Нэг хотын хоёр зогсоол

Дэлхийн хот бүхэнд автобусны буудлын стандарт гэж бий. Манайд ч ялгаагүй. Гэтэл бид стандартаа дагаж мөрддөггүйгээс хотын захын хэсгийн автобусны буудлуудад бороо салхинаас халхлах саравч байтугай ялгаж тогтоох хаяг самбар ч байдаггүй.

Улаанбаатар хот дэлхийн стандартад нийцсэн, ухаалаг автобусны буудал барихад 15 тэрбум төгрөг зарцуулсан. Ингэхдээ үнэгүй WIFI, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээлэл түгээх аудио төхөөрөмж, байгальд ээлтэй цахилгаан бага зарцуулдаг, дэвшилтэт “SIDE RAY LED” гэрэлтүүлэг зэргийг суурилуулна гэж мэдээлж байв. Гэвч өнөөдөр үнэгүй WIFI, мэдээлэл түгээх аудио төхөөрөмж суурилуулсан нэг ч автобусны буудал нийслэлд алга.

Автобусны буудлыг дотроосоо халдаг болгоё

Стандартад нийцсэн, хэрэглээнд ойр, тохилог автобусны буудлыг хэн, хүнгүй хүсэж буй. Ядаж л автобусны буудал нь бүхээг хэлбэртэй, дотроосоо халдаг байвал идэр есийн хүйтэнд бээрч зогсохгүй. Хөгжингүй орнуудад автобус метроны буудал нь гадаад орчинтойгоо зохицсон температуртай байдаг. Тухайлбал, Дубай хот халуун цөлийн уур амьсгалтай учир автобусны буудлууд нь агаар сэрүүлэгчтэй. Сөүл хотын зарим хэсэгт өвлийн цагт дулаацаж болохоор битүү бүхээгтэй буудал тохижуулаад эхэлсэн. Гэтэл манайд хөр цас, хүйтэн салхинд бээрэх шахам нийтийн тээвэр хүлээн хэдэн цагаар зогсох дүр зургийг харж болно. Тиймээс хөгжингүй орны жишгээр улсынхаа онцлогт тохируулан автобусны буудлаа сайжруулмаар байна. 

Нийслэлийн 1169 автобусны буудлын 31 хувь нь л стандартад дөхсөн 

Улаанбаатар хотын хэмжээнд 1169 автобусны буудалтай. Эдгээрээс 369 буюу ердөө 31,5 хувь нь стандартад дөхсөн. Үлдсэн 800 буудлыг хэзээ хотын жишигт нийцүүлэх вэ. Нийтийн Тээврийн үйлчилгээний газрын мэргэжилтэн А.Оргилсайханаас тодрууллаа. Тэрээр “Ирэх оны таван сараас эхлэн шинээр 30 ухаалаг автобусны зогсоол барихаар төлөвлөж байна. Хотын ЗАА, Тээврийн цагдаа, Замын хөдөлгөөний төлөвлөлт зохицуулалт инженерчлэлийн газартай хамтран дөрвөн жилд нэг удаа автобусны буудлуудыг бүртгэлжүүлдэг. Өмнөх  тооллогод 238 автобусны шинэ буудал баригдсан бүртгэгдсэн” гэлээ.

Нэг хот, хоёр стандарт

Улаанбаатар хотын автобусны буудлууд чанар, стандарт, тохь тухын хувьд харилцан адилгүй. Өнөөх 15 тэрбумаар тохижуулсан гэх автобусны тохилог буудлыг зөвхөн хотын төв хэсгээс л олж харна. Үзэмж сайтайн дээр нэр хүндтэй бизнесийн байгууллагуудын зар сурталчилгаагаар өнгө алаглана. Саравчны арын хэсэгт автобус явах чиглэл, маршрутыг маш тодорхой байршуулсан. Түүнчлэн нэг стандартын хаяг шошго, хогийн сав, гэрэлтүүлэг зэргийг ч цогцоор нь шийдэж өгсөн. 

Харин нөгөө хэсэг нь хотын захаар байрлах хуучирсан хэдэн зогсоол. Шавар шохой нь хуурч, дээвэр саравч нь онгойсон эдгээр буудлуудад хогийн сав, гэрэлтүүлэг байтугай суух автобусныхаа чиглэл маршрутыг харах хаяг самбар ч үгүй. Зах руу тэлэх тусмаа автобусны буудал гээд ялгачих саравч, сандал ч байсангүй.

Бүх автобусны буудал дээр маршрут, чиглэлийн мэдээлэл тавих ёстой

Иргэд нийтийн тээврийн талаарх  санал, хүсэлтээ Нийтийн тээврийн үйлчилгээний газрын албан ёсны цахим хуудсанд илэрхийлдэг болоод удаж байна. Иргэдийн сэтгэгдлийг сийрүүлье. “Өмнө нь автобусны чиглэл бүрийг буудлын шилэн хаалтын ард байршуулдаг байсан. Тэгсэн одоо байхаа больжээ. Уг нь автобусны буудал шүү дээ.  Бүх автобусны буудал дээр маршрут, чиглэлээ тавих хэрэгтэй” гэсэн байв. Өөр нэгэн иргэн “СХД-ийн тойргийн автобусны буудал дээр хогийн сав тавих хэрэгтэй. Энд тэндгүй хог хөглөрөөд, нэг бол салхинд хийсчих юм” гэжээ.

Сайдын тушаал газарт буусангүй

Манай улсад Барилга хот байгуулалтын сайдын 2017 онд гаргасан тушаалыг дагаж мөрддөг. Уг тушаалаар нийтийн тээвэрт хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даасан байдлыг хангах, нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэж заасан байдаг. Мөн автобусны зогсоол хамгаалалтын тоноглол, камерын системтэй байхыг тусгажээ.  Гэтэл ихэнх автобусны буудалд камержуулалт, хамгаалалтын тоноглол байдаггүй. Үнэндээ салхинаас нөмөрлөчих саравч, хөлөө амраачих сандал ч үгүй зогсоолд  камерын систем суурилуулна гэдэг үлгэр биз. Автобусны буудлаас стандарт нэхэх нь тансаглал биш энгийн хэрэглээ гэдгийг хаана хаанаа ойлгох цаг болжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хөөхөй дөө.Энэ чинь аль үе болж байна вэ?

    0 0 Хариу бичих