"Шатахуун дууссан" гэх худал мэдээлэл тараасан иргэдийг шалгаж эхэлжээ

Цахим хуудсаар "Шатахуун дууслаа, нөөцөлж аваарай" зэрэг хуурамч мэдээлэл тарсан талаар ЦЕГ-аас мэдээллээ. Тус мэдээлэлтэй холбоотойгоор иргэд шатахуун нөөцөлж, ачаалал үүсгэсэн юм. 

Худал мэдээлэл тараасан иргэдийг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн талаар тус хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа н.Тайван мэдээллээ. Тэрээр “10 дугаар сар 16-ны өдөр цахим орчинд шатахууны үнэ өсч, хомстол үүсэх тул иргэд бензинээ нөөцлөх шаардлагатай” гэсэн утгатай мэдээлэл цахим орчинд их цацагдсан.

Үүнтэй холбоотойгоор ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгалт явуулахад нийт 27 хаягаас энэ төрлийн мэдээллийг цахим орчинд тараасан байна. Үүний 21 нь хуурамч хаяг байсан. Харин зургаан хаягийн эзэн холбогдогчийг тогтоож, шалгалтын ажиллагаа явуулсан. Эдгээр иргэд нь дээрх 21 хаягаас мэдээлэл оруулсан байж болзошгүй. Шатахууны хомсдол үүссэн гэх мэдээллийг зохион байгуулалттайгаар тараасан байж болзошгүй. Тиймээс иргэд албан ёсны эх сурвалжаас мэдээлэл хүлээж авах нь зүйтэй юм. Одоогоор худал мэдээлэл тараасан иргэдийг шалгаж байна" гэлээ.                                                                                       


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)