УОК: Оюутнуудын хөл хөдөлгөөнийг багасгах арга хэмжээ авна

НОК, УОК нэгдээд, шуурхайн штаб байгуулжээ. Тус штабыг генерал Б.Ууганбаяр удирдаж ажиллах аж. 

Өчигдөр орой УОК-ын Шуурхай Штабын хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргажээ. Энэ үеэр оюутнуудын хөл хөдөлгөөн нэмэгдэж буйтай холбоотой мэдээлэл их ирж буй учир холбогдох арга хэмжээ авах тухай хэлэлцсэн байна. 

Энэ талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж "21 сургуулийн оюутны байр бий. Өнөөдрийн байдлаар 209 оюутан коронавирусийн халдвараар өвдсөн. Үүний 91 нь дотуур байрандаа, 25 нь гадуур оршин сууж буй хаягаар гэрийн хяналтад, 13 оюутан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин 135 нь эдгэрсэн" мэдээллийг өглөө.

БШУЯ-наас оюутнуудын судалгааг хийж байгаа бөгөөд хөл хөдөлгөөнийг багасгахтай холбоотой шийдвэрүүд шат дараатай гарна гэдгийг Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч онцоллоо. 

Түүнчлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоох асуудал яригдаагүй байгааг холбогдох албанаас мэдээлсэн юм. 

Мөн бага насны хүүхэдтэй ээжүүдийг цахимаар ажиллах боломжийг хангах нь зүйтэй гэж үзсэн талаар УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр мэдээллээ. Тэрээр "Шадар сайдтай өчигдөр цаг үеийн асуудлаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн хуралдсан. Шадар сайдын зүгээс нөхцөл байдалтай холбогдуулан төрийн байгууллагад ажилладаг бага насны хүүхэдтэй болон өндөр настай хүнийг гэртээ сувилдаг ажилтан, байгууллага доторх халдварын нөхцөл байдал, тандалт судалгаатай холбогдуулан дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар чиглэлүүдийг хүргүүлэх нь зүйтэй гэж тогтсон" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)