орсноосоо хойш Дерек Брансон, Тим Кеннеди, Лиото Мачида, Роналду Соуза, Крис Вайдман, Люк Рокхолд зэрэг шилдгүүдийг ялж байсан ч аварга цолд хүрч чадаагүй юм. Тийм ч учраас түүний “Bellator” холбоонд орж ирсэн гол зорилго нь аварга цол хүртэх юм. Энэ гайхамшигтай тамирчны хүсэл биелэх эсэхийг бид нөгөөдөр харах боломжтой. Мэргэжилтнүүд болон бооцооны төвүүдэд тавигдаж байгаа бооцоо Фил Дэвисийг ялна гэж гарч байгаа ч чухам юу болох нь дэвжээн дээр л шийдэгддэг билээ.  

Фил Дэвис.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)