Тавантолгой ДЦС-ын барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерийг энэ долоо хоногт зарлана

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл өглөө.

Тэрээр "Цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах зорилгоор Засгийн газраас шинээр 16 эх үүсвэрийг барьж байгуулахаар тусгасан. 3 чиглэлд энэ 16 эх үүсвэрийг хэрэгжүүлэх юм.

  • Эхний чиглэл нь одоо байгаа цахилгаан дулааны эх үүсвэрүүдийнхээ хүчин чадлыг өргөтгөх
  • Хоёрдугаарт хатуу түлшээр ажилладаг технологитой эх үүсвэр барих
  • Гуравдугаарт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барина. 

Үүнээс төр өөрөө барих 450 мегаватт хүчин чадалтай Тавантолгой нүүрсний уурхайг түшиглэсэн Тавантолгой ДЦС-ын барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерийг энэ долоо хоногтоо зарлана. Энэ станц говийн бүсийн хэрэгцээг бүрэн хангахаас гадна томоохон төсөл, үйлдвэрийн хэрэглээг хангаж, шаардлагатай тохиолдолд төвийн эрчим хүчний нэгдсэн системд эрчим хүч нийлүүлэх боломжтой. Томоохон төсөл дунд Оюутолгой багтаж буй. Оюутолгой нь Хятадаас 110-120 сая ам.долларын өртөгтэй цахилгаан эрчим хүчийг авч байна. Үүнийг орлох боломжтой. Тавантолгой дулааны цахилгаан станцын ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулсан ба 808 сая ам.доллар шаардлагатай. Энэ эх үүсвэрийн 30 хувийг Засгийн газар гаргаж, 70 хувийг зээлийн хөрөнгөөр хангана" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)