Тусгаар тогтнолоо баталгаажуулсан түүхэн өдөр

Тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний санал хураалт явуулсан түүхэн өдөр тохиож байна. БНМАУ-ын тусгаар тогтнолыг батлах бүх ард түмний санал хураалт 1945 оны 10 дугаар сарын 20-нд явагдаж 18 аймаг, Улаанбаатар хот, МАХЦ, Хязгаарын цэрэг, 3ХУ-д сурч ажиллаж байсан 487285 хүн буюу нийт сонгогчдын 98.6%  нь оролцон, бүгд тусгаар тогтнох эрмэлзлээ баталжээ.

      Ялтын бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх дараагийн шатны үйл ажиллагаа болсон Зөвлөлт-Хятадын хэлэлцээрийн гол асуудлын нэг нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг ДИУ-аар хүлээн зөвшөөрүүлэх явдал байж, талууд удаан зөрөлдсөний эцэст “…Япон ялагдсаны дараа хэрэв БНМАУ-ын хүн ам тусгаар тогтнох эрмэлзлээ баталбал Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрнө” гэсэн нотыг 1945 оны 8 сарын 14-нд солилцжээ.

      Япон улс дайнд ялагдсанаа хүлээн бууж өгсний дараа 1945 оны 9 сарын 21-нд хуралдсан БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 76-р хурлаас “Бүх ард түмний саналыг тус улсын бүх дэвсгэр нутаг дээр 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэгэн зэргээр гаргуулах” тогтоолыг батлан, 85-р хурлаас санал хураалтыг явуулах зааврыг гаргав. Санал хураах Төв ба салбар комиссууд байгуулагдан бэлтгэл ажлыг сар хүрэхгүй хугацаанд хангаж явуулж байсан тухай мэдээлэл архивт байна.  Санал хураалтын дүнгийн тухай Төв комиссын тогтоолыг Улсын Бага хурлын Тэргүүлэгчид батлан 11 сарын 10-нд ЗСБНХУ, ДИУ-ын Засгийн газарт илгээжээ.

     ДИУ-ын Засгийн газрын төлөөлөгч Ли Фа жаныг дагалдсан 12 хүнтэй баг Улаанбаатар хотын 3,5,8-р хороо, Төв аймгийн Лүн сумын 1-р багт санал хураалтын явцыг ажигласан. Санал хураалтын дараа Ли Фа жан“Үнэн” сонины сурвалжлагч Ц.Дамдинсүрэнтэй ярилцаж, 11 сарын 1-нд “Гадаад Монголын ард түмний санал хураалтын тухай илтгэл”-ийг ерөнхийлөгч Чан Кай Ши-д өргөн барьжээ. 1946 оны 1 сарын 5-нд Дундад иргэн улсын Засгийн газраас  БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдлийг гаргав.  Санал хураах Төв комиссын орлогч дарга Ч. Сүрэнжав тэргүүтэй төлөөлөгчид 1946 оны 2 сарын 8-нд Чунчинд очиж, санал хураалтын дүнг танилцуулан Засгийн газартай хэлэлцээ явуулсны дүнд 1946 оны 2 дугаар сарын 13-нд БНМАУ, ДИУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох, элчин төлөөлөгчөө харилцан суулгах тухай нот бичиг солилцжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)