Сөрөг ой санамжийг арилгах, сэргээх явц

Дайны дараа 1945-1956 онд Монгол-Японы харилцаа нэлээд сөргөлдөөнтэй байлаа. Японтой харилцаагаа сэргээхээс татгалзсаар байсан СССР-ийн мөчөөрхөл мэдээж Монголын гадаад бодлогын үндсэн чиг баримжаа болж байсан. Гэсэн ч Халх голын тулалдаантай холбоотой шийдэгдээгүй асуудлууд нь дайсагналцах илүү том шалтгаан байсан юм. Дэлхийн II дайн дөнгөж дууссаны дараа БНМАУ 1939 оны мөргөлдөөнтэй холбоотойгоор Японоос нөхөн төлбөр шаардаж эхэлжээ.

1956 онд Монгол Японы харилцаа хэвийн байдалд орох анхны алхмууд хийгдэж эхэлсэн. Гэсэн хэдий ч үүнтэй зэрэгцэн өнгөрсөнтэй холбоотой харилцан нэхэмжлэл гаргах явдал, түүний дотор Японы нөхөн төлбөрийн асуудал үргэлжилсээр байлаа. Үүнийг харилцан тохиролцсоны үндсэн дээр хойшлуулсан ба 1972 онд дипломат харилцаа тогтооход нөлөөлөөгүй. Нөхөн төлбөрийн асуудлыг 1970 -аад онд Японы зүгээс Монголд ноолуурын үйлдвэр барихад зориулж буцалтгүй тусламж олгосноор шийдсэн. 

Гэвч Халх голын мөргөлдөөний түүхэн сөрөг ой санамж орчин үеийн Монгол, Японы харилцаанд нөлөөлсөөр буй. Монголын улс төр, шинжлэх ухаан, боловсролын хүрээнийхэн 1939 оны мөргөлдөөний үр дүнг эргэн харах тухай яриа гаргасаар буй нь олон арван жилийн турш үзэл суртлын их ятгалга, пропагандын үлдэц олон хүний ой тойнд үлдсэнээс болсон бололтой. Нөгөөтэйүүр энэхүү зөрчилдөөний талаар Японы олон нийт, шинжлэх ухааны хүрээлэлд ч янз бүрийн санал бодол байдаг. Үүний дотор мөргөлдөөний нөгөө талын бурууг бас СССР ч хүлээх ёстой гэж үздэг. 

Японы хэд хэдэн төрийн бус байгууллагууд орчин үеийн Монголд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдгээрийн олонх нь Монголын нийгмийг Халх голын дайн, олон нийтийн санаа бодлыг өөрчлөх талаар яриа хэлэлцээрт оруулахыг оролдож байна. Тухайлбал, 2014 онд Японы Монголын түүх, соёлыг судлах нийгэмлэг, Олон улс судлалын Сэкигүчи нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр "Халх гол, Номонханы тулалдааны цогц судалгаа" олон улсын симпозиумыг зохион байгуулсан. Японы судлаачид 1939 оны үйл явдлын талаар Монголын орчин үеийн олон нийтийн ойлголттой давхцаж байгаагүй санаа бодлыг сурталчилсан. Үүнийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сөрөг байдлаар хүлээж авсан. 

ХХ зууны Монгол-Японы харилцааны талаар өнөөг хүртэл үргэлжилж байгаа бас нэг сөрөг ой санамж бол Дэлхийн II дайны төгсгөлд БНМАУ-ын нутагт олзлогдон ирсэн япончуудын асуудал юм. 1945 оноос 12 мянга гаруй япон цэргийн олзлогдогч Монголын нутагт байсан ба 1947 оны намар Япон руу буцаагдсан юм. Энэ жилүүдэд Монголд 1600 орчим дайны олзлогдогчид нас баржээ. Тэдний хувь заяа Японы эрх баригчдын санааг зовоож байсан бөгөөд нас барсан япончуудын шарилыг эх оронд нь авчрах асуудал нь харилцаагаа хэвийн болгоход тулгарч буй саад бэрхшээлүүдийн нэг болжээ. Энэ асуудлыг шийдэхийн тулд Японы тал Монголын талтай 1954 оноос холбоо тогтоож эхэлсэн. Японы Улаан загалмайн нийгэмлэг БНМАУ -ын тэргүүн Ю.Цэдэнбалд хандаж, Японы 100 хоригдлын хувь заяаны талаар асуусан юм. Тэр 100 иргэний сураг одоо болтол олддоггүй, Монголд байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн анги тэднийг авч үлдсэн гэсэн батлагдаагүй мэдээлэл, магадгүй цуурхал яригддаг. Японы парламентын төлөөлөгчид Монголд айлчлахдаа япон олзогсодыг оршуулсан газарт очиж үзэхийг хүссэн боловч зөвшөөрөөгүй. Хоёр орны харилцаа бүрэн сайжирсны дараа л энэ хүсэлт биелэгджээ. Дөнгөж 1990 -ээд онд л Японы цэргийн олзлогдогсдын шарилыг эх оронд нь шилжүүлэхийг зөвшөөрчээ.Улаанбаатар хот дахь японы олзлогдогсодын хуучин оршуулгын газар байсан газарт 2001 онд Японы засгийн газрын хөрөнгөөр дурсгалын цогцолбор нээсэн ба 2004 онд энэ газрын дэргэд музей нээгджээ. 2002 онд хунтайж Акишино Монголд айлчлахдаа дурсгалын цогцолборт зочилж, эхнэрийнхээ хамт нас барсан эх орон нэгтнүүдийнхээ дурсгалыг хүндэтгэв. Ийнхүү дайнд олзлогдогсодын тухай түүхэн сөрөг ой санамж зөрчилдөөний нэг хэсэг байхаа больсон. 

Өнгөрсөн үеийн эмгэнэлт ой санамж Монгол-Японы харилцаанд ноцтой нөлөөлсөн. XX зуун, зууны эцэс гэхэд түүхэн ой санамжийн асуудлууд ерөнхийдөө шийдэгдсэн (хохирлыг барагдуулах, нас барсан япончуудын шарилыг буцааж өгөх гэх мэт). Харин ч өнгөрсөн явдлаа хамтран эргэцүүлж харилцан ойлголцох сэдэв болжээ. Тэгсэн ч гэсэн зарим асуудал, тухайлбал, Халх голын тулалдааны түүхийг тайлбарлах мэт нь өдгөө хоёр талын харилцаанд төдийлөн нөлөөлөхгүй байгаа ч асуудал нэг талдаа бүрэн шийдэгдээгүй хэвээр байгаа. Тиймээс ер нь, түүхэн сөрөг ой санамж нь дэлхийн аль ч улс орнуудын хоёр талын харилцаанд төвөгтэй бөгөөд маш чухал, эмзэг асуудал байдаг. Олон улсын харилцааны түүхэнд сөрөг ой санамж нь улс хоорондын эрх тэгш харилцаанд саад тотгор, өдөөгч, нөлөөлөл, болж чаддаг гэдгийг Монгол, Японы харилцааны жишээнээс харж болно.

Халх голын ялалтын ойн арга хэмжээ гэдгийг 1969 оноос өмнө тэмдэглэдэггүй байсан. ЗХУ Эх орны дайны ялалт гэдгийг анх удаа 1965 онд л Брежневийн санаачлагаар сүр дуулиантай тэмдэглэжээ. Сталин ч, Хрущёв ч огт тэмдэглэж байгаагүй. Цэдэнбалд ийм төстэй тэмдэглэлт ойн баяр гэнэт хэрэгтэй болсон тул 1969 онд Халх голын 30 жилийн баяр хийв. Эхнийх нь ч даруувтар байсан, жил өнгөрөх тутам далайц, сүр дуулиан нь тэлсээр, 45 жилийн яруу алдарт ойн босгон дээр Москва түүнийг албан тушаалаас нь болиулсан. Ингээд 1984 оноос хойш Монголд Халх голын ялалтын ойн баярыг сүржин тэмдэглэхээ больсон ба зэрэг зиндаа доошлон доошилсоор 1990 оноос хойш япончууд хүртэл өөрснөө оролцох болсон эрдэм шинжилгээний хурал, хэвлэлийн бага хурлын хэмжээнд очин бараг мартагдах шахсан билээ. 

Гэтэл гэнэт 2019 онд Халх голын ялалтын 80 жилийн ойг Цэдэнбалын үеийнхээс илүү сүр дуулиантай тэмдэглэв. Урьд нь хэзээ ч ингэж дуулиантай тэмдэглэж байгаагүй, энэ баярыг! Орос Монголын эрдэмтэд хамтарсан эрдэм шинжилгээний хурал хийв. Японы милитаристуудыг хэрхэн даран сөнөөсөн тактик стратегийн талаар шинжлэх ухааны дүгнэлт өглөө. Баярыг тохиолдуулж Орос Монголын цэргийн хамтарсан сургууль болов. Цэргийн парад болж, тэнд дэлхийд гайхагдаж байгаа Оросын шинэ үеийн байлдааны онгоцнууд өнгө өнгийн утаа гарган нисэж Монголын тэнгэрийг чимэглэв. Мөн Оросын цэргийн дуу хөгжмийн алдарт ансамбель Александрийн чуулга зочлон тоглолт хийв. Моисеевын ардын бүжгийн чуулга гэж алдар суу нь дэлхийг доргиосон ансамбель бий. Цэргийн чуулга маягтай тэд дайны үед гол тоглолтоо Байгалийн чанад, Алс дорнод, Монголд үзүүлж байсан. Тэд монголчуудад танил болоод удаж байгаа ”Ка-калин-ка” бүжгээ үзүүлж, “Катюша” зэрэг цэргийн сэдэвт дууны аянд бүжив. Энэ бүх үзүүлэн тоглолтын дараа нь Оросын Ерөнхийлөгч хүндэт нөхөр Владимир Путин ойн баярт оролцохоор өөрийн биеэр Монголд зочлон ирэв.

Халх голын байлдааны 80 жилийн ойн арга хэмжээнд зориулж Ерөнхийлөгч Путин дайн болсон газрын бяцхан суманд 10 сая доллар бэлэглэсэн. Газар нутгийн хэмжээгээр Монголдоо хоёрт ордог ч ердөө мянга гаруйхан оршин суугчтай эл суманд энэ нь төсвөөс хуваарилдаг олон жилийн мөнгөнөөс нь хол давна, Дайн болсон газарт 80 жилийн өмнө ухаж байсан гэх авч одоо бүрэн эдгэсэн окоовны мөрийг дахин ухаж битүү цементэлжээ. Гэнэт ирсэн их мөнгийг барж ядсан бололтой. Ойн арга хэмжээнд Монголын талаас идэвхи гарган урлаг уран сайхны зүтгэлтнүүд хамаг чадал эрдмээ шавхав. Мөн хөшөө дурсгал хэд хэдийг шинээр босгож баярын үеэр ёслол төгөлдөр нээв. Тэр нь хэний юун хөшөө ч юм, бүү мэд. Цаг тулчихсан байсан л даа. Эрдэмтэд, түүхчид, улс төрчдийн оролцоо ч нүсэр байв. Анхнаасаа Халх голын тулалдаан, мөргөлдөөн гэх цэргийн шинжлэх ухааны тогтсон ангилал бүхий нэршилтэй байсныг тэд энэ удаа дэндүү багаар үнэлж байна гэж голоод “дайн” гэж нэрлэхээр болжээ. Гэтэл япончууд болохоор Халх голын тулалдааныг “Номунханы хэрэг явдал” гэж нэрлэдэг. Зөвлөлтийн утга зохиолын хэллэгт тулалдаан гэж нэршсэн. Ер нь мөргөлдөгч хоёр тал аль алин нь хилийн мөргөлдөөн гэж үздэг.

Өнөөгийг Монгол улсад төрийн мэдлийн мэдээллийн хэрэгслэл байдаггүй, бүгд хувийнх, олон нийтийнх. Гэтэл Халх голын 1939 оны хэрэг явдлын тухай зарим телевизүүд өдөр алгасалгүй үзүүлэхдээ социализмын үеийн үзэл сурталжсан, үнэнээс гадуур суртал нэвтрүүлгээр хэдэн хоног бөмбөгдөв.

ЗХУ болон Орост Халх голын ойг хэзээ ч тэмдэглэж байгаагүй. Гэтэл энэ удаа Оросын хот Улаан-Үдэд сүр бараатай тэмдэглэж цэргийн парад, олон нийтийн жагсаал зохион байгуулсан нь бүр ч хачирхалтай. Жагсаалд оролцогч төрийн албан хаагчид юуны төлөө ямар баярын арга хэмжээнд гэнэт төв талбайд туугдан очсоноо өөрснөө ойлгохгүй гайхалдаж байгаа видео бичлэг ч цацагдаж байсан.

Мэдээж нижигнэсэн баяр ёслол, үзүүлбэрийг санаачлагч нь Путин. Үүндээ тэрээр улс төрийн шахалт хэрэглэсэн ба гол нь мөнгөөр зодож хийлгэсэн. Японд эзлэгдэх гэж байсан хөөрхий Монголыг аварч өмнөөс нь дайтсан Зөвлөлтийн хүмүүсийн тухай эерэг ой санамж, эх оронд нь халдан түрэмгийлж байсан дайсан Японы тухай сөрөг ой санамжийг нь сэргээх зорилготой туршилт байсан болов уу? Гэтэл түүнээс хойшхи 2-3 жилд Халх голын түүхэн ялалтын ойн өдөр давтагдахад Монголд энэ талаар хэн ч юу ч дурссангүй, Монголын мэдээллийн хэрэгслэлээр энэ тухай ганц ч мэдээ гарсангүй. Ингэхээр 80 жилийн сүрт ёслол Монголын хувьд мөнгөнд автсан нэг удаагийн акци байсан бололтой.

Өнөөгийн Оростой харьцуулахад хавьгүй эрх чөлөөтэй ардчилсан Монгол нутагт Халх голын тулалдааны ойн баяр гэгчээр халхавчилсан ямар илбэ дэлхийн нийтэд харуулахаар төлөвлөсөн юм бол, Путин? 

Мартагдах шахсан эсрэг болон сөрөг ой санамжийг ч тодорхой зорилгын үүднээс зориудаар сэргээх оролдлого үргэлж давтагдаж байдгийн нэг жишээ энэ байх.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)