МАН-д хэрэггүй, Л.Оюун-Эрдэнэд хэрэгтэй УИХ-ын хоёр суудал

Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын нөхөн сонгуулийн дүнг эцсийн байдлаар танилцууллаа. УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт явуулсан нөхөн сонгуульд тус аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт Н.Энхбаярын хүү Батшугар ялалт байгуулав. УИХ-ын нөхөн сонгуулиудын өмнөх түүхийг харвал ихэнх тохиолдолд сөрөг хүчнээс нэр дэвшигчид сонгогдсон байдаг. Харин энэ удаад эрх баригч МАН-ын нэр дэвшигчид ялалт байгууллаа. Сөрөг хүчин эрх баригчдыг сөрөх бус дотроо сөргөлдөж байгаа нь энэ сонгуулийн дүнд нөлөөлсөн биз ээ.

УИХ-д 61 суудалтай МАН-ын хувьд энэ удаагийн нөхөн сонгууль тийм ч ач холбогдолтой байсангүй. Учир нь, тэнд УИХ-д кнопоор дутаагүй. Тиймээс энэ удаагийн нөхөн сонгууль МАН гэхээсээ илүү Ц.Идэрбат, Э.Батшугар гэсэн хувь улстөрчдөд л ашигтай сонгууль боллоо. (Гэхдээ бас бас нэг улстөрчид ашигтай болсон. Энэ тухай сүүлд өгүүлье). Ц.Идэрбат гэж хүнийг хэнтийчүүдээс өөр хэн ч танихгүй гэхэд болно. Э.Батшугарын хувьд аавынхаа нэр нөлөөгөөр УИХ-ын гишүүн болж байна. УИХ-ын гишүүнээр сонгогдоно гэдэг амаргүй. Гэхдээ нэгэнт л УИХ-ын гишүүн болсон бол яаж орж ирсэн нь бус улс төрийн карьераа яаж цааш үргэлжлүүлэх нь чухал.

УИХ-ын нөхөн сонгууль өөрт нь ашигтай тусаж буй дээр өгүүлсэн бас нэг улстөрч бол Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ. Учир нь, нөхөн сонгуульд намаас нь нэр дэвшигчид ялалт байгуулснаар түүний намын даргын суудал, Ерөнхий сайдын албан тушаал нь улам бат бэх болж байна. Засгийн газраа огцруулах нууцхан хүсэл, бүхлээр нь огцруулдаггүй юмаа гэхэд зарим сайд нарт нь хариуцлага тооцуулах сонирхол хүний, өөрийнгүй улстөрчдөд бий. Хэрэв МАН-аас нэр дэвшигчид УИХ-ын нөхөн сонгуульд ялагдсан бол МАН доторх “сөрөг хүчин”-д Засгийн газраа ганхуулах дөгөө болох байв. Харин нэр дэвшигчид нь ялалт байгуулсан болохоор одоо МАН дотор намын дарга, Ерөнхий сайдтайгаа тэрсэлдэх, АН-ын Засгийн газрыг огцруулах санаачилгыг дэмжих хүн байхгүй. Тиймээс Ерөнхий сайдын албан тушаалыг нь улам бэхжүүлж өгснөөрөө УИХ-ын энэ удаагийн нөхөн сонгууль Л.Оюун-Эрдэнэд ашигтай боллоо.

Зөвхөн Ерөнхий сайд бус намын даргынх нь хувьд ч ашигтай. Учир нь, МАХН-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, Н.Энхбаярын Батшугарыг УИХ-ын гишүүн болголоо. Хэрэв намаа нэгдсэн бодлогоор зангидаж, Сонгиохайрхан дүүргийн МАН-ын гишүүдийг сайн ажиллуулаагүй бол Э.Батшугар УИХ-ын гишүүнээр сонгогдох эсэх нь эргэлзээтэй. Түүний сонгуулийн “ухуулагч”-аар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар ажилласан. Түүн шиг ийм том эрх мэдэл, албан тушаалтай “ухуулагчидтай” нэр дэвшигч байсангүй. Ингэж л нөхөн сонгуульд Э.Батшугарыг ялуулахгүй бол Н.Энхбаяр МАН-д асуудал үүсгэх аюултай байв. Тэр бол эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд юу хийж, хэлж ярихаас сийхгүй улстөрч. МАН дотор хагарал үүсгэж, намын даргын суудлыг ч ганхуулж мэдэх л хүн. Азаар хүү нь УИХ-ын гишүүнээр сонгогдож, Ардын нам энх тайвнаар оршин тогтнохоор боллоо.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. МАН д салхи орж эх орноо бодоод өөрчлөлтийг эхлүүлэх хүчин бий болж чадвал үүн шиг сайн юм хаа байхав дэ Учир нь энэ нам д монголын мэдлэгтэй чадалтай туршлагатай улс төрчид Оюунлаг сэхээтнүүд олон байгаа Эд хүсвэл юуг ч өөрчилж чадах хүч шүү Одоо улс төрийн манлайлагч хүчин н. зөв тийшээ хандаж эх орноо хөгжүүлэх дээр хүчээ нэгтгэж чаддаг юм бол монгол өөд нар харна Энэ МАН МАХН 2 л чадна Яг үнахдээ өөр чадах баг нам одоохондоо алга байна АН ын байж байгааг хар үл бүтнэ эднийг харвал МАН д луйварчид офшорчид олон бий Гэхдээ бүгд биш Эрүүл саруул хүчин төрөн гарч улс орноо аврах болтугай

    0 0 Хариу бичих
  2. УИХ-ын нөхөн сонгуулиудын өмнөх түүхийг харвал ихэнх тохиолдолд сөрөг хүчнээс нэр дэвшигчид сонгогдсон байдаг....ЭНЭ ХУДЛАА ДҮГНЭЛТ ШҮҮ. ИХЭНХЭД НЬ МАН ЯЛСАН БДГ ЮМ НӨХӨН СОНГУУЛИУДАД

    0 0 Хариу бичих