Гамшиг дагуулсан гадаад харилцаа

Монгол Улс өнөөдөр тусгаар тогтносон бүрэн эрхт улс мөн үү гэсэн асуултад уншигч Та шуудхан л тийм гэж хариулах байх. Гэхдээ цагаан дээр хараар бичсэнээр, Үндсэн хуульдаа тунхагласнаар, НҮБ- ын өмнөх байр сууриараа яах аргагүй бид тусгаар улс. Харин яг амьдрал дээр тусгаар улсын хэмжээнд тусдаа байж, дотооддоо асуудлаа зохицуулж, адаглаад л гадна талтайгаа зөв ойлголцож чадаж байна уу гэвэл өрөөсгөл юм. Худалч хүн биеийн хэлэмжээрээ өөрийгөө илчилдэг шиг Монгол Улс, эрх баригчид маань онцгой чухал үед гаргаж байгаа шийдвэр, хийж байгаа үйлдлээрээ олон зүйл дээр эргэлзээ төрүүлээд байгаа юм л даа.

Улс гэр маань өнөөдөр гаднаасаа хэдий тусгаар тогтносон, бүрэн эрхтэй улс шиг улс харагдавч үнэн хэрэгтээ хоёр хөрштэй эн тэнцүү харьцаж чадахгүй л байна. Хүн эцэг, эхээ сонгож төрдөггүй шиг бид ч бас хөршөө сонгох боломж үгүй. Хөршүүдтэйгээ улс шиг харьцах, уран нүүдэл хийх боломж бол бий. Харамсалтай нь, сая шатахууны хомсдолын үеэр бидний гадаад харилцаа хөрш орнуудтайгаа ч бус, ердөө л ганц хоёрхон аж ахуйн нэгжтэй ойлголцох хэмжээнд байж чадахгүй байгааг харууллаа шүү дээ.

Уг нь ийм үе бол Гадаад харилцааны яамны тодорч харагдах ганц алтан боломж. Угаас тэгэх ч ёстой. Гэтэл хувийн хэвшлийнхэн шатахуун олж ирээд, хойд хөршийн шатахууны компани Нийслэлийн Засаг даргатай харилцсаныг Та бид харсан.

Монгол Улс өөрийн гэсэн сонирхол, эрх ашигтай тусгаар тогтносон бүрэн эрхт улс боловч тэр хэмжээндээ гадаад бодлого явуулж чадахгүй байгаа нь тэндээс харагдсан. Яагаад гэвэл, гадаад харилцаа бол ямар ч улс орны хувьд хамгийн амин чухал салбар байдаг. Дэлхийн бодлого тодорхойлдог том гүрэн, эсвэл ганц хоёрхон улстай хиллэдэг байх тусмаа ач холбогдол нь улам ихэснэ. Дэлхийн хамгийн хүчирхэг, олон улсын бодлого тодорхойлдог их гүрэн АНУ-д Гадаад харилцааны яам нь илүү чухал бөгөөд сайд нь Төрийн нарийн бичгийн дарга хэмээгдэн Ерөнхийлөгчийн дараагийн зиндаанд эрэмбэлэгддэг бол ганц Италитай хиллдэг далайд гарцгүй Сан Марино улс Гадаад харилцааны сайдаа мөн Төрийн нарийн бичгийн дарга гэж нэрлэн улс орноо бүрэн төлөөлөх эрхийг олгодог жишээтэй. Аливаа улсын тусгаар тогтнол, санал санаачилга, статус бусад улсаар хүлээн зөвшөөрүүлж байж л баталгааждаг гэдэг утгаараа тусгаар тогтносон бүрэн эрхт улсын хувьд энэ салбар маш чухал. Том гүрний захиргаанд орсон, түшмэг улс, нэг бол бүр нэг муж болчихсон улсуудад харин гадаад харилцааны салбар онц чухал биш байдаг. БНХАУ, ОХУ-ын дурын нэг БНУ-аар жишээ авч болно. Тэнд Сангийн сайд, Хөдөө аж ахуйн сайд гээд улс оронд байдаг бүх л салбарын сайд байдаг ч Гадаад харилцааны сайд л байхгүй. Яагаад гэвэл тусгаар тогтносон бүрэн эрхт улс биш учир тийм шаардлага ч үгүй. Харин ОХУ-ын Гадаад харилцааны яамны салбар, БНХАУ-ын Гадаад харилцааны яамны салбар бол бий.

Монгол хүний хувьд энэ талаар бичихэд маш хэцүү байна, гэхдээ харамсалтай нь гадаад харилцааны салбарт хэрэгжүүлж байгаа бодлогод үнэндээ урагштай юм алга.

Бүрэн эрхт, тусгаар тогтносон ихэнх улсад Ерөнхий сайд ямар нэг шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болоход Гадаад харилцааны сайд орлодог нийтлэг жишиг бий. Манайх эхэндээ тийм байсан. Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлсэн эрхмүүдийн дунд Ням-Осорын Туяа хэмээх нэр бичигдсэн нь үүний гэрч мөн. Тэр бол Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байсан Гадаад харилцааны сайд байсан хүн. Түүнээс хойш улс орны хувьд Гадаад харилцаанд ач холбогдол өгөх нь багассаар сүүлдээ байсан, байгаагүй ялгаагүй газар болж хувирах тийшээ хандчихлаа. Ер нь ямар ч салбарыг мэргэжлийн боловсон хүчин л авч явдаг бичигдээгүй хуультай. Харин улс орондоо онцын ач холбогдолгүй, байсан байгаагүй ялгаагүй, боловсон хүчин нь ажил хийдэггүй, хийх ч шаардлагагүй газарт бол хэнийг ч томилсон ялгаагүй. Тэгвэл Монгол Улсын Гадаад харилцааны салбар яг ийм болчихлоо. Эхлээд Гадаад харилцааны сайд Ерөнхий сайдыг орлодгийг болиулсан (Н.Алтанхуягийн танхим 2014 оны аравдугаар сарын 5-нд огцроход Шадар сайд Д.Тэрбишдагва орлосон). Энэ бол гадаад харилцааны салбарын байр суурь өмнөхөөс дордсоны шинж мөн. Салбарын боловсон хүчний бодлогод нөлөөлж, чадахгүйжүүлэх үйл явц эхлээд үргэлжилж байсан нь үүнд хамгийн ихээр нөлөөлсөн.

“Хар тамхины мафи”, “Цөллөг” гэх нэршлийг хараад уншигч танд олигтой юм бодогдохгүй байгаа нь лавтай. Энэ бол Монголын гадаад харилцааны салбарт хүмүүсийн өгсөн нэр. Заримыг нь дотор нь ажиллаж байгаа дипломат гэх нөхөд өөрсдөө өгсөн. Зөвхөн дээрх хоёр биш. “Томчуудын хүүхдүүдийг зугаацуулдаг газар”, “Тэтгэвэртээ гарсан улстөрчдийг асрах газар” гээд өөр нэршил ч бий. Аль аль нь л олиггүй сонсогдоно. Гэхдээ гашуун ч гэсэн энэ үнэн юм.

Дээрх нэршил яагаад бий болсныг тайлбарлаж, тодорхой кэйс, томилгоонуудыг тоочвол хэтэрхий их цаг орох учраас болиод энэ байдалтайгаа эвлэрээд явах уу цаашид ямар нэг юм хийх үү гэдэг талаар бичвэл арай л өгөөжтэй байх.

Улс төрийн томилгоо гэдгээр халхавчилж, намд нөлөөтэй хүнээр салбарын сайд тавьдаг, нэг хүн огт өөр чиг үүргийн яамдыг ээлжлэн толгойлдог завхрал улс орны бүх салбарыг хүчгүйдүүлж, алдагдсан боломж үүсгэсэн. Гэхдээ л гадаад харилцаа шиг хохирсон салбар өөр байхгүй.

Монголоос өөр хэл мэдэхгүй, компьютер асааж чадахгүй хүн улс төрийн томилгоогоор яваад очиход тэр улстай харилцах харилцаа муудаж л таарна. Гаднынхан эхлээд Элчин сайдын яам, Консулын ажилтнуудыг тоохоо болино, дараа нь Монгол Улсыг тоохоо болино. Харин дипломат эрх ямбыг нь ашиглах гэсэн буруу гарын нөхдүүд дор нь хүрээлээд авдаг.

Гэтэл гадаад харилцаа хоёр их хөрштэй жижиг Монголын хувьд амин чухал салбар шүү дээ. Гэтэл чадваргүй хүн томилдог, байж болох бүх л аргаар орон тоо ажлын байр бий болгодог муу арга нэвт шингээсэн байна. Төсвийн мөнгөнд халгаатай “дэд” гэх тодотголтой албан тушаалууд ч адилхан. Одоо энэ байдлыг өөрчлөх цаг болсон. Салбар бүрт мэргэжлийн боловсон хүчнийг томилж чадавхижуулах ажлыг Гадаад харилцааны яамнаас эхлэх ёстой.

Хоёр хөрштэй харилцах харилцаа цаашдаа улам л төвөгтэй болох төлөвтэй. Тэдэнд ашигтай шийдвэрийг манай улстөрчид л гаргаж байгаа нь үнэн шүү дээ. “БНХАУ, ОХУ ойр байх тусмаа Монголд ашиггүй” гэдэг логик бий. Тэгвэл одоо хоёр хөршийн харилцаа хэзээ ч байгаагүй найрсаг түвшинд байна. Энэ үед чухамхүү Гадаад харилцааны салбар хүчирхэг байж гэмээ нь харилцааг тэнцвэржүүлж, улс орныхоо эрх ашгийг хамгаалж чадна. Гамшиг болсон гадаад харилцааг одоо аврахгүй л бол яваандаа монголчууд Монгол нутагтаа амьдрахад түвэгтэй болох вий.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Юун гадаад бодлого дотооддоо ч оодтэй зов шийдвэр гаргаж ажлаа оодтэй хариуцах чадвар сэтгэлгуй ,тийм ойлгоцгуй хумуусийг зовхон оорсдийн хамааралтай хумуусээ сонгодог болж боловсрол мэдлэг бараг л хамаагуйм бишуу иймээс л манайх урагшлахгуй бнаам боловсролтой чадварлаг баг бурдвэл улс орон сэхэх байхдаа

    0 0 Хариу бичих
  2. цэвэрлэгч болохоор ажлын анкет бөглөхөөр боловсрол асууна дарга болохоор боловсрол огт асуухгүй,цэрэгт явахаар бүртгүүлэхэд мэдрэл эрүүл мэндээ шалгуулна сайд дарга болоход юу ч үзэхгүй энэ шударга уу

    0 0 Хариу бичих
  3. Улс төрийн томилгоо гэдэг тэнэг зүйлээ одоо болих хэрэгтэй. Мөнгө өгөөд л сайд болдог. Ийм балай юм Монголоос өөр хаана ч байхгүй. Манай улс ямар ч бодлогогүй зүгээр л энерцээрээ гэдэг шиг оршин тогтносон болж байна. Ердөө сонгуулиас сонгуулийн хооронд зөвхөн олонхи болохын төлөө л амьдарцгааж байна. Юун гадаад бодлого. Тийм бодлого байдаг, энэ нь маш чухал гэдгийг ойлгох ч үгүй. Харамсмаар гэхэд дэндүү харамсмаар. Социализмын үед Оросын эрхэнд олон жил болсон. Гэтэл одоо Хятадын эрхшээлд бүрэн орчихсон байна шүү дээ.

    0 0 Хариу бичих
  4. Эмэгнэлтэй бөгөөд гашуун үнэн шүү эся ны ажилтануудаа чадавхижуулаач ээ ичмээр хүмүүс улс төлөөлөөд юу ч хийхгүй цалин хангамж эдлээд сууж байна. Мэдлэггүй хүмүүс юу хийхэв жалга довны хов л ярина, шоудна, үнэн үг хэлсэнээ гадуурхана. Арай л аймаар газар болоод байна. Албан тушаалаараа хувийн эрх ашгийн сонихролоор бүгдийг шийднэ ямарч хууль үйлчлэхгүй. Улс оронд нэмэртэй юу ч хийхгүй дорой нэгнээ зарц болгон дарангуйлсан эся нуудаа цэвэрлээч өтөөд өмхийрөөд илжрсэн.

    0 0 Хариу бичих
    • Yaag unen bur neg uheents uu manaih er ni Oros heliig butsaagaad zaadag boloh heregtei negent l nuugeed yavj chadahguigees hoish

      0 0
  5. Gadaad hariltsaanii yam bolj status erhleh ajliin huree ni ihseh tusam jijigreed baihiin

    0 0 Хариу бичих
  6. Gadaad hariltsaanii huvid odoo neeree uy ch gehev dee 2 hon horshteigee oligtoi haritschihaj chadahgui iim gadaad hariltsaanii yamaar yah be

    0 0 Хариу бичих
    • Heltei soyoltoi diplomatchiig beldeh heregtei

      0 0