Коронавирусийн эсрэг нэмэлт тунг харьяалал харгалзахгүй хийнэ

Улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины хоёр тундаа бүрэн хамрагдсан 2.1 сая иргэн байгаагаас 16 хувь нь гуравдугаар тунд хамрагджээ. Харин нийслэлийн хэмжээнд нэг, хоёрдугаар тунд хамрагдсанаас хойш гурван сар болсон нэг сая гаруй иргэн байгаа аж. Үүний 17 хувь буюу 184 753 иргэн гуравдугаар тунд хамрагдаад байна. Дархлаа сэргээх нэмэлт тунгийн ач холбогдол, хариу урвалын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл өглөө. 

Тэрээр "Нэмэлт дархлаажуулалтад хамрагдсанаар “Ковид 19” халдварт өртөх, халдвар авах эрсдэл буурна гэдгийг тодотгоё. Бүрэн тун буюу хоёр дахь тундаа хамрагдсанаас хойш тодорхой хугацааны дараа вирусийн эсрэг тэмцэх дархлааны түвшин буурч байдаг. Дархлааны түвшин буурч байх үед нь нэмэлт вакциныг хийснээр дархлаа сэргэн, вирусээс хамгаалах түвшинд хүрдэг. Хүн амын дунд халдвар бүртгэгдсэн цаг үетэй давхцан вакцинжуулалтыг зохион байгуулж байгаа. Тиймээс иргэн халдвар авсан байх үедээ вакцин хийлгэсэн байх магадлалтай байдаг. Хүн амын дунд халдвар бүртгэгдсэн, дэгдчихсэн байгаа тул хаанаас ч, хэзээ ч халдвар авах боломжтой гэсэн үг. Гуравдугаар тунгийн дархлаажуулалт нь дельта хувилбарын тархалт хүн амын дунд бүртгэгдэж эхэлсэн цаг үетэй давхцаж эхэлсэн. Тиймээс олон нийтийг дельта хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс нэмэлт тунгийн дархлаажуулалтыг өрсөж хийж байна. Мөн хоёр тундаа бүрэн хамрагдаад халдвар авсан хүмүүс тодорхой хугацаанд нэмэлт тунгийн вакциныг хийлгэх шаардлагагүй. Вакцин хийлгэсэн болоод халдвараар өвчилсөн иргэдэд дархлааны түвшин тодорхой хугацаанд өндөр байдаг гэх судалгаа гарсан. Тиймээс халдвараар өвчилсөн иргэд хэсэг хугацаанд нэмэлт тунг хийлгэхгүй байж болно. Харин вакцин хийлгэсний дараа халуурах, бие янгинаж өвдөх урвалууд илэрсэн тохиолдолд тухайн хүн өөртөө шинж тэмдгийн эмчилгээ хийж болно. Хэрвээ хоёр дахь тунд хамрагдаад гурван сар болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн бол нэмэлт тунд хамрагдах хэрэгтэй. Ингэснээр өөрийгөө халдвараас сэргийлэх, өмнөх хоёр тунгийн нөлөөгөөр тогтсон дархлааг сэргээх, халдварт өртсөн тохиолдолд хүндрэлээс сэргийлэх болно. Хариу урвал нь 2-3 хоногт илрээд арилдаг" гэлээ.

Нийслэлийн хэмжээнд 60 гаруй дархлаажуулалтын цэгийг нэмэлтээр байгуулж, гуравдугаар тунг харьяалал харгалзахгүй хийж байгаа юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)