10, 20 жилийн дайн

XX зуун хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн цуст зуун байлаа. Дэлхийн I, II дайн, Солонгосын дайн, Вьетнамын дайн, Иран- Иракийн дайн, Афганистаны дайн гээд тоочвол дэлхийг хамарсан болон бүс нутгийн маш олон дайн, зэвсэгт мөргөлдөөнд олон арван сая хүн амь эрсэджээ.

Зөвлөлт Холбоот Улс Дэлхийн II дайны ялагч тал боловч хамгийн их хохирол амссан буюу 27 сая хүнээ алдсан. Гэхдээ жил бүрийн тавдугаар сарын 9-нд Москва хотын Улаан талбайд болдог Аугаа эх орны дайн ялалтад зориулсан цэргийн сүрт ёслолын жагсаалыг үгүйсгэх аргагүй. Ийм их хөлс, цусаар улс үндэстэн, нутаг дэвсгэрээ хамгаалж үлдээсэн шүү гэдгийг хойч үедээ сануулах, үндэсний бахархлыг сэргээх ач холбогдолтой. Дайнд гар бие оролцож, амьд гэрч болсон ахмад дайчдын тоо жилээс жилд цөөрч буй учраас оросууд дайны тухай кино, баримтат нэвтрүүлэг, дуу бүтээхэд харамгүй мөнгө зарах ажээ. Хойч үедээ сануулж байхгүй бол эх орны дайны ойд зориулсан зурагт хуудсанд Германы танкийг дүрсэлсэн тухай Оросын вебсайтад бичиж байв. Гэхдээ дайн бол асар их зардал, өртөг, сүйтгэл дагуулдаг. Хэн нь ялсан бэ гэж тодорхойлох ч төвөгтэй. XXI зуунд Сирийн иргэний дайныг бид үзлээ. Афганистан дахь холбоотнуудын дайныг нүдээр харлаа. Сирид 10 жил, Афганистанд 20 жил үргэлжилсэн дайн чухам ямар үр дүнд хүрэв ээ?

Сири

Саяхан НҮБ Сирийн иргэний дайнд амь эрсэдсэн хүмүүсийн тоог шинэчлэн тогтоожээ. 2011 оны гуравдугаар сараас 2021 оны гуравдугаар сар хүртэл 10 жилийн хугацаанд энгийн иргэд, цэргүүд, зэвсэгт босогчдыг оролцуулаад 350209 хүн алагджээ. Их Британид төвлөрдөг Сирийн сөрөг хүчний байгууллагын тооцоолсноор бараг 606 мянган хүн амь эрсэдсэн байх магадлалтай гэнэ. Дайн, мөргөлдөөнтэй газар хүн амын тооллого явуулах нь төвөгтэй, эрсдэлтэй учраас НҮБ 2014 оноос хойш тоо баримтаа шинэчлээгүй байжээ. Исламын улс бүлэглэл 2014-2017 онд Ирак, Сирийн нутаг дэвсгэрт аллага хядлага үйлдэж, гамгүй түйвээсэн нь гадаадын иргэд, сэтгүүлчдийн хувьд тун эрсдэлтэй газар байв. Сирийн хүн амын бараг тэн хагас нь буюу бараг 13.5 сая хүн орон гэрээсээ дүрвэсэн. Үүнээс 6.7 сая нь дэлхийн 128 улсад цагаачлан амьдарч байгаа бол Сирийн дүрвэгсдийн бараг 80 хувь нь хөрш зэргэлдээ улс орнууд руу гарчээ. Турк улс бараг 3 сая гаруй сири хүнийг орон байр, хоол хүнс, эм тариа, хүүхдүүдэд нь боловсрол олгож байна. Европын Холбоо Сирийн дүрвэгсдийн урсгалыг тогтоон барьж хүчрэхгүйд хүрсэн учраас Турк улстай тохиролцсон.

10 жил үргэлжилсэн дайны үр дүн юу байв? 2011 оны хавар Ойрхи Дорнод, Хойд Африкийн улс орнуудад өрнөсөн Арабын хавар, Арабын хувьсгал гэгчийн үр дүнд Египет, Ливи, Тунист он удаан жил засгийн эрх барьсан дарангуй дэглэмийг түлхэн унагасан. Египет улсад Хосни Мубаракийн дэглэмийг түлхэн унагаад ардчилсан сонгууль явуулсан хэдий ч Исламын Ахан дүүс хэмээх бүлэглэл засгийн эрхэнд гарчихав. Жил гаруйн дараа Генерал Абдель Фаттах аль- Сиси тэргүүтэй цэргийнхэн төрийн эргэлт зохион байгуулсан даа. Ливид Муаммар Кадафийг хороосноос хойш эдүгээ нутаг дэвсгэр нь хоорондоо сөргөлдөгч зэвсэгт бүлэглэлүүдийн хяналтад оржээ. Хяналтгүй болсон Ливийн эргээс Газар дундын тэнгисээр дамжин Европ тивд хүрэх гэсэн цагаач, дүрвэгсдийн урсгал татарсангүй. Сирийн иргэний дайн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэмийг түлхэн унагах зорилготой байв. Ардчилсан өөрчлөлт гэгчийг НАТО дэмжиж, анхны бөмбөгдөлтийг Франц, Их Британийн нисэх хүчин гүйцэтгэв. Ливид ардчилал, эрх чөлөө хэрэгтэй гэж сурталдаж байв. Харамсалтай нь Башар аль-Ассадын арми дийлдсэнгүй. Дөрвөн жил гаруй зууралдан байлдсаны эцэст 2015 оны намар оросууд нисэх хүчний ажиллагаа явуулж эхэлснээр дайны хувь заяа үндсэндээ Ассадын тал руу эргэсэн.

Оросын агаарын дэмжлэгтэй Сирийн хууль ёсны арми эдүгээ ганцхан мужаас бусад бүх нутаг дэвсгэрээ чөлөөлжээ. 10 жилийн өмнө Башар аль-Ассадыг зайлуулах зорилгоор эхэлсэн дайн түүний ялалтаар өндөрлөв. АНУ, Барууныхан Орос, Туркийн нөлөөг хүлээн зөвшөөрөөд тэндээс аажмаар гарчихлаа.

Афганистан

2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-ын нутаг дэвсгэрт аль-Каеда бүлэглэлийн амиа золиослогч нар иргэний агаарын тээврийн онгоц хөлөглөн халдлага үйлдсэний улмаас 3000 орчим хүн амь эрсэдсэн. Үүнээс хойш сарын дараа Жорж Бушийн Засгийн газар холбоотнуудтайгаа хамт Афганистанд цөмрөн орлоо. Дайны гол шалтгаан нь аль-Каеда бүлэглэлийн Осама бин Ладен тэргүүтэй террористуудыг орогнуулж, хүлээлгэж өгөхөөс татгалзсан Талибаны дэглэмийг түлхэн унагах байв. АНУ-ын нисэх хүчинд салам бөмбөгдүүлсэн Талибууд өндөр уул, агуй руугаа зугтаж, партизаны дайн эхэлсэн. Дайн эхэлснээс хойш 10 дахь жил дээр нь 2011 оны хавар Пакистанд орогнож байсан Осама бин Ладеныг устгав. Талибуудын толгойлогч нарыг ч ээлж дараагаар нь хороосон боловч дайн 20 жил үргэлжилсэн. Энэ дайнд АНУ 6000, Афганистан улс 100 мянган иргэнээ алджээ. Албан ёсны мэдээллээр бол АНУ-ын дөрвөн Ерөнхийлөгчийн засаг захиргаа энэ дайнд 985 тэрбум доллар зарцуулсан гэх боловч Браун Их сургуулийн тооцоолсноор бараг 2.3 их наяд доллар цацаад хаяжээ. Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Ганийг 160 сая гаруй доллар өвөртлөөд Арабын Нэгдсэн Эмират руу зугтсан гэж афганистанчууд шуугисан.

20 жил сургаж бэлтгэж, зэвсэг техникээр хангасан Афганистаны арми нь талибуудад ердөө сарын дотор ялагдав. Үнэндээ эсэргүүцэл үзүүлээгүй. Гутамшигт ялагдлын талаар Ерөнхийлөгч Жо Байден хэлэхдээ бид Афганистаны армийг бэлтгэсэн боловч тулалдах хүсэл зоригийг нь яаж ч өгч чадахгүй гэж бодит үнэнийг өчсөн дөө.

20 жилийн өмнө талибуудыг түлхэн унагасан америкууд 20 жилийн дараа энхийн гэрээ байгуулаад Афганистаныг орхин гарлаа. Паштун гаралтай талибууд Афганистан салшгүй хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрснөөс өөрцгүй.

Асар их хохирол, гай зовлон, шаналал дагуулсан Сири, Афганистаны дайн ийм үр дүр зурагтайгаар л өндөрлөж байна даа. Дайныг эхлүүлсэн зорилгодоо хүрсэн үү гэж асуувал хэн ч тодорхой хариулж чадахгүй юм. Харин үлэмж их сүйтгэлийг тоогоор л илэрхийлэх ажээ.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай [email protected] +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих