Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойд зориулсан “НҮБ-ын 7 хоног” эхэллээ

Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын 101 дэх гишүүнээр элссэн. Туурга тусгаар улс гэдгээ дэлхийн түвшинд тунхаглан зарлаж, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны 60 жилийн ой энэ онд тохиож байна.

Энэхүү ойтой холбогдуулан Гадаад харилцааны яам, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын системийн байгууллагууд хамтран 10 дугаар сарын 20-27-ны өдрүүдэд “НҮБ-ын 7 хоног” арга хэмжээг зохион байгуулж буйг энэ сарын 18-ны өдөр болсон хэвлэлийн бага хурлаар зарлалаа.

Уг хэвлэлийн бага хурал дээр НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Монголын ард түмэнд хандан Монгол Улс НҮБ-д элсэж, бүрэн эрхт гишүүн болсны түүхт 60 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ.

Монгол Улс болон НҮБ-ын хамтын ажиллагаа нь батжин бэхжиж харилцан үр ашигтай түншлэлийн харилцаа болон өргөжсөнийг тэрбээр цохон тэмдэглэв.

“Монгол Улс дахь НҮБ нь ардчилсан засаглал, хүний ​​эрх, нийгэм, эдийн засгийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, улмаар дасан зохицох, байгаль орчныг хамгаалах зэрэг олон салбарыг хамарсан хөгжилд хувь нэмэр оруулж буйд баяртай байна” гэв ноён Мишра хэлсэн үгэндээ онцоллоо.

Тэрбээр цааш нь, “Тус улс дахь НҮБ-ын Удирдлагын багийн зүгээс Монгол Улсын хөгжлийг тогтвортой, хүртээмжтэйгээр хурдасгахын тулд дараагийн 60 жилд ч хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийг эрмэлзэх болно” гэв.

Өнөөдөр болсон НҮБ-ын 7 хоногийн нээлтийг Улаанбаатар хотоос 15 км зайд орших Баянзүрх хайрханы энгэрт доройтсон ойг нөхөн сэргээх мод тарих хүндтэй үйлсээр эхлүүлсэн бөгөөд уг үйл ажиллагааг Гадаад харилцааны сайд Б. Мөнхжин нээж үг хэлэв. Тэрбээр, цөлжилт, газрын доройтлыг сааруулах хамгийн үр дүнтэй арга зам бол мод тарих явдал юм гэдгийг хэлсэн үгэндээ онцлон дурьдлаа.

Энэхүү нээлтийн арга хэмжээнд ГХЯ, НҮБ-ын хамт олноос гадна БОАЖЯ болон Нийслэлийн Байгаль Орчны газрын төлөөлөгчид, мөн ахмад дипломатууд оролцов.

НҮБ-ын 7 хоногийг мод тарих үйлсээр эхлүүлж байгаа нь мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы индэр дээр хэлсэн үгэндээ дэлхий нийтийн өмнө тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг нөлөөг даван туулахад хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол улсад тэрбумаар тоологдох мод тарих хөдөлгөөнийг дэмжсэн явдал боллоо.

Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсноос хойш тус байгууллагын үндсэн зорилго, зарчмуудыг тууштай дэмжиж, өөрийн хувь нэмрээ оруулж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Эдүгээ бид 193 улстай дипломат харилцаа тогтоож, 294 олон талт гэрээ, конвенцид нэгдэн ороод байна.

Өнөөдрийн байдлаар НҮБ-ын 11 байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагууд хүний эрх, нийгэм, эдийн засгийн хөгжил, ардчилсан засаглал, уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчныг хамгаалах зэрэг олон салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, Монгол Улстай хамтран ажилладаг юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)