Эрээнд ганц халдвар илрэхэд энд бид “өлдөх дөхөв”

Картын бараанд дугаарлаж, хүнсний бүтээгдэхүүнийг хэмжээ, нормоор олгодог байсан цаг “дахих шахав”. Тодруулбал, БНХАУ-ын Эрээн хотод халдварын нэг тохиолдол илэрсний улмаас 10 дугаар сарын 14-нөөс эхлэн хилээ тодорхойгүй хугацаагаар хаасан юм.

Улмаар манай улсад жимс, хүнсний ногоо хомсдож, нийслэлийн иргэдийн хүнсний хэрэглээг хангадаг томоохон захууд борлуулах бараагүйн улмаас хаалгаа барихад хүрээд байна. Энэ талаар сурвалжлахаар “Барс” захыг зорьсон юм. 

“Зарах бараагүй, хоосон лангуу сахиад сууна”

Жилийн аль ч улирал, өдрийн аль ч цагт хүний хөл тасардаггүй “Барс” захад хөдөлгөөн хумигджээ. Өнгө өнгийн бараагаа үүднийхээ гадна эгнүүлдэг байсан лангуунууд ганц хоёр хайрцаг алим, мандарин, усан үзэм л өрсөн харагдана. Үүдээ хааж, хоосон сагс зэрэгцүүлсэн лангуу ч цөөнгүй байв. Нөхцөл байдлын талаар Барс захын худалдаа эрхлэгч мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Өнгөрсөн баасан гарахаас эхлээд хүмүүс жимс, ногоог их хэмжээгээр нөөцөлсөн. Сүүлдээ олон хүнд хүртээхийн тулд нэг хүнд их хэмжээгээр худалдахгүй байх арга хэмжээ хүртэл авсан. Гэсэн ч байсан бага хэмжээний бараа маань хоёр хоногт л зарагдаад дуусчихлаа. Ер нь хил хаагдахаас өмнө ч бараа хомс байсан. Учир нь Замын-Үүд рүү машин гарахгүй, чирэгдэл ихтэй. Өдөрт хамгийн ихдээ гурван машин л ирдэг. Зарим өдөр ирэхгүй байх нь ч бий. Зарах бараагүй гацчихаар түрээс, ажилчдын цалин гээд хүндрэл их. Одоо манайд польш алим, орос усан үзэм, мандарин гээд хойноос орж ирдэг жимснүүд бага хэмжээтэй байна. Нөөцлөхөөр алга. Лангуу бүхэнд бага, бага хэмжээний л энэ төрлийн жимс бий. Зооринд юу ч байхгүй, хоосон байгаа. Хоёр жил ийм нөхцөл байдалтай ажилласан. Одоо цөхөрч байна” гэлээ.

 “Бурхангүй газрын бумба галзуурна” 

Нарийн ногооны тасагт бараа ч, хүн ч "нүдний гэм" байв. Ихэнх нь хаалгаа лацтай төмрөөр бэхэлж хаасан байх бөгөөд ажиллаж байгаа лангуунд төмс, лууван, байцаа зэргээс өөр торойх ногоо байсангүй. Чинжүү, өргөст хэмх, улаан лооль, цэцэгт байцаа зэрэг нарийн ногоо мэр сэр л байлаа. Энэ төрлийн бараа худалдаалж байсан ганц, нэг лангуунд очиж үнэ асуухад “бурхангүй газрын бумба галзуурна” гэгч болжээ. Бүх ногоо сарын өмнө худалдаалж байснаас даруй хоёр дахин өссөн байв. Тодруулбал,        

  • Өргөст хэмх – 18 мянган төгрөг
  • Үрлэн помидор – 20 мянган төгрөг
  • Улаан лооль – 13 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.  

Тээврийн зардал 35-45 саяд хүрчээ 

Хомс байгаа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадахад олон хүчин зүйл нөлөөлжээ. Хил нээлттэй байх үед ч тээврийн машины эрэлт их, олдоц бага байсны улмаас тээврийн зардал “гаарсан” байна. 35-45 сая төгрөгийн өртөг төлж бараагаа татаж авчирдаг болсон талаар худалдаа эрхлэгчид учирласан юм. “Барс” худалдааны төвийн худалдаа эрхлэгч Э.Тунгалаг “Өдөрт 30 орчим машин л Замын-Үүд рүү ордог болсон. Үүний 3-4 нь л хөргүүртэй машин байна. Тэгэхээр хамгийн өндөр үнэ дугарсан нь л бараагаа татна.  БНХАУ-ын үндэсний баяр болж хилээ хаахаас өмнө 25 саяаар ачиж байсан. Сүүлдээ 30, 35 болсон. Хамгийн сүүлийн машин 45 саяар бараа ачсан. Жолооч хоёр сар дугаарлаж орлоо, таны ачааг 10, 20 саяаар ачиж чадахгүй. Үнээ нэмэхгүй бол өөр хүний ачаа авлаа гэхээр яах аргагүй л авч таарна. Жолооч нарыг ч бас буруутгах арга алга. 10 дугаар сарын 1-нээс өмнө өдөрт 100 машин ордог байсан. Гэтэл түүнээс хойш 30 машин л орж байна. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн бүр таг зоссон учир нөхцөл байдал улам хүнд байна” гэлээ.

Дотоодын үйлдвэрлэгчид "луу унжиж эхлэв"

Түүнчлэн бараа бүтээгдэхүүн хомсдож байгаа үед дотоодын үйлдвэрлэгчид “луу унжиж” эхэлжээ. Тодруулбал, хүлэмжтэй, өргөст хэмх, улаан лооль тариалдаг дотоодын үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ “Барс”, “Баянзүрх” зэрэг хүнсний захуудаар нийлүүлэхээ байж, томоохон сүлжээ дэлгүүрүүдэд худалдаалах болсон нь худалдаа эрхлэгчдийг бухимдахад хүргээд буй юм. Түүнчлэн одоогоос хоёр сарын өмнө 2500-3000 төгрөгөөр нийлүүлж байсан өргөст хэмхийг дотоод үйлдвэрлэгч 11.500-12.000 мянган төгрөгөөр нийлүүлэх болсон нь үнэ өсөх нэг шалтгаан болж буй аж. Барс худалдааны төвийн худалдаа эрхлэгч мэдээлэл өглөө. Тэрээр “Улсаас зээл, санхүүжилт авч 12 сарын турш нарийн ногоо тариалах боломжтой болсон хүлэмжүүд гаарч байна. Хоёр сарын өмнө өргөст хэмхээ 2000 төгрөгөөр үнэ буулгаж байсан. Гэтэл одоо 11.500 төгрөгөөс буухаа байсан. Сүүлдээ захуудад биш сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлж байна. Гаалийн татвар, тээврийн зардал, түрээс төлдөггүй хэрнээ хүнсний үнийг ингэж хөөрөгдөж болохгүй. Нийслэлээс 30 км-ын зайнаас оруулж ирдэг байж ийм үнээр зарах нь зохимжгүй” гэсэн юм.

Үйлдвэрлэгч бус хэрэглэгч орны зовлон их. Урд хөрш хилээ хаагаад дөрөв хоноход жимс, ногоо, барилгын материал, бараа бүтээгдэхүүн хомсдож, хойд хөрш хилээ хаахад шатахуунгүй шалдаа буулаа.

Гэрэл зургийг Ж.Лувсан-Ёндон 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. ЗГ ажлаа хийж чадахгүй байгаагаас болж төгрөгханш унаж иргэд хохирч бна. Дээрээс наймаачид ямар ч сэтгэл алга яаж л нэмэж шулах вэ гээд. Эцэст нь иргэд бид туйлдаж бна үнийн өсөлт төгрөгийн ханш үнэгүйдэж бөйгаад

    0 0 Хариу бичих
  2. Яөх аргагүй л урдаас хамаг юмаа ашхуу авдаг байж л бардам ам шалдан гуя царайлах юм. Хүнс ч тэр, хэрэгтэй хамаг бараа бүтээгдхүүнээ энэ урдаас л авч байна. Дэлхий бараг тэр чигээрээ энэ урдаас авч байгаа нь үнэн. Оросууд хүртэл маш их барааг БНХАУ-аас татдаг. Үнэнтэй эвлэрээчээ. Бидэнд чадах юм алга

    0 0 Хариу бичих
  3. Hvns ch yahaw bolon hujaa nogoo jimseer dutahgvi. Harin barilgiin material l hetsvv bna mongolchuudiin hiij chaddaggvi ih olon zvil bdgiinshdee baishin saw barih gj bga hvmvvs bno kompaniud ternii tsaana ajillaj bga hvmvvs gd l .... Barilga dagaj ih olon myngan hvmvvs ajildag bga shvv hvmvvs ee

    0 0 Хариу бичих
  4. Хэрэггүй юманд санаа зовох юм. Юманд тайван тэвчээртэй хандаж сурцгаая Үрлэн помидор, чинжүү гэх мэт хүнс идсэнгүй гээд үхэхгүй нь тодорхой Эх орны бүтээгдэхүүн зөндөө байна шүү дээ. Хятадаас орж ирдэг нарийн ногоогүйгээр 14 хоног байтугай хэдэн ч жил амьдарч чадна ш дээ. Ашиг хонжоо хэт их хайгчдын шунал хүсэл ч шалдаа бууна.

    2 2 Хариу бичих
  5. Яахаараа өлдөнө гэж жимс эллэв ногоо идэхгүй байхад юу нь болохгүй гэж ногоочдынхоо ногоог гурил мах бөйхад өлсөнө гэж үү харин найиаачид энэ байдлыг далимдуулан мөнгөнд донтохоо л больчих

    3 1 Хариу бичих