Г.Ёндон сайд суудалдаа үлдэх үү, сугарч хоцрох уу

Бид шатахууны хэрэглээгээрээ ОХУ-аас үргэлж хараат явж ирсэн. Гэвч өнөөдрийнх шиг хомсдолд орж, хоёр хөршөөсөө “алга хавсран гуйх” байдалд орж явсангүй ээ. Манай улс сард 38-40 мянган тонн АИ92 шатахуун хэрэглэдэг. Үүний 95 орчим хувийг ОХУ-аас авдаг. Үлдсэн хувийг нь БНХАУ-аас нийлүүлдэг. ОХУ сар бүр хамгийн багадаа 28 мянган тонн АИ92 шатахуун нийлүүлэх үүргийг гэрээгээр хүлээжээ. Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр ОХУ энэ хэмжээний шатахуунаа есдүгээр сард нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна. Энэ нь Ангарскийн үйлдвэртээ засвар хийж байгаатай холбоотой. Мөн цар тахлаас шалтгаалаад есдүгээр сард 17 мянган тонныг л нийлүүлнэ гэж мэдэгдсэн байна. Тиймээс манай шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд БНХАУ-тай яриа хэлэлцээ хийж "China oil" компаниас Монгол Улсын сар гаруй хугацааны хэрэглээг хангах хэмжээний шатахуун авахаар төлбөрөө төлжээ. Импортлогч таван аж ахуйн нэгж гэрээ хийжээ. Гэвч төмөр замын тээврийн ачааллаас шалтгаалан ойрын хугацаанд шатахуун нийлүүлэх боломжгүй гэдгээ БНХАУ мэдэгдсэн байна.

Мөн өгнө гэж мэдэгдсэн 17 мянган тонн шатахууныхаа долоон мянга 400 тонныг л өгөөд байсан ОХУ өнгөрсөн даваа гаригт аравдугаар сарын 1 болтол шатахуун нийлүүлэх боломжгүйгээ гэнэт мэдэгдсэн байна. Ингэснээр манай Засгийн газарт ОХУ, БНХАУ-ыг гуйхаас өөр ямар ч сонголт үлдсэнгүй. Бас үүний буруутныг хайж эхэллээ.

Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 13-т заасны дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нь газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн болон түүний нөөцийн талаарх бодлогыг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Энэ үүргээ биелүүлж чадаагүй Г.Ёндон сайдад хариуцлага тооцох уу. Түүнээс сэтгүүлчид хоёр өдрийн турш “Та хариуцлага хүлээх үү” гэж асуулаа. Тэрээр бусад асуултад нь хариулаад, энэ асуултаас тойрч зугтав. Засгийн газрын өчигдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ салбар дотроо ярилцаад буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох үүргийг Уул уурхай, хүнд үйлвэрийн сайд Г.Ёндонд өгчээ.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр МАН-ынхан Г.Ёндон сайдад хариуцлага тооцохоор төлөвлөж буй гэх. Тэгэхээр энэ өдрүүдэд Г.Ёндон сайд суудалдаа үлдэх үү, сугарч хоцрох уу гэдэг нь тодорхой болох буй за.

Манай улс ийнхүү хэн нэгэнд хариуцлага тооцож дотооддоо асуудлаа шийдэж болох ч энэ бол газрын тос боловсруулах үйлвэрээ ашиглалтад оруултад өөрсдөө шийдэж чадах асуудал биш. Манай хоёр хөрш нэгэн зэрэг шатахууны нийлүүлэлтээд бойкот хийсэн нь санаандгүй үйлдэл биш байхыг ч үгүйсгэхгүй. ОХУ жил бүр Ангарскийн үйлдвэртээ засвар хийдэг ч манайд нийлүүлэх ёстой шатахуунаа нэг ч удаа тасалдуулахгүй нийлүүлсээр иржээ. Гэвч энэ удаад тасалдуулсан нь улс төр, геополитикийн шалтгаантай байх магадлалтай.

БНХАУ-ын тухайд ч ялгаагүй, яриа хэлэлцээр хийж төлбөрөө авсан даруйдаа гэнэт шатахуун нийлүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн нь анхаарал татаж байгаа юм. Манай улс лам олдохгүй бол буцахдаа зална гэж байгаа юм шиг гэнэт БНХУ-аас шатахуун авахаар болсон юм биш. Өнгөрсөн наймдугаар сард л гэхэд 130 гаруй вагон шатахуун авсан гэдгийг Г.Ёндон сайд хэлсэн юм. Мөн тэрээр “Казахстан улсаас шатахуун авч болох ч геополитикийн асуудал бий” гэж мэдэгдсэн нь манай улсын хувьд шатахуунаа хаанаас авах, хэзээ авах нь туйлын эмзэг асуудал гэдгийг баталж байгаа юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. 1997 онд литр нь 114 төгрөг байсан бензин огцом хомсдож, 1000 төгрөг хүрч байсныг санаж байна.

    0 0 Хариу бичих