Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид 6.4 тэрбум төгрөгийн хандив цуглуулжээ

 Төрийн аудитын байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг хянаж, дүгнэлтийг олон нийтэд мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс сонгуулийн зардлын тайлангаа ирүүлсэн 3 нэр дэвшигчдийн дансанд нийт 6,407.1 сая төгрөгийн орлого төвлөрч, сонгуулийн үйл ажиллагааны зардалд 6,690.3 сая төгрөг зарцуулж, харилцах дансанд 229.6 мянган төгрөгийн үлдэгдэлтэй, 283.4 сая төгрөгийн төлөгдөөгүй өр төлбөр тайлагнасан байна.

Сонгуульд нэр дэвшигчдэд 29 хуулийн этгээд 184.4 сая төгрөг, 5,401 иргэн 5,400.9 сая төгрөгийн мөнгөн болон мөнгөн бус хандив өгчээ.

Тус сонгуульд нам, эвслүүдээс 621.8 сая, нэр дэвшигч өөрийн хөрөнгөөс 200.0 сая төгрөгийн орлогыг сонгуулийн зардлын дансанд тус тус төвлөрүүлсэн бөгөөд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 8,103.9 сая төгрөгөөр тогтоосныг 3 нэр дэвшигч хэтрүүлээгүй байна. 

Нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлангаар нийт 6,407.1 сая төгрөгийн орлого бүрдүүлж, тайлагнаснаас 6,406.3 сая төгрөгийн мөнгөн хандив, 0.8 сая төгрөгийн мөнгөн бус хандив байна.

Сонгуульд 2,956 иргэн 0-1.0 сая хүртэл дүнтэй нийт 581.2 сая, 2,444 иргэн 1.0 сая ба түүнээс дээш дүнтэй нийт 4,818.9 сая төгрөг хандивлажээ.

Хуулийн этгээдээс 12 аж ахуйн нэгж, байгууллага 0-2.0 сая хүртэл дүнтэй нийт 5.4 сая, 17 аж ахуйн нэгж байгууллага 2.0 сая ба түүнээс дээш дүнтэй нийт 179.0 сая төгрөгийн мөнгөн хандивыг тус тус өгсөн байна. 

Нэр дэвшигчид сонгуулийн үйл ажиллагааны зардалд нийт 6,690.3 сая төгрөг зарцуулжээ.

Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл дутуу, буцах хаяг тодорхойгүй зэрэг 989 иргэний 177.2 сая төгрөгийн хуулиар зөвшөөрөөгүй хандив тайлагнаснаас 328 иргэний 173.1 сая төгрөгийн хандивыг буцааж, 646 иргэний 3.4 сая төгрөгийн хандивыг улсын орлого болгож, 5 иргэний 0.7 сая төгрөгийн хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг өр төлбөрөөр тайлагнасан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)