Гүнжийн нүдэн нуурын орчимд эко, жишиг гэр хороолол бий болно

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт дороосоо ундаргатай, байгалийн унаган тогтоцтой нуур байдаг талаар манай сайт өмнө нь “Хөгжлөө хүлээсэн Баянхошуу”, Баянхошууны “ногоон сувд”-Гүнжийн нүдэн нуур” зэрэг нийтлэл сурвалжилга бэлтгэн уншигчдадаа хүргэж байсан билээ. Гүнжийн нүдэн нуур хэмээх уг гайхалтай, сонирхолтой газрыг нийслэлчүүд мэдээсэй, очиж амралт чөлөөт цагаа өнгөрөөдөг байгаасай, мөн холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын анхаарлыг татаж, тодорхой ажлууд хийгээсэй гэсэндээ бид дээрх нийтлэл сурвалжилгуудыг бэлтгэн хүргэдэг байсан. Тэгвэл бидний хүсэл биелж, Гүнжийн нүдэн нуур маань өөд нь татах, илүү сайн сайхан болгох үнэнхүү сэтгэлтэй хүмүүстэйгээ учирсан бололтой.

“Эко соёл сан” ТББ, СХД-ийн VIII хорооны захиргаа, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын филармони, иргэд оршин суугчид Гүнжийн нүдэн нуурт “Хөгжмийн хүрээлэн” байгуулж, мод тарих ажиллагаа өнгөрсөн ням гариг боллоо. “Хөгжмийн төгөл”-д тарьсан моднууд жирийн моднууд биш, нуурын эко бүтээн байгуулалтыг сэтгэлээр дэмжин хандив өргөсөн хүмүүсийнх буюу өөрийн гэсэн эзэнтэй модод байснаараа онцлог юм. Энэ талаар багахан тодруулга хийе.   

“Эко соёл сан” ТББ “Нэг хашаа, нэг мод” төслийнхөө хүрээнд Гүнжийн нүдэн нуурын орчимд эко бүтээн байгуулалт хийхээр шийдсэнээсээ хойш богино хугацаанд багагүй ажил амжуулжээ. Тус сангаас Нуураа түшиглэн "Экологийн соёл-судалгааны төв" болгох сайхан ажлыг эхлүүлж, орон нутгийн удирдлага буюу СХД-ийн VIII хороотой "Хамтран ажиллах гэрээ"-г  2021.IX.24-ний өдөр байгуулсан бол энэ сарын 14-ний өдөр Монгол Улсын филармонид “Модны хайр” нэртэй сонгодог хөгжмийн маш өвөрмөц концертыг зохион байгуулсан юм.

СХД-ийн VIII хорооны Засаг дарга Х.Эрдэнэтуяа, "Эко соёл сан" ТББ-ын тэргүүн Т.Саруул нар хамтран ажиллах гэрээ байгуулав. /2021.IX.24/  

Маш өвөрмөц гэсний учир нь, энэхүү концертыг тасалбар худалдаж авсан хүмүүс биш, харин тухайн хүнийг төлөөлсөн модод үзэж сонссонд оршино. Гүнжийн нүдэн нуур орчмын иргэдийн хашаа, нуурын эрэгт байгуулсан “Хөгжмийн төгөл”д таригдсан модод Монголд анх удаагаа болсон Мод-үзэгчтэй энэхүү өвөрмөц концертын үзэгчид байсан юм. Харин тасалбар худалдан авагчид нь нуурын эко бүтээн байгуулалтыг дэмжсэн хандивлагчид бөгөөд сангийн зүгээс дараа нь концертын бичлэгийг мэргэжлийн түвшинд бэлтгэн ирэх сарын 1-нээс хандивлагчидадаа хүргүүлэх юм байна.

Ням гаригт болсон цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажиллагааны нээлтэд “Эко соёл сан” ТББ-ын тэргүүн Т.Саруул, СХД-ийн VIII хорооны Засаг дарга Х.Эрдэнэтуяа, Монгол Улсын филармонийн захирал С.Баттулга, Гүнжийн нүдэн нуур орчмын оршин суугч иргэд оролцож үг хэлсний дараа Монгол Улсын филармонийн уран бүтээлчид шилдэг үзүүлбэр үзүүлж, нуурын эко бүтээн байгуулалтад чимэг, хөг нэмсэн. Хөтлөгчөөр "Монгол" телевизийн реалити шоугаар танигдсан Энкү, Бритта нар ажилласан юм. Хамгийн гол нь, ТББ, орон нутгаас санаачлан хэрэгжүүлж буй уг эко бүтээн байгуулалтын нээлтэд УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар нар хүрэлцэн ирж оролцсон нь Гүнжийн нүдэн нуур төрийн анхааралд нэгэнт орсныг илтгэж байгаа юм. Нуурыг хамгаалах чиглэлээр хийгдэх ажлууд урьд өмнөхийг бодвол илүү тууштай, алсын хараатай явагдах нь гэдэг итгэл иргэдэд ч төрсөн биз ээ. 

Гүнжийн нүдэн нуурт эко, жишиг гэр хороолол бий болно

Гүнжийн нүдэн нуур орчимд явагдаж буй эко бүтээн байгуулалтын ажлууд одоогоор “Эко соёл сан” ТББ-аас хэрэгжүүлж буй “Нэг хашаа-Нэг мод” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа талаар бид дээр уншигчдад ойлголт өгсөн. Гэхдээ энэ хүчин зүтгэл яваандаа хүрээгээ тэлж, нийслэлдээ жишиг гэр хороолол болгох, “Эко бүс” болгон зарлуулах, цаашлаад улсын тусгай хэрэгцээ, тусгай хамгаалалтад авах асуудал ч хөндөх боломжтой гэдэг мэдээллийг нуурын оршин суугчдад хүргэе. Төсөл хэрэгжүүлэгчдийн зорилго энэ зүгт чиглэх юм билээ. Гэхдээ энэ зорилтууд амжилттай хэрэгжихэд мэдээж, иргэдийн оролцоо хүчин чармайлт хамгийн чухал. Иргэд идэвхитэй ажиллаж хөдөлмөрлөөд амьдрах орчноо өөд нь татаж, ногоон байгууламжаа үүсгээд жишиг болж, төрийн анхаарлыг татвал магадгүй, нийслэлийн “Ногоон, эко бүс” болж зарлагдаж ч болох шүү дээ. Ингэж чадвал тэртэй тэргүй хаяанд ирчихсэн халаалт, цэвэр бохирын шугамыг татаад аваад ирэх ч юм бил үү. Нийслэлдээ ганц байгалийн тогтоцтой нуурын эрэгт, ногоон байгууламж бүхий эдлэн газар дээрээ халуун, хүйтэн устай хауст амьдрах боломж гарна.

Мод тарих ажилд нуурын оршин суугчид томчууд багачуудгүй  идэвхтэй оролцлоо. /2021.X.17/

Нийслэлд байгаа цорын ганц нуур гэдэг утгаар улсын тусгай хэрэгцээнд авлаа гэхэд айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлнэ. Шилжүүлэх үйл явц хуулийн дагуу явагддаг тул иргэд бүгд орон сууцанд орох ч байдаг юм уу, ямар ч байсан оршин суугчдад эдийн засгийн хувьд алдагдалтай байдал үүсгэхгүй нь тодорхой. Энэ мэтчилэн алсын хараа байгаа учир иргэд санаачлаад хичээж зүтгэж байгаа нэгнийхээ ажлыг маш сайхан дэмжээд өгөх ёстой гэдгийг иргэд оршин суугчдад уриалж байна. Дээр дурдсан хувилбарууд хэрэгжихгүй ч байсан гэсэн амьдрах орчноо өөд нь татах нь иргэдэд өөрсдөд нь л ашигтай шүү дээ. Ямартай ч Гүнжийн нүдэн нуур төр, төрийн бус байгууллагын анхаарлыг татаж, цаашид илүү сайн, сайхан болох нь тодорхой болж байна.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, "Эко соёл сан"-гийн тэргүүн Т.Саруул нар мод тарьж байна. /2021.Х17/

Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй хот дотор аялал жуулчлалын брэнд бий болгох төсөл хэрэгжих таван газрын нэгээр Гүнжийн нуур, Хамбын овоо сонгогдоод олон жил болж буй. Өмнө нь дүүргээс сонгогдсон гишүүдийн гаргасан хөрөнгө оруулалт, хийсэн ажлуудын ачаар нуур өнөөгийн төрхөө олсон гэдгийг ч энд онцлох нь зүйтэй. Энэ хийгдэж байгаа бүтээн байгуулалтыг хэвээр хадгалах, улам өнгөлж тордох нь иргэдийн үүрэг хариуцлага юм шүү гэдгийг л энд онцгойлон дурдмаар. Нуурын зүүн урд этгээдэд өмнө нь модон гүүр байсан нь маш цэвэр үзэмжтэй байлаа. Сүүлд хийсэн засвараар төмөр болгож сольсон нь бөх бат ч өнгө үзэмж муутай болсон байсан. Иргэд хариуцлагатай байж, ийм дордуулсан ажил хийхэд хүргэхгүй баймаар байна. Гүнжийн нүдэн нуур цэвэршиж, иргэдийн амьдрах орчин сайжирсан байх тэр цаг холгүй биз ээ. Эцэст нь, Гүнжийн нүдэн нуурын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр http://eagle.mn/r/81107 орж аваарай.    

Б.Жаргалмаа: Гүнжийн нүдэн нуурыг ариутгах, унаган төрхийг нь сэргээж хадгалахын тулд хийх ажлууд удахгүй эхлэх судалгааны ажлын дараа тодорхой болно

/УИХ-ын гишүүн/

УИХ-ын гишүүнийхээ хувиар Гүнжийн нүдэн нуурыг хамгаалах чиглэлээр тодорхой ажлууд хийх санал тавьсныг Байгаль орчны яам нааштай хүлээж авч, эхний ээлжинд судалгааны ажлыг сайдын багцаас санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр болоод байна.

Гүнжийн нүдэн нуурыг ариутган цэвэрлэх, байгалийн унаган төрхийг нь хадгалахын тулд юу хийх ёстой вэ гэдэг нь судалгааны ажлын дараа тодорхой болно. “Эко соёл сан”-гаас санаачлан зохион байгуулж байгаа ажлууд мөн маш үр дүнтэй болох байх гэж бодож байна. Хүмүүс бид өөрсдөө байгалийн амьтан. Байгальтайгаа нэгдэж, хамтдаа байна гэдэг аль, аль талдаа өгөөжөө өгөх ажил учраас зайлшгүй дэмжих ёстой ажил гэж бодож ирж оролцож байна.   

Дүүргийн удирдлагууд өнгөрсөн гуравдугаар сард “Нийслэлийн хэмжээнд байгалийн унаган тогтоцтой ганц нуур нь манай Сонгинохайрхан дүүрэгт байдаг. Энэ нуурыг цэвэрлэж ариутгах, тохижуулж, иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөх боломжийг нээх зайлшгүй шаардлага байна” гэж надад хандсан. Дүүргүүдэд олон нийтэд ашигтай томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийх зайлшгүй шаардлагатай байдаг. Тэдний нэг нь Гүнжийн нүдэн нуур яалт ч үгүй мөн. Миний хувь яамар ч байсан эхний ээлжинд судлагааны ажлыг эхлүүлэх зардлыг шийдүүлсэн. Цаашид бүх талаар дэмжиж ажиллана.   

Т.Саруул: Гэр хороолол тэр чигээрээ ногоон, эко болох эхлэл Гүнжийн нүдэн нуур орчмоос тавигдана

/"Эко соёл сан" ТББ-ын тэргүүн/

Улаанбаатар хотын гэр хороолол тэр чигээрээ ногоон, эко болох эхлэл Гүнжийн нүдэн нуур орчмоос тавигдах ёстой гэж бид үзэж байгаа. Гэр хороололд яаж цэвэр, аюулгүй, эко орчин бий болгож болох вэ гэдэг мэдээлэл эндээс түгж байдаг, нийслэлийн өнцөг булан бүрээс иргэд ирж гэр хороололд хэрхэн аз жаргалтай сайхан амьдарч болдгийг харж үлгэр жишээ аваад амьдралдаа хэрэгжүүлж байдаг газар болгох мөрөөдөл бидэнд байна. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд нэг удаа мод тариад мартчих биш, үйл ажиллагаа тасралтгүй явуулах ёстой гэдгээ бид ухамсарлан ойлгож байгаа. Цаашдаа нууран дээрээ сонгодог хөгжмийн тоглолтыг жил бүр маш өндөр түвшинд зохион байгуулна. Судалгаа, нөхөн сэргээлт, хамгаалалт гээд шат дараатай олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Зорилгоо томоор харж байгаа учраас төрийн захиргааны болон шинжлэх ухааны байгууллага иргэд гээд бидэнтэй хамтарч ажиллахыг хүссэн хэнд ч бид нээлттэй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. "ЭКО СОЁЛ САН" -гийн хамт олонд юуны өмнө баяр хүргэе. Гайхалтай ажил санаачилж, анхдагч болон ажиллаж байгаад бүр ч баярламаар. тухайн оршин суугчид ямар азтай вэ. Та нар сэтгэлээрээ дэмжинэ гэдэгт иргэн би итгэж байна.Төр түмэн нүдтэй гэж Төрийн түшээд сайн санаагаараа очиж оролцсон явдалд сэтгэл өндөр байна. АМЖИЛТ БАС ДАХИН АМЖИЛТ.

    0 0 Хариу бичих
  2. Kue ter hotiin zahdaa neg iim baigaliasaa ugugdultei gazriig tohijuulna gevel saihan l ym, hugjliin chig gandlagaa telj bn gsn ug, daan ch ulger biz, harj l baiy

    1 0 Хариу бичих
  3. маш гоё мэдээлэл байна... очиж үзэж байсан, үнэхээр л сонин газар юм билээ

    1 0 Хариу бичих