2022 онд төсвөөс 2.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ

Сангийн яамнаас 2022 оны төсвийн төслийг УИХ-д өргөн бариад буй. Ирэх жил хөрөнгө оруулалтын аргачлал, цахим системийн дагуу үнэлгээ хийгдсэн дэд бүтцийн төслүүдийг  нэн тэргүүнд хэрэгжүүлж, урсгал болон ашиглалтын зардал өндөртэй хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхгүй. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хөгжлийг дэмжих томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж, өмнөх онуудад эхэлсэн төслүүдийг бүрэн дуусгаж ашиглалтад оруулах чиглэлийг баримтална.
Ирэх 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөлтийг энэ оны 4-р сарын 1-нээс цахим систем, аргачлалын дагуу боловсруулж, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, хөгжлийн зорилтыг хангахад чиглэсэн, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, бэлтгэл ажил бүрэн хангагдсан төслүүдийг төсвийн төсөлд тусгажээ.
Түүнчлэн, үрэлгэн хөрөнгө оруулалтаас хөгжлийн хөрөнгө оруулалт руу шилжилт хийж, энэ хүрээнд 2021 оны түвшнээс зам тээврийн салбарын шинэ хөрөнгө оруулалтыг 7.1 дахин, барилга байгуулалтын салбарын шинэ хөрөнгө оруулалтыг 3.7 дахин, эрчим хүчний салбарын шинэ хөрөнгө оруулалтыг 6.4 дахин их төлөвлөжээ.
Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 2.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж 2022 оны ДНБ-ийг 820 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх төсөөлөл гарч байна.
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)