28 ахмад дайчинд хүндэтгэл үзүүлжээ

Ахмад дайчдын гэрийн гадаа үлээвэр найрал хөгжилтэй очиж хүндэтгэл үзүүлж буй видео бичлэг цахим орчинд олны анхаарлыг татсан. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг зэвсэгт хүчний 100, чөлөөлөх дайны ялалтын 76 жилийн ой, Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний жанжин штаб, “Эх орны дайчид” ТББ хамтран зохион байгуулж, дайн, байлдаанд оролцсон нийслэлийн зургаан дүүрэгт амьдарч буй 28 ахмад дайчинд хүндэтгэл үзүүлжээ. Тодруулбал, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, 1940-1948 онд улсын баруун хилд болсон зэвсэгт тулгаралтад оролцож түүхэн гавьяа байгуулсан ахмад дайчдад ийнхүү хүндэтгэл үзүүлсэн байна. Энэхүү хүндэтгэлийн ёслолыг цар тахлын хүнд нөхцөлд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулсны үндсэн дээр ахмад дайчдын амьдарч буй орон сууцны орцны гадна болон гудамжинд нь зохион байгуулжээ.

Ёслолын үеэр дайнд оролцсон нэгтгэл, ангийн байлдааны тугийг ЗХЖШ-ын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн аялгуу дор хүндэтгэлтэйгээр залж, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид болон үлээвэр найрал хөгжимчид урлагийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Ахмад дайчин Д.ЦАНЖИД:

Би 1937 онд эцэг эхээсээ өнчин хоцорсон. Улмаар 1945 онд өөрийн хүсэлтээр Халхын голын байлдаанд оролцохоор 24 дүгээр отрядад нэг жилийг ардаа үдсэн. Тэгтэл эх орны баруунхязгаарт байдал хүнд байгаа талаар тагнуулын мэдээ ирсэн. Улмаар дээд удирдлагаас намайг Байтагбогдод томилж битэндээ таван жил алба хаасан. Энэ хугацаанд хоёр удаа зэвсэгт тулгаралтад орж байсан. Хамгийн хүнд нь “Мэргэн уулын тулалдаан” хэмээн алдаршсан, өглөө 9-өөс орой 9 цаг хүртэл тулалдсан зэвсэгт мөргөлдөөн байсан. 1945 оны 6 дугаар сарын 2-ны өдөр БНМАУ-ын баатар С.Лхагвадорж тэнд баатар цол хүртэж чадалгүй амь эрсдэж байлаа. Миний байгуулсан гавьяа бол эх орныхоо төлөө өргөх өчүүхэн зүйл юм шүү. Үүнийг минь үнэлж ирсэн та бүгдэд баярллалаа. Үйлс бүхэн тань өндөр байх болтугай.
Ахмад дайчин Т.БАДАРЧ:
Миний хүүхдүүд цэрэг армиа улам өндөрт өргөж яваарай. Өөрсдийнхөө эрүүл мэндийг бодож, өвөөгийнхөө насыгаваарай. Өнөөдөр би 97 настай. Миний эх орныхоо төлөө оруулсан өчүүхэн хувь нэмрийг үнэлж энэ үйл ажиллагааг зохион байгуулсан Монгол Улсын Зэвсэгт хүчний биебүрэлдэхүүнд баярлаж байгаагаа хэлье.
Ахмад дайчин Ж.Ичинноров гуaйн хүү И.ГАНБОЛД:
Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчнээс өнөөдөр аавд минь зориулж энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаад үр хүүхдүүд бидний хувьд сэтгэл өндөр байна. Аав маань 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож Жэхэ хот хүрсэн эрэлхэг гавьяат дайчдын нэг. Тухайн үед бичиг үсэг мэддэг хүн тун ховор байсан тул хээрийн штабт дарга нарын нарийн бичгээр болон нууцын хэлтэст ажиллаж байсан гэдэг. Цэрэгт явахдаа намын гишүүн болчихсон байсан. Дайнд оролцсон хэдэн хөгшчүүл маань тэр бүр гадуур явж чадахгүй шүү дээ. Та бүхнийг ирэхээс өмнө аавд энэ үйл ажиллагааны талаар дуулгахад сэтгэл нь маш их хөдөлсөн. Залуучууд ирж байна гэнэ үү гээд цаг тутам л шалгаагаад байсан. Маш сайхан хүндэтгэл үзүүллээ. Та бүхэндээ баярлалаа.
Ахмад дайчин Г.Баарай гуайн хүү Д.БАТАА:
Та бүхэндээ маш их баярлалаа. Манай гэр бүлийн зүгээс сэтгэл маш өндөр байгааг илэрхийлье. Манай ээж 1945-1949 онд Ховдын Байтагбогдод цэргийн сувилагч, тогооч зэрэг ажлыг хийж явсан. Өнөөдөр 93 насыг зооглож байна. Өнөөдрийн үйл ажиллагааны дараа манай хорооны оршин суугчид ээжээр минь бахархаж явдгаа илэрхийллээ. Бидний сэтгэлд тод үлдэхүйц үйл явдал боллоо. Дахин дахин баярлалаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)