Э.Оюундэлгэр: Сэтгэл зүйн зөвлөгөө найз нөхөд, гэр бүлийн харилцаанаас өөр

Нийгмийн амьдралд бэлтгэгдэж, өөрийн мөрөөдөл зорилгоо тодорхойлоход сэтгэл зүйн эрүүл  мэнд хамгийн чухал билээ. Судалгаагаар оюутнуудад тулгараад байгаа асуудлын 47.8% нь харилцааны асуудал байдаг аж. Гэтэл харилцаагаа зөв зохицуулж чадахгүй бол сэтгэлийн хөдөлгөөн тогтвортой биш болох, танин мэдэхүй, суралцахуйн болон зан үйл, төрх байдлын асуудлуудыг дагуулдаг байна. Иймд МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхим оюутан суралцагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ нээжээ. Тэнхимийн багш, сэтгэл зүйч Э.Оюундэлгэртэй ярилцлаа.

Зөвлөгөө өгөх өрөө нээгээд хэр удаж байна? Чухам яагаад оюутны сэтгэл зүйн үйлчилгээ нээх болсон талаар сонирхвол.

Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх санаа нэг жилийн өмнөөс төрсөн. Тухайн үед цар тахал дэгдэж хичээл сургалт анх удаа цахим хэлбэрт шилжсэн юм.  Цахим хичээлийн хажуугаар оюутнуудаас судалгаа авж сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгцээ эсэх байгаа талаар судалсан. Гэтэл сэтгэл зүй нь их тогтворгүй, стресс үүссэн гэсэн дүгнэлт гарсан. Мөн хөл хорионы үед оюутнуудын хувьд суралцахаас гадна нийгэмших хэрэгцээ дутмаг байгаагаас шалтгаалан сэтгэл гутралд орох магадлал өндөр байлаа. Тийм учраас бид  цахимаар зөвлөгөө өгч олон оюутанд  сэтгэл зүйтэй нь холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд тусалсан. Энэ намраас хичээл сургалтын үйл ажиллагаа хосолсон хэлбэрт шилжсэнээр сургууль дээрээ сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөөг албан ёсоор нээлээ. Сэтгэл зүйчид очиж зөвлөгөө авахад дунджаар 50000 төгрөг байдаг. Оюутнуудад маань эдийн засгийн боломж хомс тул сургуулиас нь зөвлөгөө өгөх хэрэгтэй гэж бодсон. Надаас гадна МУИС-ийн сэтгэл судлалын тэнхимийн гурван багш оюутнууддаа зөвлөгөө өгч байна.

Оюутнуудын хувьд сэтгэл зүйн зөвлөгөө авах зайлшгүй шалтгаан юу байдаг вэ?

Ихэнх оюутнууд түгшүүр, айдас, сэтгэл гутралаас үүдсэн шалтгаанаар сэтгэл зүйн зөвлөгөө авдаг. Мэдээж ганцхан шалтгаанаас үүдэн сэтгэл гутралд орох боломжгүй. Олон төрлийн сэтгэл зүйн тест сорил хийж тухайн оюутны сэтгэл зүйн хүндрэлээс шалтгаалж ажилладаг. Жишээлбэл, хооллох дуршлын эмгэг зэрэг олон шалтгааныг тодорхойлж зөвлөгөөний явцад шинж тэмдгүүд хэр буурч байна гэдгийг үнэлгээний аргаар шалгаж явдаг. Ер нь оюутнуудын сэтгэл зүйн эрүүл мэндэд дараах асуудлууд тулгардаг гэж дүгнэсэн. Үүнд харилцааны асуудал, интернэтийн хэт хамаарал, дүрийн өөрчлөлт болон дасан зохицлын асуудал, суралцах ба амьдралын асуудал, сэтгэлийн хөдөлгөөний асуудал багтаж байна. Иймээс сэтгэл зүйн эрүүл мэндийн стандарт болон оюутнуудад тулгардаг сэтгэл зүйн асуудлуудын дагуу эрүүл мэндийн зөвлөх үйлчилгээг эхлүүлсэн юм.

Ер нь оюутнууд сэтгэл зүйн эрүүл мэнддээ хэр сайн анхаардаг вэ?

 Миний ярилцсан оюутнууд их нээлттэй байсан. Энэ нь нэг талаараа оюутнуудын сэтгэл зүйн асуудлын төсөөлөлтэй холбоотой. Нөгөө талаас оюутнууд нууцыг нь хадгалж чадах болов уу гэж их санаа зовдог. Тийм учраас сэтгэл зүйн зөвлөгөөг найз нөхөд, гэр бүлийн харилцаанаас өөр гэдгийг ойлгуулахын тулд гэрээ хийдэг. Сэтгэл зүйч болгон өөрийн гэсэн арга барилтай байдаг тул гэрээнд өөрийн арга барилаа дурдах жишээтэй. Гэрээний дагуу нууц алдагдана гэж санаа зовох шаардлага гарахгүй гэдгийг ойлгуулж өгсөн болохоор илүү нээлттэй харилцах боломж нээгдсэн. 

Эрэгтэй оюутнууд хэр их зөвлөгөө авдаг вэ? Нийгмийн амьдралд ч тэр эрчүүд илүү нээлттэй бус байгаа нь анзаарагддаг. 

Зөвлөгөө авч байгаа гурван оюутан тутмын нэг нь эрэгтэй хүүхэд байна. Эр хүн асуудлыг өөрөө шийдэх ёстой гэсэн хэвшмэл ойлголт бий. Тийм учраас эрэгтэй хүн өөрийн дотор байгаа зүйлээ илэрхийлэх нь илүү хаагдмал чанартай байдаг. Гэхдээ хүйс харгалзахгүйгээр сэтгэл зүйн эрүүл мэндээ анхаарч байх нь чухал гэдгийг нийгмээрээ ойлгох шаардлагатай. 

Залуу үед ирэх нийгмийн дарамт, шахалт төгс хүн байх ёстой гэсэн үзэл нь цаашлаад сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Мөн сошиал медиагаас үүдэж сэтгэл зүйн хямралд орох магадлал хэр их байдаг вэ?

Сэтгэл гутралд орох хамгийн том хүчин зүйл бол сошиал медиа гэж хэлж болно. Бусадтай өөрийгөө харьцуулах, өөртөө итгэлгүй болох, эргэлзэх зэрэг сэтгэл зүйн эмгэгийн наад захын шинж тэмдгүүд үүсэж эхэлдэг. Гэхдээ сошиал хэрэглээг хориглох гэхээсээ илүү хэрхэн зөв шүүлтүүртэй хандах вэ гэдэг тал дээр анхаарах хэрэгтэй. Нийгмээс бидэнд өгөх дарамт энгийн үгнээс эхэлдэг. Охидын хувьд "Яасан хөөрхөн юм бэ" гэх ганцхан үг л заавал хөөрхөн байх ёстой гэсэн санаа өгөх жишээтэй. Улмаар өөрийгөө үнэлэх үнэлэмж нь зөвхөн гадаад байдал гэсэн ойлголт авч, сэтгэл гутралд орж болно. Гэтэл гадаад үзэмжээс илүүтэй мэдлэг чадвар хувь хүний үнэт зүйл шүү дээ. Тиймээс бие махбодын эрүүл мэндээс гадна сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч байх нь зүйтэй.

Хөнгөн хэлбэрийн сэтгэл гутралтай бол өөрөө өөрийгөө эмчлэх арга зам байдаг уу?

Өөртөө туслах боломжтой. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд ойр дотны нэг найзтай байхад сэтгэл гутралтай болохоос 50 хувиар буурдаг гэсэн судалгаа байдаг. Өөрөө тэрийгээ даван туулахаасаа илүү хүрээлэл дунд чинь танд туслах хэн байна гэж харах нь илүү чухал. Мөн хөнгөн хэлбэрийн сэтгэл гутралтай байна гээд сэтгэл зүйчид хандах шаардлагагүй гэсэн үг биш. Хүмүүсийн нийтлэг алдаа нь миний асуудал сэтгэл зүйчид хандах шаардлагагүй гэж боддог. Тэр тусмаа эрт очиж ярилцаж байх нь чухал гэдгийг ойлгох хэрэгтэй.

Ер нь манайд сэтгэл судлалын салбар хэр их хөгжиж байна вэ?

Сэтгэл зүйч дээр очиж ярилцах сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах тал дээр манай улс өмнөх жилүүдээсээ илүү их ойлголттой болсон мэт санагддаг. Үүнд сэтгэл зүйн эрүүл мэндэд чиглэсэн олон төрлийн контент мэдээлэл их болсон нь ч нөлөөлсөн байх. Ер нь гагц залуу үе гэлтгүй хүн бүхэн сэтгэл зүйн эрүүл мэндийг чухалчлах шаардлагатай гэдгийг ойлгодог болжээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)