Их сүмогийн оргил, аугаа монгол аварга

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлахаа зарлалаа. Монгол Улсынхаа иргэншлийг солиогүй бол их аваргын зодог тайлах тухай мэдээ Монголд багагүй дуулиан шуугиан үүсгэх байсан нь гарцаагүй. Гараад явчихсан болохоор ч тэр үү, сая бол нэг их шуугисангүй.

Иргэншил солих тухай яриа гарсны дараахан аварга эх орондоо ирж, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орж билээ. Нэвтрүүлгийн үеэр Монголын бас нэгэн их аварга Асашёорюү Д.Дагвадорж энэ эмзэг сэдвийг хөндөн, иргэншлийн асуудлыг сөхөж... Түүнийг нь сонссон монголчууд үзэл бодлоороо талцаж байсан сан. Монголын ард түмэн нэгэн аугаа хүүгээ бусдын туг дор оруулахаас дургүйцэх, харамын сэтгэл төрөхийг зөвтгөж болно. Гэхдээ иргэншлээ солиулсан л бол харь хүн болчих юм шиг туйлшрахыг зөвтгөж болохгүй гэж тэр үед бичиж байлаа...

Тайхо аваргын 32 түрүүлсэн дээд амжилтыг 39 болгосных нь дараа Японы нэр хүндтэй хэвлэлүүдийн нэг “Japan Times” Хакүход зориулан бүтэн нүүр гаргаж, “Хакүхо-Их сүмогийн аугаа өв тээгч” гарчигтайгаар уншигчдадаа хүргэж байв. Нийтлэлд олон мянган жилийн түүхтэй Японы мэргэжлийн сүмогийн хамгийн аугаа дээд амжилтууд Хакүхо М.Даваажаргалын эзэмшилд орж, тэрээр Японы соёлын салшгүй нэг хэсэг, өв тээгч нь болсон талаар өгүүлсэн байв.

Мэргэжлийн сүмод олон дээд амжилтууд бий. Тэдгээрээс түрүү (45), ялагдалгүй түрүү (16), дараалсан түрүү (7, Асашёорюүгийн хамт), мэргэжлийн сүмод байгуулсан ялалт (1187), дээд зиндаанд байгуулсан ялалт (1093), нэг жилд хамгийн олон ялалт байгуулсан (90 барилдааны 86-д нь ялсан амжилтыг 2009, 2010 онд үзүүлсэн), түрүү байрын төлөө хийсэн нэмэлт барилдаан (10, үүнээс зургаад нь ялсан) зэрэг хамгийн өндөр
ач холбогдолтой долоогийнх нь магнайд манай аваргын нэр байна. Хакүхо аль хэдийнэ сүмогийн ертөнцийн салшгүй нэг хэсэг болчихсон, хүссэн ч, хүсээгүй ч сүмогийн төлөө бие сэтгэлээ зориулахаас өөр замгүй болсныг эндээс харж болно.

Улсын начин А.Ганбаатар агсан нэгэнтээ улсын заан П.Сүхбатын талаар “Аварга аваргаараа төрдөг гэж үнэн. Манай П.Сүхбат чинь төрчихсөн амьтан юм шдээ. Гар дээрээ нэг удаа суниаж үзээгүй байж ярзайсан булчинтай” гэж өгүүлсэн байдаг. Харин Хакүхо М.Даваажаргалыг анх харахад цүдгэр том гэдэстэй, цээжээрээ “нимгэн” харагдаж байж билээ. 2003 оны арваннэгдүгээр сарын тэмцээний дээд зиндааны барилдааны сүүлчийн өдөр телевизийн тайлбарлагч “Макүшта зиндаанд 6-1 амжилт үзүүлсэн, цол ахих боломжтой” гээд зургийг нь гаргахад анх харсан хэрэг. Мөөёө аваргын хүү гэдгийг мэддэг байсан болохоор хамт сүмо үзэж суусан аавдаа энэ талаар хэлж, аав маань ч ихэд сонирхон харж байсан юм. Намайг “Цээж нь нимгэн, гэдэс нь цүдгэр юм” гэхэд “Зүгээр ээ, хүн чинь эхлээд гэдсээрээ таргалдаг юм шдээ. Яваандаа сайхан болно л доо. Мөөёө аварга ч тийм том биетэй хүн биш шүү дээ” гэж хэлж байсан. Үнэхээр ч дөрөвхөн сарын дараа Жүрёо зиндаанд түрүүлж, дээд зиндаанд орж ирсэн эхний тэмцээндээ (2004 оны тавдугаар сар) 12-3 амжилт үзүүлэн шуугиулаад эхэлсэн дээ. 2001 онд мэргэжлийн сүмод орсон гэхээр гурван жилийн дараа, 19-тэйдээ дээд зиндаанд дэвшжээ.

Нэртэй бөх тайлбарлагч Ш.Чанарав агсан тухайн үед сүмо бөх тайлбарладаг байсан бөгөөд озэки Мусоямаг унагасных нь дараа “Ийм том хүнийг ингэж гарын үзүүрээр ялж байна гэдэг цаана нь их хүч, нөөц бололцоо байгаа гэдгийг харуулж байна. Дээрээс нь уян хатан чанар сайтай юм. Одоохондоо мөч нь нарийхан, гэдэс нь том юм шиг харагдаж байж болно. Гэхдээ хүн махлахдаа эхлээд гэдсээрээ махалж байж, дараа нь мөр, цээж рүүгээ ордог. Удахгүй хэнд ч дийлдэхгүй болох вий. Дараагийн ёкозүна болох нь тодорхой юм байна” хэмээн шинжиж байсан юм. Монгол үндэсний бөхийн торгон мэдрэмжтэй тэр аугаа хүн агуулга тэс ондоо харийн бөхийг ч чадамгай тайлбарлаж, 19-хөн настай жаахан хүүг дийлдэшгүй ихаваргаболногэдгийганхлантаньсантүүхтэй.Тэр жилийнхээ арваннэгдүгээр сард ёкозүна Асашёорюүг хазайлган цорын ганц “Алтан од” шагналаа авсан байдаг. “Алтан од” шагнал бол маэгашира буюу дээд зиндааны цолгүй бөх их аваргыг унагахад өгдөг шагнал. Тэгэхээр, нэг тэмцээнийг дундаас нь орхиж чансаа уруудсаныг эс тооцвол манай хүн тэр цагаас хойш дандаа цолтой барилджээ.

2005 оны нэгдүгээр сард комүсүби цолд хүрч, ганцхан тэмцээний дараа сэкивакэ болсон түүний амжилт гэмтэл авснаар хэсэг тасалдсан юм. Аз болоход гэмтэл нь хөнгөн байж, ганцхан тэмцээн өнжөөд дэвжээндээ эргэж ирсэн. Улмаар 2006 оны нэг, гуравдугаар сарын башёд 13 ялснаар озэки цолд хүрсэн. Гэмтэл бэртлийн улмаас тэмцээн өнжиж, алдаг оног барилдаан үзүүлсэн ч жилийн дараа алдаагаа засч, 2007 онд мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга болсон юм. Түүнээс хойш аваргын ялгуусан ялалтын цуврал үргэлжилсээр. Дээр өгүүлсэн дээд амжилтуудаас гадна 2009 онд жилийн 90 барилдааны 86-нь ялж дээд амжилт тогтоосон бол 2010 онд 63 барилдаанд дараалан давж, хамгийн олон дараалж ялсан дээд амжилтын хоёрт бичигдэх ялалтын цувралыг хийсэн билээ.

Хакүхогийн өв

Хакүхогийн дээд зиндаанд байгуулсан ялалтын тоо 1093

Кайо 879

Хамгийн олон ялалттай бөхчүүд

Хакүхо 1187

Кайо 1047

Чиёнофүжи 1045

Китаноүми 951

Тайхо 872

Дараалсан ялалтын тоо 63

Бүх цаг үеийн хоёрдугаарт орно
(Дээд амжилт нь Футабаямагийн 69 ялалт).Тэрээр 2010 оны Хацү башёгийн 14 дэх өдрөөс Кюүшюү башёгийн хоёр дахь өдөр хүртэл унаагүй. Нэг жилийн зургаан тэмцээнд байгуулсан ялалтын тоо 86 (2009, 2010 онд, нэмэлт барилдааныг тооцоогүй)

Унаагүй түрүү 16
Бүх цаг үеийн дээд амжилт. Футабаяма, Тайхо нар 8 түрүүгээр удаалдаг.

Түрүүлсэн тоо 45
Тайхо 32, Чиёнофүжи 31, Китаноүми 24 түрүүтэй удаалдаг.

Дараалж түрүүлсэн тэмцээн 7
(2010 оны гуравдугаар сараас 2011 оны тавдугаар сар. Асашёорюүтай хамтарч эзэмшдэг)

Их аварга цолтой барилдсан тэмцээний тоо 84 (Өмнөх дээд амжилт Китаноүми 63)

Их аваргыг ид барилдаж байхад “Хакүхо чухам хэдэн удаа түрүүлэх бол” гэсэн асуулт сүмо сонирхогчдын анхаарлын төвд байж билээ. Зодог тайлах мэдээ гарахаас өмнө ч тийм л байсан. 2020, 2021 онд ганц, ганцхан тэмцээнд оролцоод хоёуланд нь түрүүлсэн болохоор тэр (2020 оны гуравдугаар сард 13-2, 2021 оны долоодугаар сард 15-0 амжилтаар түрүүлсэн). Энэ бол баруун өвдөг нь гэмтээгүй бол дахиад олон жил барилдах хүч тэнхээ байсан гэдгийг харуулах үзүүлэлт.

Одоо эргээд харахад Хакүхо аваргын сүүлчийн түрүү сүмогийн оргилд хүрсэн үе, үеийн их аваргуудын мөрөөдлийн төгсгөл байжээ.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Яахаараа Японы иргэн аугаа монгол аварга болчихдог юм. Бид Японтой нэгдээгүй биздээ

    0 0 Хариу бичих
  2. хүн төрөлхтөн нь 2000 жил л утга учиртай амьдарч байгаа байлгүй дээ.

    0 0 Хариу бичих
  3. Түрүүлсэн тоонд бол Асашёрюу 25 түрүүгээр 4-т ордог дараа нь 24 Китаноүми орно.

    1 0 Хариу бичих
  4. Дуртай цагтаа эргээд Монголынхоо иргэншлийг сэргээгээд эх орондоо хүрээд ирнээ

    1 0 Хариу бичих
  5. Сумогийн холбооны тэргүүн болно доо

    2 0 Хариу бичих
  6. МОНГОЛ МОНГОЛДОО ЦОЙЛОЖ ГАРСАН МОНГОЛДОО. МИНИЙ МОНГОЛЫН АГУУ АВРАГЫН ХҮҮ АГУУ АВРАГА МОНГОЛ ХҮҮ МИНЬ

    5 0 Хариу бичих
  7. Наад чинь монгол байхаа болиод удаж байна ш дээ

    0 6 Хариу бичих
  8. Mongol garaltai japan ulsiin irgen

    0 2 Хариу бичих
  9. Китаноүмигийн урд Аса байгаа. 25 түрүүтэй

    7 0 Хариу бичих