"Үндэстний ТОЙМ"-ын шинэ дугаараас онцлох ЕСӨН сэдэв

“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн 491 дэх дугаар уншигчдын гарт очлоо. Шинэ дугаараас онцлох есөн сэдвийг танилцуулъя.

НЭГ. Дэлхий яг дулаарч байгаа юу

Эх дэлхий бол нарны аймгаас хүн, амьтан амьдрах боломжтой цорын ганц гараг. Ирээдүйд сансрын уудамд амьд амьтан тэсч үлдэх боломжтой өөр гараг нээвэл юу юм гэхээс биш хүн төрөлхтөнд олдсон гайхамшигтай өгөгдөл, орон гэр бол дэлхий мөн. Дэлхий нь идэвхтэй галт уулс бүхий дулаан гараг бөгөөд ойролцоогоор 4.6 тэрбум жилийн өмнө үүсч бүрэлдсэн гэдэг. Амьд организм, цаашлаад хүн төрөлхтөн үүсч бүрэлдсэн гэж яривал энэ хугацааны өчүүхэн хэсэгт нь хамаарна.
Уур амьсгалын өөрчлөлтийг хэн ч үгүйсгэхгүй. Ухаандаа дэлхий бүрэлдсэнээс хойш уур амьсгал байнга өөрчлөгдсөөр иржээ. Дэлхийн уур амьсгал дулаарч, сэрүүсч, бүр Мөстлөгийн үеүүд тохиож байсан. Хүн төрөлхтөн уур амьсгал дулаарахад биш сэрүүссэн үед өлсгөлөн, тахлын улмаас үй олноороо үрэгдэж байсан гэдэг.

Г.Ганбаяр "Уур амьсгалын өөрчлөлтийн тухай өөр бодлууд" нийтлэлээс

ХОЁР. Хэрвээ УИХ-ын гишүүн худалдагдсан бол яах вэ?

Нэг нь улс орны үндэсний аюулгүй байдалд ч хохирол учруулж мэдэх хуулийг сиймхий хайн шургуулж, бусад нь түүнийг нь унших ч үгүй гарын үсгээ зураад гулгуулж байна гэдэг цаашид яавч байж болшгүй хэрэг.
Гэвч ёс зүйн ийм алдаа гаргасан Д.Өнөрболор, П.Анужин, Х.Ганхуяг нарт ямар ч хариуцлага тооцох боломжгүй. Чухамдаа, цаашид хэн ч ямар ч хуулийн төсөл санаачлаад, мигуй мэт гэтэж, Монгол төрийн бодлогод хумсаа шигтгэх боломжтой төдийгүй хамгийн хачирхалтай нь, тэр хулгай, гэмт санаа нь илчлэгдсэн ч хариуцлага хүлээхгүй гэсэн үг.

Тус хуулийг үндэсний аюулгүй байдалд заналхийлэхгүй, цаашдаа хор урхаг тарихгүй гэж хууль санаачлагчид нь мэтгэж байгаа харагдсан. Тиймд тэд мэдэхгүй, санамсаргүйдээ биш, мэдсээр байж тус хуулийн төслийг батлуулахаар зүтгүүлсэн болж таарч байна.

Д.Дамдинжав "Хууль худалдана" нийтлэлээс

ГУРАВ. Төсвийн цаана 

Жил жилийн улсын төсөв Монгол Улсын урт, дунд хугацааны бодлого, ажлын байр, үр өгөөжид бус тойрог “усалсан”, сонгуулийн амлалтаа биелүүлэхэд чиглэсэн төсөв болоод байгаа юм. Тэгэхдээ бас өмнө дурдсан
улстөрчийнхөө зангараг, нам дахь нөлөөгөөр ялгарч байна.Ирэх онд аймгуудаас хамгийн их хөрөнгө оруулалт татсан нь мөн л Хэнтий. 76.8 мянган хүн амтай. Ирэх онд 214 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тус
аймагт хийнэ. Хэнтий аймагт ирэх жил 90 төсөл хэрэгжүүлэхээс 30 орчим хувь нь шинэ, үлдсэн нь шилжих төслүүд байна. Шинэ төслүүдээс дийлэнх нь тэрбум төгрөг давсан хөрөнгө оруулалт байгаа юм. Хэнтий аймагт зөвхөн аялал жуулчлалын цогцолбор барихад 12 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвт тусгажээ. Гэвч цар тахлын нөхцөл байдал хэзээ намжиж, манай улсад жуулчин хэзээ ирэх нь тодорхойгүй байна.

Б.Болор-Эрдэнэ " Том даргатай аймаг их төсөв авдаг жишиг тогтов уу" нийтлэлээс

ДӨРӨВ. Төрийн албаны зөвлөл албан ёсоор "богтлогдох нь"  

Төрийн албаны зөвлөлийн ажлыг Засгийн газар албан бусаар хийж, хэнийг, хаана томилохыг шийдэж байна. Тэгвэл Ё.Баатарбилэг гишүүний санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг агуулга нь Төрийн албаны зөвлөлийг албан ёсоор Засгийн газрын харьяанд ажиллуулах юм. Мөн дэлхийн шилдэг их  дээд сургууль төгссөнөн иргэдийг шууд төрийн албанд авч ажиллуулах нь зүйтэй гэж үзжээ. Дарга нарын хүүхэд л дэлхийн шилдэг их сургуулиудад сурдаг гэсэн ойлголт олон нийтийн дунд бий. Үүнтэй холбоотойгоор дарга нар хүүхдүүдээ төрийн албанд ямар ч шалгуургүйгээр оруулж ажиллах нь гэсэн шүүмжлэл хуулийн төслийг хэлэлцэх үеэр гарах нь ойлгомжтой...

Төрийн албаны зөвлөлийн одоо ажиллаж байгаа байдал, ирээдүйд хуулийг нь өөрчлөх төлөвлөгөө зэргээс харвал энэ байгууллага аль хэдийнэ эрх баригчдын тоглоомын байгууллага болжээ.

С.Шийлэгтөмөр "Тоглоомын байгууллага буюу ТАЗ" нийтлэлээс

ТАВ. Хүчирхийллийн золиос

1000 төрөлт тутмын 30 гаруй хувийг 10-19 насны жирэмслэлт эзэлж байна. Хамгийн харамсалтай нь, тэдний 70 гаруй хувь нь өрх толгойлж, хүүхдээ ганцаараа өсгөдөг. Өөрөөр хэлбэл, хүүхдээ төрүүлж буй охидын дийлэнх нь хүсээгүй жирэмслэлт, хүчирхийллийн золиос болж буй юм.
Түүнчлэн өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн охид эрүүл мэнд, нийгэмд, эдийн засаг, сэтгэл зүйн олон бэрхшээлтэй тулгардаг. Гэтэл тэднийг нийгэмшүүлэх, бие, сэтгэл зүйн эрүүл мэндэд нь анхаарах нэгдсэн бодлого дутагдалтай байна. НҮБ-аас эмэгтэйчүүдийн ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах, жирэмсэн охидыг сургуульд нь үргэлжлүүлэн суралцуулах, залуу эхчүүдийг төрсний дараа буцаан нийгэмшүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх зөвлөмжийг манай улсад ирүүлсэн байдаг. Гэхдээ дээрх зөвлөмж дорвитой хэрэгжиж, тодорхой ажил бололгүй өнөөг хүрчээ.

О.Даваасүрэн "Хэзээ ч арилж, хэрхэвч бүдгэрэхгүй шарх" нийтлэлээс

ЗУРГАА. Шалгуургүй, хэтийдсэн халаа, сэлгээнээс болж хүүхдүүд хохирсоор...

Өнөөдөр хэрэгжиж буй боловсролын хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар тухайн нутаг дэвсгэрийнхээ сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг томилох эрхтэй. Үүнтэй холбоотойгоор улс төрийн сонгууль болгоны дараа ерөнхий боловсролын 672 сургууль, 948 цэцэрлэг буюу нийт 1620 төрийн өмчийн боловсролын байгууллагын удирдлага солигдох асуудал хөндөгддөг. Улмаар захирал, эрхлэгчийг солиход ард нь 70 мянга гаруй багш, ажилчдын эрх ашиг хөндөгдөж, халаа сэлгээ хийгдэж, ажлын байрны дарамт, тогтворгүй байдал бий болдог. Ингээд ажилтайгаа үлдэхийн тулд багш нар намчирхахаас өөр сонголтгүй болж улстөрждөг.

Г.Хонгорзул "Намын бялуу хуваалт боловсролын салбарыг сүйрүүлж байна" нийтлэлээс

ДОЛОО. Сошиалд таалагдах шийдвэр

Өдөр тутамдаа шүүмжлэгч, шүгэл үлээгч байхгүй бол ажил, амьдрал, орчин нөхцөл сайжрахгүй нь бололтой. Наад зах нь амьдардаг орон сууцны хотхонд чинь гэрэлтүүлгийн нэг чийдэн асахаа больсон байвал хариуцсан байгууллага нь засах нь уу гэж хэсэг хүлээгээд бүр болохгүй бол байрны цахим хуудаст нийтэлж, холбогдох хүмүүсээс засахыг шаардана. Үүн дээр олон оршин суугч сэтгэгдлээ илэрхийлнэ. Түүний дараа л засаж, янзлах тийш хандах болов уу.
Төр, төрийн байгууллага, аливаа аж ахуйн нэгж иргэдийн санаа бодлыг сонсож, үйл ажиллагаандаа тусгаж, өөрчлөлт, шинэчлэлт хийхийг буруутгасангүй. Харин өөх ч биш, булчирхай ч биш ажил хийчихээд түүнийгээ олон нийтээр заавал шүүмжлүүлж байж засаж, залруулахэсхүл угаасаа хийх ёстой ажлаа хэлүүлж, үглүүлж байж хийх нь буруу. Тоглоомоо хураах хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа ч ээжийгээ хэлэхээс нааш хурааж эхэлдэггүй хүүхэд шиг сэтгэлээр ажилдаа хандмааргүй байна. 

Г.Хонгорзул "Бүгдээрээ шүгэл үлээе” нийтлэлээс

НАЙМ. Их удирдагчаас давсан нэр хүнд гэж үгүй

Коммунист дэглэмтэй улсад тэрбумтан болтлоо баяжиж, удирдагчаас илүү нэр хүндтэй болно гэдэг яах аргагүй “Хятад мөрөөдөл” мөн. Энэ мөрөөдлийг биелүүлсэн, үгүйдээ тун дөхүүлсэн хүмүүс Жек Ма, Жао Вэйгээс эхлээд байлаа. Харамсалтай нь, үүнээс хойш, түүнээс цааш хэн нэгэн хүн “Хятад мөрөөдөл”-өө биелүүлэхэд тун ч хэцүү болжээ. Дөрвөн жилийн өмнө улсынхаа иргэдийг хэмжээлшгүй баян болгоно гэж мэдэгдэж байсан Ши Жиньпин энэ жил Ардын их хуралд илтгэл тавихдаа “Хэт их хөрөнгийн хэмжээг зохих түвшинд хүргэнэ” хэмээснээс харвал Хятадын иргэд хөрөнгө чинээгээрээ ч их удирдагчаас давах эрхгүй болж байна.

С.Лхагвасүрэн "Хятад мөрөөдлийн төгсгөл" нийтлэлээс

ЕС. Лайк дарахаа боль

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, шинэ бүтээлүүд өдөр ирэх тусам нэмэгдсээр үүнийхээ хэрээр бид гар утсандаа боолчлогдож байна. Өнгөт дэлгэц, цахим шуудангаа шалгаж сууж байх хооронд л цаг хугацаа урсаж одно. Тэгвэл сүүлийн үед дижитал минимализм гэх хөдөлгөөн гарч ирсэн нь олон нийтийн сонирхлыг гойд татах болжээ. Дижитал минимализм гэдгийг үндсэндээ тоон технологи буюу дижитал ертөнц, интернэтийн хэрэглээгээ багасгах гэж ойлгож болно. Бүр тодорхой хэлбэл, технологийн ертөнцөөс тулгаж буй энэ боолчлолоос ангижрахын төлөөх хүн төрөлхтний тэмцэл гэж хэлж болох юм.

И.Сарангоо "“Дижитал минимализмд суралцацгаая" нийтлэлээс

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. monh orgil gishuni gerin gadaa aiamr zoodn heruul bolood hun hutgalulsan. paparazi hiiine camaer abad hureed iree.tus

    0 0 Хариу бичих
  2. monh orgil gishuuni gerin gadaa heruul oodn boljinoo camertai hured ireel dee

    0 0 Хариу бичих