Африк дахь шинэ өрсөлдөөн

1991 онд ЗХУ задарч, буурин дээр нь ОХУ байгуулагдав. Оросууд шинэ мянган гарах хүртэл дотооддоо нэлээд зүдэрсэн гэх бөгөөд 2000 оноос хойш Владимир Путины эрин үе үргэлжилж байна. Оросын зэвсэгт хүчин 1991 оноос хойш Гүрж, Абхаз, Транснистр, Умард Осет, Тажикистан, Чеченийн дайн, зэвсэгт мөргөлдөөнд шууд ба шууд бусаар оролцжээ. 2014 онд Крымийг бүрэлдэхүүндээ нэгтгэж, Донбасс буюу Донецк, Луганьск дахь Оросын талыг баримтлагчдыг дэмжих болов. 2015 оноос Сирийн иргэний дайнд Башар аль-Ассадын талд агаарын дэмжлэг үзүүлж татагдан оров. Оросууд Крымийг авч, Сирид нисэх хүчний ажиллагаа явуулах болсон нь Хар тэнгис болон Газар дундын тэнгист гарцтай болох гэсэн геополитикийн ашиг сонирхолтой нь холбоотой гэж түүхч, судлаачид тайлбарладаг. Оросын цэргийн идэвхтэй үйл ажиллагаанд хувийн гэрээт компани нэртэй боловч улс төр, зэвсэгт хүчинтэй ойр холбоотой “Вагнер групп” хувь нэмрээ оруулж байна. “Вагнер групп”-ын цэргийн сургагч, тусгай албан хаагч нар Африкийн хэд хэдэн улс оронд байр сууриа бэхжүүлээд эхэлжээ.

“Вагнер групп” бол хувийн цэргийн компани бөгөөд 2014 оноос Донбасс, Сири, Ливи дэх зэвсэгт мөргөлдөөнд татагдан оролцсоноор дэлхийн хэвлэлүүдээр нэр нь бичигдэх болжээ. “Вагнер групп”-ыг Оросын цэргийн тагнуулын албаны дэд хурандаа Дмитрий Уткин байгуулсан гэх бөгөөд Уткин 2016 онд Эр зоригийн одонгоор шагнуулж, Владимир Путинтэй зургаа татуулсан. 2017 онд АНУ-ын Засгийн газар Дмитрий Уткины эсрэг хориг тавьжээ. “Вагнер групп”-ын санхүүжүүлэгч буюу эзэмшигч нь Путины ойрын хүрээлэлд багтдаг Евгений Пригожин мөн гэдэг. “Вагнер групп” чухам хэдий тооны гэрээт ажилтантай, ямар зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулдаг нь нууцлаг ажээ. Удирдлагууд нь Кремльтэй их ойр учраас яг хувийн компани гэж хэлэхэд эргэлзээтэй бөгөөд Америкийн “Нью Йорк таймс” сонин “Вагнер групп”-ыг ОХУ-ын Батлан хамгаалах яамны нэгж хэсэг ч гэж тодорхойлжээ.

Саяхан Мали улсын Засгийн газар “Вагнер групп”-тэй аюулгүй байдлыг хангах, терроризмын эсрэг тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тохиролцоонд хүрчээ. Тохиролцооны дагуу Оросын гэрээт цэргүүд Малийн улс төрийн өндөр албан тушаалтнуудыг хамгаалахаас гадна зэвсэгт хүчинд нь сургагчаар ажиллана. 1000 орчим Орос цэргийг хөлсөлсний төлбөрт сар бүр 10.8 сая доллар төлөх юм байна. Ийм хамтын ажиллагааг Франц, АНУ ихэд эсэргүүцэж, Малийн шилжилтийн Засгийн газрын удирдлагуудыг ятгах гэж оролдсон хэдий ч амжилт олсонгүй бололтой. Малийн нийслэл Бамако хотод Оросын төрийн далбааг барьсан жагсагчид цугларч, одоо францчууд бидэнд хэрэггүй болсон хэмээн хашхиралдах ажээ. Сахелын бүс нутаг дахь Францын орон зайг оросууд нөхөх юм болов уу. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд 2013 онд Сахелын бүс нутаг дахь исламын терроризмын эсрэг тэмцэлд туслах зорилгоор цэргээ илгээж байсан юм. Тэр үед Франц улс дэлхийн тэргүүлэх тоглогчдын нэг бөгөөд гадаад дахь бодлогоо сэргээн эрчимжүүлэх шаардлагатай гэх үзэл санаа яригдаж байлаа. Ф.Олландын халааг авсан Эммануэль Макрон ч гэсэн Франц улс олон улсад хүчтэй байх ёстой гэж үзсэн. Тэрээр Африкт айлчилж, тэнд үүрэг гүйцэтгэж буй цэргийн албан хаагчидтайгаа уулзах үеэрээ Франц бол дэлхийн тавцанд том байр суурьтай улс шүү гэдгийг сануулж байв. 2013 оноос хойш Сахел орчимд 55 франц цэрэг амь эрсэдсэн. Гэвч АНУ, Францын Засгийн газар Сахелийн бүс нутаг дахь оролцоогоо хязгаарлахад хүрсэн нь Мали дахь улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой. АНУ Малийн зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлж, Исламын улс болон аль-Каеда бүлэглэлтэй холбоотой орон нутгийн жихадист бүлэглэлүүдийн эсрэг тэмцэлд тусалж байв. Гэтэл 2020 оны наймдугаар сард Малийн цэргийн эрхтнүүд төрийн эргэлтээр засгийн эрхэнд гарсантай холбоотойгоор хамтын ажиллагаагаа зогсоожээ. Өнгөрсөн зургаадугаар сард Франц улс Мали болон хөрш зэргэлдээ улс орнуудад үүрэг гүйцэтгэж буй 2000 орчим цэргээ эргүүлэн татна гэж мэдэгдэв. Сахелийн бүс нутаг дахь Францын бие бүрэлдэхүүний тавин хувиар бууруулна гэсэн үг.

Сири, Ливиэс эхэлсэн Оросын цэргийн оролцоо ийнхүү Мозамбик, Судан, Мали, Төв Африкийн бүгд найрамдах улсаар дамжин өргөжиж байгааг харж байна. Төв Африкийн бүгд найрамдах улсад “Вагнер групп”-ын 2000 орчим цэрэг байрлаж байгаа бөгөөд Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-д зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр “Тэд маань Африкт терроризмтой тэмцэж байна” гэж тайлбарласан. Үнэндээ Францын армийн Сахелийн бүс нутаг дахь ажиллагаа үнэхээр үр дүнд хүрсэн үү гэдэг нь эргэлзээтэй. Өнгөрсөн найман жилд Сахарын цөлд бүгсэн исламын зэвсэгт бүлэглэлүүд Мали улсаас гадна Буркина Фасо, Нигер улсад ч үйл ажиллагаагаа идэвхжүүлжээ. Малийн олон нийтийн зарим хэсэг нь Францын цэргийн оролцоо нь нөхцөл байдлыг улам хурцатгаснаас гадна францууд эдийн засаг, улс төрийн ашиг сонирхол давхар агуулдаг нь асуудлыг улам ээдрээтэй болгосон гэж тайлбарлажээ. Харин француудтай харьцуулбал оросуудад Малийн улс төрд нөлөөлөх сонирхол огт байхгүй гэж бичсэн байна. Тэгэхээр Мали дахь Оросын оролцоог иргэд нь төдийлөн эсэргүүцэхгүй байгаа нь харагдана.

Афганистан дахь Америкийн 20 жилийн дайн өндөрлөж, талибууд өнгөрсөн наймдугаар сард ялалтаа зарлан тунхагласан билээ. Үүнтэй адилаар Баруун Африк дахь Францын оролцоо буурсан нь исламын зэвсэгт бүлэглэлүүдийн хувьд ялалт юм гэж зарим хэвлэлд бичсэн байна. Цаашид Африк дахь Оросын цэргийн оролцоо хэр өргөжиж, ямар үр дүнд хүрэхийг хэлэхэд эрт. Гэхдээ оросууд барьцаа улам лавшруулна уу л гэхээс орхихгүйг Сири, Ливи дэх ажиллагаанаас нь харж болно. Тэр дундаа Оросын улс төр, цэрэг, тагнуулын албатай нягт холбоотой “Вагнер групп” зэрэг компаниуд Африк дахь бодлогыг нь төлөөлснөөс өөрцгүй харагдаж байна. Ер нь коммунист-капиталист дэглэмийн хоорондох хүйтэн дайн өндөрлөснөөс хойш хувийн хамгаалалтын болон гэрээт цэргийн компаниуд дайн, зэвсэгт мөргөлдөөнд татагдан оролцох нь элбэг болжээ. Тэдгээр хувийн компаниуд нь илүү уян хатан, хямдхан, найдвартай ажиллагаатай бөгөөд жирийн цэргүүдтэй харьцуулбал байлдааны ур чадвар нь ч арай илүү гэгддэг. Энд зөвхөн Африк дахь “Вагнер групп”-ын тухай яригдаагүй. Ирак, Афганистанд Америкийн гэрээт цэргүүд ч идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн. 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш АНУ-ын Засгийн газраас зэвсэгт хүчиндээ зарцуулсан мөнгөний бараг тэн хагас нь гэрээт компаниудтай байгуулсан ажлын хөлс байжээ. Цаашид ч энэ хандлага улам өргөжих төлөвтэй. Учир нь, орчин үед том гүрнүүдийн хилийн чанад дахь ажиллагаа нь дотоодын улс төр, олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгардаг болсон учраас хувийн компаниудын оролцоо цаашид ч нэмэгдэнэ.

“Вагнер групп” бол Оросын ашиг сонирхлыг хилийн чанадад төлөөлдөг прокси цэргийн байгууллага мөн” гэж барууны судлаачид бичиж байна. ЗХУ-ын үед ч жинхэнэ зэвсэгт хүчинд харьяалагддаггүй боловч сайн дурынхан нэртэй зэвсэгт дайчдыг хилийн чанад руу илгээж байсан түүхтэй. Жишээ нь, 1937 оны Хятад-Японы дайнд Зөвлөлтийн сайн дурынхны групп нэртэй нисэх хүчний бие бүрэлдэхүүнийг Хятадад илгээж тусалсан. Мөн ЗХУ зөвлөх нэрийн дор цэргийн мэргэжилтнүүдээ Ойрхи Дорнодод илгээж, Сири, Египет, Ливи зэрэг олон улс орны цэрэг армийг бэлтгэж сургахад тусалсан түүхтэй. Тийм учраас гадаад дахь Оросын цэргийн оролцооны түүх бүр ЗХУ-ын үеэс эхлэлтэй ажээ.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих