Тэдний ирээдүйдээ бэлэглэсэн “Шидэт хайрцаг”

Кофе уух зуураа ярилцсан найзуудын санаа ердөө сар гаруйхны дараа хүүхэд багачуудад гэрэл түгээх “Magic box” болж хувирав. “Magic box”-ыг товчхон танилцуулвал Монгол орны 330 сумын аль нэгэнд байрших, орчин үеийн бүхий л тав тухыг хангасан зөөврийн номын сан, сургалтын төв юм.  

“Magic box” таван өдрийн турш талбайд байршина

Найзуудын санаа төдийхэн байсан зүйл “АПУ” компанийн контейнер, “Аlpha book” номын дэлгүүрийн 30 саяын хандив, “Коrea cable”-ын шалны халаалт, “70х10” компанийн сэтгэлтэй залуусын дэмжлэгээр биеллээ олж, өнөөдрөөс Чингисийн талбайд байрлан номын санд байрлах номын хандиваа хүлээж авч эхэллээ. “Байрлах” гэж багагүй шалгуурыг давсан ч “Magic box” руу зорчих урсгал хүмүүсээр дүүрэн. Уншиж дууссан номоо хандивлах бяцхан гүнжүүдээс эхлээд номын дэлгүүр, аяллын компани, сургалтын төвийнхөн гээд нас насны хүмүүсээр дүүрэн байв. Бас тэдний ихэнх нь залуус байгаа нь бахархалтай. Чемодан дүүрэн ном авчирч хандивлах охиныг харахад өөрийн эрхгүй хайр хүрэв. Түүнтэй зэрэгцэн уут дүүрэн ном торлосон залуус хоёр гурваараа ирж ном хандивлав. Номын хандив хүлээж аваад ердөө цаг гаруйн хугацаа өнгөрсөн ч 30-аад иргэн ном хандивлаж, контейнерт байрлуулсан тавиуруудын тал нь дүүрэх дөхжээ. Төслийн багийн залуус ч үүнд урамшиж байгаа нь илт.  “Таван өдрийн турш энд байрлаж, номын хандив хүлээж авна шүү” гэх мэдээллийг зорин ирсэн хүн бүрт хүргэж байна лээ.

Ч.Ганжавхлан: Гаднаас нь харахад зүгээр нэг контейнер шиг харагдавч энэ бол маш том гэрэл юм

Төслийн санаачлагчдын нэг Ч.Ганжавхлан “Төслөө “Үндэсний өгөх өдөр”-өөр танилцуулж, номын хандиваа хүлээж авах гэж маш их хичээлээ. Хандив их, багадаа биш сэтгэлдээ.  Хүүхдэд юм хийгээд өгчих юмсан гэсэн хүмүүсийн сэтгэл эндээс харагдана. “Magic box” төслийг бүтээх өртөг яаж ч өслөө гэхэд 100 сая төгрөг хүрэхгүй. Аймаг, сумд хаалга, суварга барихынхаа оронд үүнийг бүтээчихвэл гэж бодож байна.  Хотын төвд цагаа зөв боловсон өнгөрүүлэх маш олон газар байдаг ч хоёр уул  давахаар харанхуй гудамж, хоёр худаг, хэдэн архичин хүмүүс л байна. Тийм учраас бага ч гэсэн гэрэл түгээхээр энэхүү төслийг эхлүүлсэн. Монгол орны 330 сум “Magic box”-той болоосой гэсэн мөрөөдөл байна. Энэ төсөлд хамтарч ажиллая гэвэл бид үргэлж нээлттэй байх болно.  Эхний загвараа амжилттай гаргаж, шийдлээ олсон учир дараа дараагийнх нь илүү хурдан хугацаанд босох болов уу гэж харж байгаа. Гаднаас нь харахад зүгээр нэг контейнер шиг харагдавч энэ бол маш том гэрэл юм” гэсэн юм.

“Magic box” гаднаасаа байдаг л нэг агуулах контейнер шиг харагдах боловч тэр дотор 20-иод хүүхэд нэг зэрэг тухлан суугаад ном унших боломжтой.  Бас цэлгэр уудам шилэн цонх, боловсон бие засах газар, угаалтууртай.  Алс холын буйдхан тосгонд ийм нэгэн  “Шидэт хайрцаг” хүүхэд багачуудад ямархан гэрэл түгээхийг төсөөлж л байгаа биз дээ.  Ч.Ганжавхлангийн хэлсэнчлэн хүүхдэд юм хийгээд өгчих юмсан гэсэн хүмүүсийн сэтгэл үнэхээр эндээс харагдсан. “Magic box” төслийн төвийг өнөөдөр хүлээлгэж өгөхийн тулд угсралтыг хийсэн компани 5-6 өдрийн захиалгаа цуцалж, энэ төслийг 30 сая төгрөгөөр ивээн тэтгэж буй “Alpha book” номын дэлгүүрийнхэн зохиолч Г.Аюурзанын “Шинэ үеийн номын сан” 19 ботийг 198000 төгрөгөөр худалдаалж,  100 мянган төгрөгийг 100 хувь “Magic box” төсөлд зарцуулсан.  Тэднээс гадна үүний цаана цаг наргүй зүтгэсэн олон залуу бий. Дурдаад байвал дуусахгүй. Санаачилсан, гүйцэтгэсэн, оролцсон эдгээр залуус  ирээдүйдээ ийм л тод гэрэл асаачихлаа. Гэрлийг нь та төсөөлж харж л байгаа байх.

Гэхдээ “Magic box” төв Монгол Улсын 21 аймгийн 330 сумын нэгэнд нь л суурьшна. Ингэхдээ  байгууламжийг байрлуулах газар нь тѳслийг хариуцаж ажиллах хүн болон цалинжуулах боломжийг шийдсэн, аюулгүй байдал, тасралтгүй ажиллагааг хангасан, мөн байгууламжийг орон нутагтаа хүргэх зардлыг шийдсэн байх ёстой. Төслийн тендер шалгаруулалтыг хэдийнэ зарласан ч өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Мөнххаан, Ховд аймгийн Жаргалант сум л шаардлагыг хангасан материал өгөөд буй бөгөөд энэ сарын 5-ныг дуустал материалаа хүлээж авч, хаана байршуулахаа эцэслэн шийдвэрлэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ард түмний хандиваар цуглуулсан 2 тэрбум гаруй төг хаана бгаа вэ. Ядахдаа хүүхдийн ордныхоо шавыг ч гэсэн тавихгүй ингээд банкинд хүүлээд суугаад байх уу. Херо билүү нэг нөхөрт л байх ёстой. Яасан шунал нь барагддаггүй өсөхийн өлөн шунал нь дарагддаггүй новшнууд вэ. Багадаа дутуу гачуу өссөн юмнууд нээрээ яаж ч баяжсан өлөн нь арилдаггүй гэж үнэн юмаа

    3 0 Хариу бичих