Африкт өвөлждөг "Монгол шонхор"

Дэлхийн нүүдлийн шувуудын өдөрт

Шонхор гэвэл манайхан Идлэг, Цагаан, Начин гээд л хуруу даран нэрлэх нь мэдээж. Дэлхийн нүүдлийн шувуудын тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Амарын шонхор (Falco amurensis)-ын тухай хүүрнэх хүсэлд автав. Гэхдээ ядруухан бичээч бээр шувуу судлаач биш, зөвхөн сонирхогч гэдгээ дурдъсу. 

“Монгол шонхор” хэмээж буйд минь хүмүүс, ялангуяа шувуу судлаачид, ажиглагчид, шувууны зурагчид гайхаж таарна. Манай оронд олон янзын шонхор, түүний дотор Амарын шонхор айлчлан ирж хаваржиж зусдаг. 


“Монгол шонхор”

Энэ шонхор намрын сэрүүтэй зэрэгцэн үр удмаа дагуулан Африк тив рүү нүүж оддог ч гэсэн дараа хавар нь Монгол нутагтаа эргэж ирдэг. Тийм учраас “монгол” шонхор гэж өмчлөн дотносож буй ухаантай юм л даа. 

Чамин гоё зүстэй энэ жигүүртэнтэй Галбын говийн зүүн хормойн хайлааст сайр, хотгорууд, Хурхын хөндийн хялганат ар, өвөрт тааралдаж зургийг нь буулгах гэж майжигнаж явсан удаатай. 

Амарын шонхор бол махчин, нүүдэлчин гэдгийг хүн бүр андахгүй. Тэд цаг агаар, идэш хоолны олдоц, үржиж торних орон зай, тохиромжтой газар орныг товлон сонгож тив дамжиж нүүдэлдэг аж. 

Хустайн нурууны нэгэн эм амарын шонхорын нүүдэлтэй холбогдох судалгааг цухас сөхье. Хустай болбоос энэ шонхорын үржлийн нутаг нь, өөрөөр хэлбэл, тэнд өндөглөн амаржиж, үрсээ өсгөн торниулдаг байна.

Б.Нямбаяр тэргүүтэй судлаачид 2009 оны VII сарын 21-нд тэр шонхорт тусгай дохио дамжуулагч зүүсэн байна. Тэр нь нарны цэнэгтэй бөгөөд сансарын хиймэл дагуулд мэдээлэл дамжуулдаг төхөөрөмж юм. 

Миний бие уг шонхорыг “Нямбаярын Амар” гэж нэрлэв. ШУ-ны доктор Б. Нямбаяр бол амьтан, шувууны судалгаа, тэднийг хамгаалах үйлсэд бие, сэтгэлээ зориулан зүтгэж буй дотоод, гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн тулхтай эрдэмтэн гэдгийг энэ ялдамд дурдъя.

“Нямбаярын Амар”

Уг шувууны нүүдлийг 2009 оны VII сарын 21-нээс XI сарын 28 хүртэл сансарын хиймэл дагуулын дохиог ашиглаж ажигласан байна. Үр дүнд нь гаргасан газрын зургийг энд толилуулав. 

Сурвалж: Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв

“Н. Амар” дээрх төхөөрөмж зүүлгэснээсээ хойш нэг сар орчмын дараа Хустайгаас Булганы нутаг руу шилжиж 20 хоноод, тэндээс Дундговийн зүүн өмнөд рүү очжээ. Дундговиос IХ сарын 22-нд “мордож” Хятадын Өвөр Монгол, Хөнань, Вьетнамын Ханой, Мьянмарын Мандалай орчмыг дайрч улмаар Энэтхэгийн хилийг Манипур мужийн тэнгэрээр нэвтэрсэн байна. Тэгээд Бенгалийн булангийн баруун өмнөд рүү хөдөлж Энэтхэгийн зүүн эргийг эмжиж ниссээр XI сарын 26-нд Андра Прадеш мужийн нутаг руу оржээ. Тэгээд 63 цагийн дараа Арабын тэнгистэй залгаа Гоа мужийн эрэг дагуу урагшилсан байв. Тэрхүү эргээс Энэтхэгийн далай руу хөөрсөн уг шонхор XI сарын 28 гэхэд далай дээгүүр 1180 км зам туулсан нь бүртгэгдээд сураг тасарчээ. 

“Н. Амар”-ын хувь заяа цаашид хэрхснийг тодорхойлох аргагүй. Нөгөө төхөөрөмж нь эвдэрсэн, эсвэл унаж гээгдсэн байх магадлалтай, үгүй бол далай дээгүүр тасралтгүй нисч явахдаа эндсэн ч байж болох. Юутай ч Хустайн нуруунаас нүүж Энэтхэгийн далайн тэнгэрт бүртгэгдсэн тэр өдөр хүртэл нийт 8145 км замыг 78 өдөрт туулсан байна. Дээр дурдсан газар орон бүрт саатаж, тухалж, хүч чадал сэлбэх зуураа түмэн эрсдэл, мянган сорилттой учирсан нь эргэлзээгүй. Гэхдээ Монголоос анх хамт хөөрсөн сүрэгтэйгээ л далайн чанадад нүүж явсан хэрэг.

Дээрх судалгааны дүгнэлтэд “… нүүдлийн замыг нь харвал уг жигүүртэн маань Энэтхэгийн эргээс Сомалийн эрэг руу чиглэжээ. Нүүдлийн энэ хэсэг нь далай дээгүүр 2590 гаруй километр. Андра Прадешээс гарч далай дээр сураг тасрах хүртлээ даруй 60 цаг нисч, 1780км зам туулжээ. Хэрэвзээ энэ чигээрээ ниссэн бол уг далайг 87 цагт туулах байж. Энэ замд нэг төрлийн соно барьж иддэг. Уг соно нь түм бумаараа сүрэглэж Энэтхэгээс Зүүн Африк орох гэж нүүдлэдэг…” гэжээ. Сомали орон бол шонхор ч, соно ч зорьж очиж өвөлждөг нутаг санж. Гайхаж эс барах байгалийн зохицол энэ буюу. 

Харин “Н.Амар”-ын сураг тийнхүү тасарсан боловч төрөлх сүрэг, үр садтайгаа Сомалид өвөлжиж, дараа жилийн хавар нь Хустайдаа эргэн ирж зуссан байж таарна гэх өөдрөг бодол намайг эзэмдэнэ.

Амарын шонхор, ер нь нүүдлийн шувуудын тухайд шинжлэх ухаанд тайлагдаагүй нууц олон байдаг гэнэ. Байгалийн гэнэтийн гамшиг тэдний нүүдлийг саатуулдаг гэх ойлголт оршиж ирсэн боловч сүүлийн үеийн судалгааны дүнд шувууд байгаль, цаг уурын хүнд хэцүү нөхцлийг давж, эсвэл тойрч нүүдэг чадвартайг нотолжээ. Гамшигийн нөхцөлд Амарын шонхорууд ердийн тогтсон, дассан “нүүдлийн зам”-аа өөрчлөх, шинэ зам, шинэ газар орноор дамжиж нисэх сонголт хэрхэн хийдэг нь эрдэмтдийг гайхшируулж иржээ. Шувууд бол нар ба оддын хөдөлгөөн, дэлхийн соронзон орны долгионыг мэдрэх, хэт нам долгионы анир чимээг сонсох чадвартай, тэр нь зүг чиг баримжаалахад дэмтэй байж мэднэ гэж судлаачид ярьж, бичиж байна. Энэ таамаглал эдүгээ бараг батлагдаж буй гэж дуулдана.

Шандастай жигүүртэн

Ямар байсан ч Оросын Сибирээс Африкийн Конго, Сомали, Судан, Кени орж өвөлждөг Амарын шонхор ч,хойд мөсөн далайгаас Антрактид хүртэл нүүдэг Умардын хараалай ч байгаль, цаг уурын гэнэтийн гамшигт эс саадаг нь хөдөлшгүй баримт юм.

Амарын шонхорын нүүдлийн замд хамгийн уршигтай гамшигийг хүмүүн учруулдаг. 

Энэхүү жигүүртэн алс нүүдлийн замдаа Энэтхэгийн Аруначал Прадеш, Нагаланд мужийн нутагт зориуд саатах зуураа Арабын тэнгис дээгүүр тасралтгүй нисэх бэлтгэлээ базаадаг нь тогтоогджээ. Учир нь тэндэхийн далавчит термит гэх шавьжны үржлийн оргил үе нь жил бүрийн X-XI сард тохиодогтой холбоотой аж. Энэ үеэр бараг нэг сая Амарын шонхор тэнд хуран чуулж, идэж ууж, “тарга тэвээрэг” авдаг байна. Тэдний хувьд уг шавьж хамгийн амттай, хамгийн тэжээлтэй бялуу нь юм санж. 

Гэтэл тэндэхийн Панти хэмээх тосгоныхон олон зуун мянган Амарын шонхорыг хоморголон агнаж сүйтгэсэн эмгэнэлт түүхтэй. Харин Олон улсын байгууллагуудын зүгээс зориуд арга хэмжээ авч уг жигүүртнийг мөхлөөс аварч чаджээ. Эдүгээ Нагаланд нь дэлхийн “Амарын шонхорын нийслэл” хэмээн мандсан учраас аялал жуулчлал, шувуу судлаачид, ажиглагчдын хөлд даруулдаг болж. Дотоод, гадаадын жуулчдын мөнгийг саах арга олсон нь тэр. Тэд бээр Амарын шонхорын тоо толгойг өсгөх, хамгаалахад их хөрөнгө мөнгө зарж сүйд болоогүй, зүгээр л хөөж туухгүй, айлгаж цочроохгүй,алж талахгүйөнгөрөөдөг болжээ. Тийнхүү тогтмол орлогын суваг нээгдсэн нь уугуул иргэдийг шонхорын ангаас салгажээ. Манай “Монгол амар”-ууд ч тэндээс өвөлжөө рүүгээ эсэн мэнд нисэх сайн цагтай золгосон ажгуу.

Хээнцэр

Эгэл зөөлөн араншинтай мөртлөө Амарын шонхор гарамгай ангууч махчин. Аз нь таарвал хулгана, огтоно, хэрэм, зурам, сохор номин, заримдаа янз янзын гүрвэл ч авладаг. Ер нь дэвхрэг, хэдгэнэ, царцаа, эрвээхэй, соно, зөгий зэргийг голчлон иддэг. 

Гэтэл энэ шонхор өөрөө хотны бүгээхэй, эгэл шар шувууны зууш болдог нь хоржоонтой хувь тавилан. Бүргэд, харцага мэт дайсан түүнд мундахгүй, хүмүүний шунал бүр ч хорлонтой. 

Энэтхэгт тэднийг хайр найргүй нядалж, идэж байсан түүх хаана ч бүү давтагдаасай. 

Амарын шонхор бол хээнцэр, эрэлхэг бөгөөд эрчтэй жигүүртэн. Нас бие гүйцсэн эр нь бусад шонхороос гойд чамин зүстэй. Түүний нуруу, далавчны ар нь дурдан хөх цэнхэр мөртлөө хүзүү, цээж, хэвлий нь мяндсан цайвар хөх, борви нь ягаавтар улаан агаад хөл нь тод улбар шар туяатай. Нүдний гархи, хошууны зэтэр нь гайхалтай улбар шар. Эдгээр өнгө тодрох тусам уг шонхор эрийн цээнд хүрсний шинжийг илтгэнэ. Харин эм шонхорынх нь нуруу бүгээвтэр хөх, цээж болоод хэвлий нь цайвар бөгөөд бүрэг бараан толбон чимэгтэй. Аль, алиных нь төгс зүс, төгөлдөр төрх нь хүмүүний хайрыг өөрийн эрхгүй татна. Нүдэнд минь хоногшсон ийм нандин төрхийн гайхамшигт үргэлж биширдэг. 

Нандин төрх

Амьдрах, идээшлэх орон зай, үүр болоод үрсээ хамгаалах “тулаан”-нд айж хулчийхийг үл мэддэг зоригтон. Өөрөөс нь хавьгүй том биетэй, урт хошуу, бүдүүн далавчтай, бас чамгүй хүчирхэг хөх дэглийгээс үүрээ хамгаалж нанчилддаг гэхлээр “овоо гар” байгаа биз. 

Монгол хэмжүүрээр үзэхүл хоёрхон сөөм цогцостой энэ шувуу далай дээгүүр бараг 3000км зогсолтгүй нисэх тэнхээтэй нь гайхамшиг. Уг нислэгийг холын зайн марафон гүйлттэй зүйрлэвэл мэрэгжлийн тамирчнаас хичнээн их хүч тамир шаардагдахыг төсөөлөх гэж нэг оролдов, мань мэтийн ухаанд эс багтах. 

Монголын хамгийн баруун цэг Их Алтайн нурууны Мааньт уулаас хамгийн зүүн захын цэг Дорнодын Соёлз уулын Модот хамар хүртэлх 2392км агаарын замыг Амарын шонхор шууд туулах нь энүүхэнд аж. Тэд ер нь уул нуруу, хээр тал, элсэн цөл, далай, тэнгисийн агаар, салхины урсгалыг тааруулж нисдэг гэж эрдэмтэд бичжээ. Тийм учраас X-XI сард өвөлжөө, III-IV сард зуслан руугаа нүүдэг гэх. Салхины тус дэм байдаг ч гэсэн энэ жигүүртны үл цуцах шандасны нууцыг мэргэд тайлах гэж зүтгэсээр л буй бизээ.

Сомалид өвөлжсөн Амарын шонхорууд эргэж зүүн хойд Хятад, Монгол, Сибирь дэх үржлийн нутаг руугаа хавар нүүхдээ "...Арабын хойгийг хэрж Афганистаны хойд нутгийг өвч туулдаг гэсэн" таамаглалыг шувууны нэрт судлаач Ж.Р. Риплей дэвшүүлжээ. Ихэнх нь ингэдэг байх. 

Харин Нагаландын Пантид дохионы төхөөрөмж зүүлгэсэн “Нага” гэдэг нэртэй Амарын шонхор ХI сард Арабын тэнгисийн дээгүүрх 3000км замыг 77 цагт туулж Сомалид буужээ, өвөлжөөндөө. “Нага” буцах нүүдлээ III сарын 21-нд Ботсванаас эхэлж, замдаа Сомалиар дайрч Арабын хойг, Мъянмараар бэдэрснийхээ дараа Вьетнам, Өмнөд Хятадыг барж V сарын 7-нд Бээжингээс хойш 500км газарт буусан байна. Энэ болмөнөөх “Монгол шонхор”-уудын нэг нь байсан байхаа. Түүний дараачийн буудал нь манай Галбын говийн зүүн хормой гэж таамаглахад бараг дөхөж мэднэ.

Манайхан бол аль ч шонхорт, тэр тусмаа Амарын шонхорт гар хүрдэггүй эртний сайхан уламжлалтай. Гэтэл Идлэг шонхор маань араб наймаачид, төр болоод хүмүүний шуналын хайчинд өртсөөр буйг дашрамд тэмдэглэхгүй өнгөрөөж эс чадав. 

Энэ байдал цаашид эс илааширвал тэд “гомдсондоо” төрөлх Монголоо үүрд орхиж ч мэднэ. Уг нь нутагтаа өвөлждөг уугуул, жинхэнэ эх оронч жигүүртэн. 

Төрийн зүгээс “Монгол орны бахархалт шувуу” гэдэг эрхэм нэрийг сүр дуулиантай хайрласан боловч эдүгээ бүр мартсан. Улсын төсвийн тогоог идлэг шонхороо гадаадад худалдахаас өөрөөр дүүргэх боломж олдохгүй байна гэж үү? 

Дээр дурдсан Нагаландын гашуун сургамжийг заавал давтахгүйгээр дэлхийн шонхорууд, тэр тусмаа “Идлэг, Амарын, Начин, Шууман, Зээрд, Хайргууна, Эгэл, Шилийн, Цагаан, Турамтай шонхор”-ын орон болох бодит боломж манайд бий. Төр, засгийн мэргэн бодлого, хууль эрхзүйн зөв орчин, удирдлага, зохион байгуулалт, сэтгэл, хандлага, үйл ажиллагаа л шаардагдана. 

Тэрбум, их наядаар ярих мөнгө үрж, тоймгүй хүч хөдөлмөр зарж тэжээх, өсгөх тухай бодох хэрэггүй. Шонхорууд өөрсдөө Африкаас нүүж ирээд, хаваржиж, үржиж, зусаад буцна. 

Тэд хэнээс ч хоол унд, өвс тэжээл нэхэхгүй. Харин ч тэд бол царцаа, голио мэт шавьж, үлийн цагаан зэрэг мэрэгчдээс бэлчээр, тариа ногооны талбайг цэвэрлэж тус хүргэнэ. 

Тэдэнд эх орны минь зарим газар нутаг дахь байгалийн энх амгалан орчин л хэрэгтэй. 

Амьд байгаль, түүний өвтэй зөв харьцвал тэр жам ёсоороо нөхөн сэргэж энх амгалан оршдог.

Чингэж чадвал манай хангай, говьд арван төрлийн шонхор үзэж аялах хүсэлтэй жуулчид, судлаачид далайн чанадаас цуварч нөгөө “нэг сая жуулчин” авах олон жилийн мөрөөдөлд тус нэмэр болж мэдэх буйзаа. Энэ нь алт мөнгөн, ган хүрэл, гантиг чулуун хөшөө, дурсгалын цайз, суварга тэргүүтнийг сүндэрүүлэхээс ч хямд тусна гэж молхи би муйхарлана.

Монголын минь тэнгэр, уул, тал, нуур, гол мөрний лус савдагууд ч баясаж ивээн тэтгэнэ. 

…Алсад хулангийн унага яруухан янцгаахуй дор хайлааст төглийн шугуйд Амарын шонхорын сүрэг цэнгэлтэй наадаж харагдана. Нүүдлийн замд зэхэж, үрсээ зоригжуулж буй нь энэ. Тэдэнд ковид, утаа, түгжрэл, хорсол, атаа жөтөө огт падгүй. Юутай энх амгалан, юутай жаргалтай оршихуй…

 

Г. БАТСҮХ
2021.10.11

“Эс хайрлахын аргагүй ертөнц” цувралаас


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)