БОЛОВСРОЛЫН ШИНЭТГЭЛ ҮҮ? СЭРГЭЛТ ҮҮ?: Финландыг харж Монголыг сэтгэхүй (Үргэлжлэл)

 

БОЛОВСРОЛЫН ШИНЭТГЭЛ ҮҮ? СЭРГЭЛТ ҮҮ?:

Финландыг харж, Монголыг сэтгэхүй

(Үргэлжлэл)

Хэдхэн хоногийн өмнө “Япон лугаа адил хөгжье-Японтой хамт суралцахуй хөгжлийн үйл явц” цуврал хэлэлцүүлгийн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Боловсролын шинэчлэл ба Хүмүүнлэг боловсрол” хэлэлцүүлгийг зохион байгуулсныг олж үзлээ. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлаар удахгүй хэлэлцэх боловсролын багц хуулийн төсөлд Боловсролын ерөнхий хуулиас гадна “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай”, “Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай”, “Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай”, “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай” хууль гэсэн 6 хуулийн төсөл багтаж байгааг дурдаад багц хуулиудыг хэлэлцэхэд бидэнд үлгэр дуурайл болж буй Япон Улсын боловсролын тогтолцоо, боловсролын реформ, Монгол, Японы боловсролын шинэчлэлийн харьцуулалт, хүүхэд багачуудад ёс зүйн боловсрол, хичээлээс гадуурх хүн төлөвшлийн боловсролыг хэрхэн олгодог талаарх туршлагаас санаа авч, манай боловсролын шинэтгэлд чухал ахиц өөрчлөлт гарах эхлэл болно гэдэгт итгэж байгаагаа онцлон тэмдэглэсэн байна. 

Хууль тогтоох байгууллагын зүгээс боловсролын салбарын гадаадын туршлагаас суралцах ажлыг санаачлан зохион байгуулж байгаа нь нэн сайшаалтай хэдий ч аль болох олон орны туршлагыг харьцуулан судалж, өөрийн орны нийгэм, эдийн засаг, соёл, ёс заншилд зохицуулан нутагшуулах хувилбарыг сонгон авах нь зүйтэй санагддаг билээ. 

*     *     *

Иймд Умардын орнуудын дотроо ч боловсролоороо тэргүүлэх байр суурьтай байдаг Финландын туршлагыг нуршиж буйд эрхэм уншигч Танаас хүлцэл өчихийн ялдамд өмнөх нийтлэлд орхигдуулсан хоёр санааг нэмж нийтэлж байна. 

Сургуулийн өдрийн хоол

Финландын бүрэн дунд болон ахлах сургууль, түүнчлэн мэргэжлийн сургуульд бүх суралцагчид хичээлийн өдрүүдэд сургууль дээрээ Үдийн хоолоор үнэгүй үйлчлүүлэх эрх эдэлдэг. 

Финландад Сургуулийн хоолны газар бол урт удаан хугацааны арвин түүхтэй аж. Албан ёсны зохицуулалттай болоод бараг 100 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа сургуулийн хоолны газар оюутан, сурагчдын сайн сайхан аж байдалд үнэхээр ач холбогдолтой.

Сургуулийн үдийн хоол сурагчдын суралцах идэвхийг дээшлүүлдэг болохыг орон нутгаар аялаж, сурагчидад хоол унд тараадаг байсан тэртээх 17 дугаар Зуунд анх ойлгож мэдэрсэн гэж финүүд ярьдаг. Тэр үед Латин хэлний сургалтыг үр дүнтэй явуулахад сургуулийн хоолны газар чухал ач холбогдолтой байдаг байжээ. 

Финландад Сургуулийн үдийн хоолны асуудлыг 1896 онд анх удаа нийгмээр хэлэлцүүлэгдэж, 1913 оноос үүнд төрөөс хөнгөлөлт үзүүлдэг болсон байна. 

Финийн Ерөнхий Боловсролын Үндэсний Газар нь бага сургуулийн сурагчдын хоол тэжэээлийн талаар тусгай ном хэвлүүлж, улмаар 1930 онд тусгайлсан хуулийн төсөл боловсруулах ажил эхэлсэн байна. Финланд бол нийт сурагчийг хамруулсан сургуулийн үнэ төлбөргүй үдийн хоолны тухай хуулийг баталсан анхны улс аж.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хичээлтэй өдрүүдэд сургууль дээр нь үнэгүй үдийн хоолоор үйлчлэх зорилт Финландад 1948 онд бүрэн хэрэгжсэн бөгөөд энэ тогтолцоо өнөөдрийг хүртэл үргэлжлэн хэрэгжиж байдаг. Тэр цагаас хойш сургалтын дүрэм журам шинэчлэгдэж, сургуулийн үдийн хоолыг хэрхэн зохион байгуулах талаар тодорхой бөгөөд практик заавруудч гарчээ. 

Финландын сургуулийн хоол хөгжин өөрчлөгддөг, тэнцвэртэй, хоолны газар нь сурагчдын нас, биеийн онцлогт тохируулан тэдний эрүүл мэнд, өсөлт, хөгжилтийг бүрэн хангахад зориулагдсан байдаг. Сургуулийн хоол хүүхэд, залуучуудын бие махбодид хоногт шаардагддаг илчлэгт тохирохын сацуу өдрийн туршид хэрэглэх бусад хоолонд нь нэмэлт болдог. Хүүхдийн хоолыг орц, найрлагийнхувьд сонголттой байдлаар бэлтгэхэд анхаардаг. Амтлаг, чанартай хоолоор үйлчлэхээс гадна цэвэр, тааламжтай орчинд, яарч сандралгүй, амар тайван, хооллох нөхцлийг бүрдүүлэхэд мөн анхаардаг байна. 

Сурагчид хоолны газарт туслах,дүү нараа сургаж дадлагажуулах зэргээр ажиллахаас гадна ажлын дадлага туршлага өөрсдөө олж авдаг. Бодит ажилд ингэж оролцох нь сурагчид хоол хүнсийг үнэлж сурах, хамтын үүрэг, хариуцлагаа мэдрэхэд тус дөхөм болдог гэж үздэг. Үндсэндээ фин үндэстний гол хоолнуудаас бүрддэг сургуулийн хоол бол финландын хоолны соёлын нэгээхэн хэсэг бөгөөдердийнүдийн хоолонднь халуун хоол, зууш, хүнсний ногоо, шинэ жимс жисгэнэ, талх, цөцгийн тос, ундаа багтдаг.

Тэрчлэн сурагчид, сургуулийн ажилтнууд, эх, эцгийн оролцоотойгоор баталдаг хоолны цэсэнд үндэсний, орон нутгийн, улирлын шинжтэй өөрчлөлтүүд тусгагддаг. Нэгэн хэвийн, уйтгартай байлгахгүйн тулд төрөлжсөн сэдвээрхоолны өдрүүдийг уламжлалт баяр болгон зохиож олон улсын хоол хүнс, ёс заншлаас танилцуулахыг чармайдаг байна.

Сургуулийн хоол бол сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааны салшгүй хэсэг бөгөөд өнөө цагт сурагчдын хичээлийн хуваарьт нийцүүлэн тохитой орчинд тэнцвэртэй, илчлэг сайтай нэмэлт зуушаар үйлчилдэг болгох асуудал ид яригдаж байгаа юм байна. Одоогийн байдлаар өглөө болон үдээс хойш хичээлээс гадуурх ажиллагаанд оролцдог сурагчдадзуушаар үйлчилж эхэлжээ.

Сургуулийн хоол бол сурагчдынсурч боловсрох, өсөж бойжих үйл явцын чухал бүрэлдэхүүн учир сургууль, эх, эцгийн хамтын хариуцлага гэж үздэг. Хооллох зуршил бага насанд тогтдог боловч насан туршид үргэлжилдэг, тухайн хүний эрүүл мэндэд шууд нөлөөлдөг хүчин зүйл гэж финчүүд сайтар ойлгосон байна. 

Өдрийн дэглэм, хоол хүнс, биеийн дасгал хөдөлгөөн энэ бүхэн тэнцвэртэй байж, сургууль дээрээ сурах, эрүүл өсч торних нөхцлийг бүрдүүлэх төдийгүй хичээлийн нэг өдрийн үйл ажиллагаануудын уялдааг хангахад дэмжлэг үзүүлдэг. 

Тиймээс Финландын боловсролын салбарын амжилтын ноу-хау, сайн сайхан аж байдлын нэг нууц бол үнэгүй, халуун хоол гэж хэлдэг.

Оюутны байр

Финландад сүүлийн үед хийгдсэн судалгаа, өнөөдрийн эрэлт хэрэгцээг ажиглахад оюутны байр хүрэлцээтэй байдаг байна. Энэ бол нийгмийг бүхэлд нь хамарсан нүүдэл суудалд саад учруулдаг нэгэн бэрхшээл арилсан гэсэн үг. Сургуульд суралцахыг хүссэн хэн боловч сургуульд нь ойр, боломжийн үнэтэй, оюутны байр сууц олдоно гэж мэддэг. Тиймээс оюутанд хотод суралцахын тулд байр худалдан авах, өрөө түрээслэн суух шаардлага огт байхгүй гэсэн үг.

Оюутны байрыг барьж байгуулахад зориулан төрөөс 1966 оноос зээл олгож эхэлсэн учир 1960–аад оны эцэс, 1970-аад оны эхээр “Оюутны байрны байгууллагууд” бий болсон. Оюутны байгууллагууд, хотын захиргаад, Сангууд эсвэл хотын захиргааны харьяа байгууллагууд удирдах зөвлөлдөө оютнууд, оршин суугчид, хотын захиргааны төлөөллийг оролцуулсан “Оюутны байрны байгууллага”-ыг үүсгэн байгуулжээ. Оюутны байрны байгууллага нь анх бий болохдоо баримтлаж ажиллахүндсэн зарчмуудаа оюутны холбоодтой хамтран тодорхойлсон нь өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилдэг байна. 

Хот болгонд тухайн хотын оюутнуудын байрны асуудлыг хариуцсан байгууллага ажилладаг. Их сургууль, коллежуудад оюутны байрны асуудал огт хамаагүй учир уг байгууллага сургуулиудаас хараат бус, бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулдаг. Финландад дунд сургууль дүүргээд ямар ч шатнысургуульд үргэлжлэн суралцахбүхий л оюутан оюутны байранд амьдардаг нь зөвхөн их сургуулийн оюутанд оюутныбайр олддог Европын олонх улсаас олон талаар давуутай аж.

Финландад аливаа асуудлыг шийдэж ирсэн хүнд сурталгүй, хялбар бөгөөд шударга, ил тод арга барилаар оюутны байрны асуудлыг шийдвэрлэсэн байна. Хөрөнгө мөнгө хомс боловч хотын захиргаанаас энэ зорилгоор хуваариласан газарт оюутны байр ганц нэгээр босч эхэлсэн. Ингээд 30 жилийн дараа оюутны байрнууд баригдаж гүйцэхэд зээл ч эргэн төлөгдсөн бөгөөд элэгдэж хуучирсан байрнуудыг засч шинэчилэн, оюутны байрны асуудал бүрэн шийдэгджээ.

Оюутны байрнууд голцуу их сургуулийн хотхоноос зайдуу байрладаг хэдий ч нийтийн байр бус ердийн орон сууцны байшин байдаг. Оюутны ийм байр ихэндээ 2-3 унтлагын өрөөтэй, оюутан бүр өөрийн тасалгаатай, дундаа гал зуух, угаалгын өрөөтэй, түүнийг хамтраад эзэмшдэг. Ийм байрыг гэр бүлтэй оюутнуудад тохируулан өөрчлөхөд хялбар. Оюутны шинэ байрууд нь ганц бие эсвэл цөөн ам бүлтэй оюутнуудад зориулагдсан, “студио” маягийн ганц өрөөнөөс бүрддэг. Байр шаардлагатай оюутан болгоныг хямд үнэтэй,аюул осолгүй найдвартай байраар хангах зорилт ингэж хэрэгжсэн байна.

Оюутны байрны байгууллагууд хөдөө орон нутгийн сургуулиудын гадаад харилцааг өргөжүүлэхэд ч тодорхой хувь нэмэр оруулдаг байна. Хамгийн гайхалтай нь Европын улсууд дотор Финланд улс оюутны солилцоог маш өргөн хэмжээтэй хийдэг. Үүнд сургуулиудын англи хэлний сургалтын түвшин нөлөөлдөг боловч хамгийн олон зочин оюутныг тохилог сууцаар хангахад Оюутны байрны байгууллагуудын оролцоо, хувь нэмэр ч ихбайдаг ажээ. 

*     *    *

Нийтлэлийн эхэнд дурьдсан “Боловсролын шинэчлэл ба Хүмүүнлэг боловсрол” хэлэлцүүлэг дээр МУИС-ийн профессор, доктор Д.Дашдулам “Монгол ба Япон Улсын боловсролын салбарын шинэчлэл” илтгэлдээ: “...боловсролын шинэчлэлийг хийхдээ өөрийн орны түүх, хэл, соёл, зан заншил боловсролын суурьт тулгуурлах, Монгол хүнийг хүмүүжүүлж сургана гэдгийг тэргүүнд тавих, Япон улсын боловсролын шинэчлэлийг шууд хуулбарлах бус өөрийн орны онцлогт тохируулан нутагшуулах, боловсролыг улс төр, бизнесийн аливаа ашиг сонирхлоос ангид байлгах, Япон улсаас авах зээл, тусламжийг үр ашигтай байлгах, боловсролын талаарх бодлого тогтвортой, урт удаан хугацаанд үргэлжлэх шаардлагатай”-г онцолсон хэлснийг орон орны боловсролын туршлагыг судлан үзэхдээ бид бүхэн санаж байх учиртай эрдэмтэн хүний бодууштай санаа байсныг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Энэ ч үүднээс Финландын боловсролын салбарын ололтуудаас суралцахад илүүдэх юун хэмээн бодлоо.

 

Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин, Доктор (Ph.D.) Б.Энхмандах

2021 оны 10-р сарын 04.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)