Цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгуулжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгуулах тухай тогтоолын төсөл батлагдсаныг БОАЖ-ын сайд Н.Уртнасан танилцууллаа. 

Тэрээр "1998 онд Цөлжилттэй тэмцэх үндэсний хороог БОАЖ-ын сайдын тушаалаар байгуулж байсан боловч 2015 онд тус хороог татан буулгаж, үндсэн чиг үүргийг нь БОАЖЯ-нд харьяалуулахаар шийдвэрлэсэн. Цаашид бид уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах, хөрс хамгаалах, цөлжилтийн нөлөөг багасгахад чиглэсэн олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд тус үндэсний хороог байгуулахад шаардлагатай гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд Монгол улсад 5 удаагийн цөлжилтийн үнэлгээ хийсэн. 2020 онд хийсэн үнэлгээгээр Монгол орны нийт газар нутгийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай цөлжилтөд өртсөн байна. Үүний 23 хувь нь буюу 30 орчим сая га талбай цөлжилтөд хүчтэй өртсөн. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг 2030 он хүртэл үе шаттайгаар зохион байгуулахад энэхүү Үндэсний хорооны бүтэц бүрэлдэхүүнийг зөв ашиглаж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэл дээр тус хороо ажиллана. Ингэхдээ уулнаас мод шилжүүлэн суулгах ажлыг дэмжихгүй. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 9.2 сая суулгац байгаа. Хэрэв 100 сая суулгац хэрэгтэй гэвэл одоо байгаа нөөцөө 10 дахин нэмэгдүүлэх шаардлага бий. Тиймээс мод үржүүлгийн аж ахуй нэгжүүдийг урамшуулах, үйл ажиллагааг нь дэмжих бодлого баримтална" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)