Хувь гишүүний нэр хүнд УИХ-ын нэр хүндээс илүү юу

Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл олон нийтийн дургүйцлийг төрүүлсний дараа хамтран санаачилсан дөрвөн гишүүний хоёр нь санаачилсан хуулиасаа татгалзсан билээ. Нэр хүнд нь сэвтэх магадлал үүссэн цагт санаачилсан хуулиасаа татгалзсан П.Анужин, Д.Өнөрболор хоёр гишүүн харин хувь гишүүний нэр хүндээ аврах гээд парламентын нэр хүндийг гишгэлж орхисноо мэдсэнгүй. “Нэг үхрийн эвэр доргивол  мянган үхрийн ээвэр доргино” гэж үг бий. Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болоод 30 жил болоход энэ удаагийнх шиг чадамжгүй  байсангүй.

С.Баярцогт Сангийн сайд байхдаа С.Ганбаатар гишүүнтэй Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар мэтгэлцэж, “20 000 хувьсагчтай тэгшитгэл” гэж ярьсны дараа Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “20 000 хувьсагчтай загвар гэж дэлхий дээр байхгүй. Бид яах вэ, эндээ өөрсдийгөө хуураад өнгөрч болно. Гол нь Монгол Улсын Сангийн сайдаар нь юу ч буруулж болдог юм байна гэсэн ойлголтыг дэлхий авчихлаа” хэмээн халаглаж байсан. Үнэндээ ч дэлхий нийт элэглэн шоолж байсан нь магадтай. Тэгвэл Хөрөнгө оруулалтын тухай хууль, түүнийг хэлэлцэхтэй холбоотойгоор гаргасан хоёр гишүүний үйлдэл Монголын хууль тогтоох дээд байгууллагын нэр хүндийг дэлхийд “шавартай хутгачихлаа”. Үнэнийг хэлэхэд, Монголын парламент, түүний чадамжийн талаарх ойлголт Д.Өнөрболор, П.Анужин хоёр гишүүнийг эргүүлэн татсан ч сэргэхээргүй сэвтлээ.

“Монголын парламентын гишүүнээр юу ч хийлгэж болох юм байна” гэсэн ойлголтыг гаднынхан нэгэнт авчихлаа. Хуулийн төсөлд буй “Байнга оршин суух зөвшөөрөл олгохтой холбоотой заалт” боловсруулах явцад огт байгаагүй, сүүлд Х.Ганхуяг гишүүн дураараа өөрчилж нэмсэн гэх агуулгыг хоёр эмэгтэй гишүүн ярьсан. Хоёр гишүүн боловсруулалцаж буй хуулийн төслөө уншилгүй гарын үсэг зурсан, Х.Ганхуяг гишүүн нэг юм уншуулж гарын үсэг зуруулаад нөгөө төслийг өргөн барьсан аль нь ч байсан өнөөдрийн хууль тогтоох байгууллага ёс зүйгүй, чадамжгүй болсныг л гэрчилнэ. Гишүүд нь хувь хүний нэр хүндийг байгууллагын, цаашлаад улс орны нэр хүндээс илүүд үзэж байна. П.Анужин, Д.Өнөрболор хоёр гишүүний эргэж буцсан үйлдэл, хийсэн мэдэгдлээс харахад тэр хоёр боловсруулж буй хуулийн төслөө ямар ч холбогдолтой вэ гэдгийг ойлгоогүй, ойлгосон ч нэр хүндэд нь нөлөөлөөд ирэхийн цагт Х.Ганхуяг гишүүнийг гүтгэсэн, хууль сурталчлах, хууль санаачилсны мөнгө гаргуулж авахын тулд хуулиа уншилгүй гарын үсэг зурсан гэсэн гурван хувилбараас хаашаа ч зайлахгүй дээ.

Монголчууд бид одоо парламентад ямар хүнийг сонгох ёстой юм бэ гэдгийг нухацтай бодох цаг ирсэн байна. Сонгогчид өнөөдөр эрх ашгийн зөрчилтэй хүмүүсийн нэгдэл болсон нам гэдэг бүтцээс санал болгосон хүнийг сонгохоос өөр аргагүй байдалд байгаа. Тэгэхээр нам гэдэг энэ бүтэц чухам юу юм бэ, нам хатуу гишүүнчлэлтэй байх нь зөв үү гэдэг асуудлыг ч эргэж харах ёстой болж байна. Нам бол нийгэмдээ нэр хүндтэй, хийсэн ажилтай, хэлэх үгтэй өөрийгөө батлан харуулсан хүмүүсийг олж, улс төрд зуучилдаг бүтэц болохоос даргын хүү, анхан шатны байгууллагаас ажилласан юм хөөрхий, том даргад тоогдоод ороод ирсэн юм, намд санхүүжилт өгсөн юм гэсэн шалгуураар УИХ-д нэр дэвших эрх эрх өгөх ёсгүй. Ямартай ч Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тойрсон асуудлуудаас монголчууд их олон юм ойлгож авлаа. Харамсалтай нь, тэр ойлгосон зүйл нь хүлээж авахын аргагүй харамсмаар, гашуун байлаа даа.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Sanal neg bn aa

    0 0 Хариу бичих
  2. Гашуун байна

    0 0 Хариу бичих
  3. ийм муухай эехнологи байдаг гэдгийг ойлголоо. ёстой л гашуун байлаа даа !

    0 0 Хариу бичих
  4. Мега төсөл гэж ярих дуртай М.Энхсайхан Таван толгойн төслийг хятадуудад 100 жилээр үнэгүй эзэмшүүлэх гэрээг бүр 4н хувилбараар хийгээд, хэлэцүүлэгт нэг хувилбарыг үзүүлчээд, батлуулахдаа огт өөр маш муу гэрээ батлуулах гэж бсн шүү дээ. Тэгээд асуудал босонгуут, өө наад гэрээ чинь биш, жинхэнэ гэрээ нь энэ бн бас өөр гэрээ гаргаад ирдэг. Ингэж л хийдэг технологитой наадуул чинь.

    1 0 Хариу бичих