Каталоны салан тусгаарлах үзэлтэн Карлес Пучдемон Италид баривчлагдлаа

Каталоны салан тусгаарлах үзэлтнүүдийн удирдагч асан Карлес Пучдемоныг Италид баривчилжээ. Испанийн Засгийн газрын захиалгын дагуу ийнхүү баривчилсан байна.

Карлес Пучдемон нь Каталоны ерөнхийлөгч байхдаа 2017 онд Испаниас салан тусгаарлах эсэх бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулсныхаа төлөө шүүхээр буруутгагдаад байсан юм. Шүүхийн шийдвэр гарсны дараа тэрээр Бельги рүү зугтан гарч, Европарламентын гишүүний хувиар амьдарч байгаад Италид иржээ. Харамсалтай нь түүнийг Альгера Сардинийн онгоцны буудалд буухад Италийн цагдаа нар тосон баривчилсан аж. К.Пуждемоны өмгөөлөгчийн хэлснээр, тэрээр Газар дундын тэнгисийн уг арал дээр Каталоны ардын урлагийн наадамд оролцохоор очсон гэнэ.  

2017 оны санал асуулга Испанид улс төрийн хямрал үүсэхэд хүргэсэн бөгөөд Каталоны парламент шийдвэр гаргасны дараа Мадрид бүх шийдвэрт нь хориг тавьж, Каталонд шууд хяналтаа тогтоож байсан юм. К.Пучдемон танхимын хоёр сайдын хамт Бельги рүү зугтан гарсан бол өөр есөн сайд хуулийнханд баригдан хоригдсон байдаг. Баривчлагдан хоригдсон сайд нарт Ерөнхий сайд Пепро Санчес өнгөрсөн зургадугаар сард уучлал үзүүлсэн юм.

Карлес Пучдемоны хувьд Европарламентын гишүүн гэдгээрээ дархлаатай байсан ч өнгөрсөн гуравдугаар сард бусад гишүүдийн саналаар түүнийг чөлөөлсөн тул ийнхүү баривчлагдах болсон байна. Италийн хуулийнхан түүнийг Испанид шилжүүлж өгөх магадлал өндөр байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)