Төрийн мэдээллийг яавал өгөхгүй байх тухай хууль

2021.11.15.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан чуулганы хуралдаан дээр “Миний гар утасны дугаарыг хаанаас олж авсныг мэдэхгүй, над руу тоос сорогч авах уу гэж залгасан” тухай гомдоллоод өөрийнхөө мэдээллийн аюулгүй байдлыг хангахыг шаардсан байна. Шаардлага нь энэ өдрүүдэд хэлэлцэж байгаа Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар шууд биелэнэ. Томчуудын утасны дугаарыг мэддэг хүмүүс бушуухан мартсугай.

Урьд нь би эрхэм гишүүд утасныхаа дугаарыг ард түмэндээ, тэр дундаа тойргийнхоо сонгогчдод амлалт шигээ түгээдэг, шөнийн гуравт залгасан ч үсэрч босоод сонсдог хүнд хүчир ажилтай гэж боддог байлаа. Үүний төлөө ярианы төлбөрийг нь улсаас төлж, чуулганы хуралдаан дээр утсаар чөлөөтэй ярьж болдог. Гагцхүү сонгогчдын тоо мянга түм учраас дуудлага болгоныг авч чадахгүй байж болох. Тэгвэл туслахдаа даатгана биз. Харин утсаа авч ярьчихаад түүнийгээ орон даяар задалж сүржигнэх хэрэг юун. Ер нь Их хурлын гишүүнээс тоос сорогч хэрэгтэй эсэхийг асууж яагаад болохгүй гэж? Ковид биднийг ялгадаггүй юм билээ гэж айлдсан өөр нэг гишүүний адил тэнгэрийн амьтан.

Ардчиллын орон зай хумигдаж байгаа талаар энд тэндгүй ярьдаг болжээ. Гол шалгуур болсон сонгох сонгогдох эрх хэвээр мэт боловч төрийг зайдагнан өөрсдийгөө гагнаж суугаа тэднийг харж 2024 оныг хүлээнэ. Үг хэлэх эрх чөлөө гэж сайхан юм байдагсан. Гэтэл ам нээснээсээ болж байн байн хэрэгт шийтгүүлнэ. Эхлээд Зөрчлийн хуулиар торгоно, тэгээд цааш ахиулна… Таг дуугүй сууя, харин ганц үлдсэн мэдэх эрхээ эдлэе гэхэд бас л бүтэхгүй болж байна.

Хэдий хэрэгждэггүй ч нэрээрээ бага сага тайвшруулдаг байсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тун удалгүй цуцлагдаж Нийтийн мэдээллийн тухай хуулиар солигдоно. 2011 онд тэр хуулийг батлахын өмнө хэсэг зуур хэлэлцүүлэг өрнүүлж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос нээлттэй сонсгол зохион байгуулсныг санаж байна. Хэдэн мөр тэмдэглэл үлджээ.

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл:

-Хуулиар төр мэдээлэл өгнө гэхлээр мэдээллийн оронд сурталчилгаа хийгээд эхэлдэг. Стандарт тогтоохгүй бол төр мэдээлэл өгөх нэрээр сурталчилгаа хийж байна. Төрийн байгууллагууд бүгд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байна.

УИХ-ын гишүүн Р.Раш:

-УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч ил тод мэдээллээ өгөөд балбуулаад байдаг. Гэтэл эдийн засгийн талын байгууллагууд хаалттай, тэгээд зүгээр өнгөрөөд байдаг… Гэгээлэг мэдээ хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Д.Энхбат:

-Төр өөрт байгаа мэдээллээ л өгнө. Байхгүй мэдээллээ өгөхгүй... Төрийн нууц, бизнесийн үйл ажиллагааны нууц гэж байна. Байгууллагын нууц гэсэн ойлголт байж болохгүй … Төр, иргэний уулзах цэг бол Интернэт.

УИХ-ын гишүүүн Су.Батболд:

-МҮОНТ-ийг ажиглаж байна уу. Реклам яваад ч байх шиг… Би Улаанбаатарт газар авмаар байдаг. Гэтэл хаана газар байгаа тухай мэдээлэл байхгүй… Ингээд мэдэх арга тодорхойгүй учраас таньдаг хүн хайж асуух хэрэгтэй болдог.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Төрийн байгууллагын сайтуудад зөндөө мэдээлэл байна. Ашиглахгүй байна. Нээлттэй мэдээлэл байхад гүжирдвэл хариуцлага ярих хэрэгтэй.

Нэг иймэрхүү яриа болсон. Үүнээс хойш арван жил өнгөрчээ. Нэрнэээс нь мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрх зэрэг үгс хасагдсан шинэ хуулийн төслийг олон нийт, хэвлэл мэдээллийнхэн ихээхэн шүүмжилж байгаа. Хэлэлцүүлэг, өргөх бичиг гээд. Хэрвээ батлагдвал Үндсэн хуулийн цэцэд хандах бодолтой хүмүүс ч бий. Гэхдээ эрх баригчид Хувийн мэдээллийг хамгаалах хуулийн урд хойно оруулан төөрүүлж байгаад хүссэнээрээ хийх тодорхой. Их хурлын дарга Г.Занданшатар сэтгүүлч хүн хэн нэгнийг шүүмжлэхээсээ өмнө өөрөөс нь няцаалт авах хэрэгтэй гэж индэр дээрээсээ зааварлах хүртлээ бяр амтагджээ. Тэгвэл “Эрхэм гишүүнээ, таны тухай нэг ийм юм бичлээ. … За энэ хэсгийг хасчихья… Энд гарын үсгээ зураад зөвшөөрөл өгнө үү” гэдэг болно, сонинд юм уу сайтад гаргасны доорхи “Болор дурангаар шалгав”-ын араас “Ц.Анандбазар гишүүний зөвшөөрөлтэй нийтлэв” гэх мэт тэмдэглэгээ нэмэгдэнэ…

Мэдээлэл авах эрхийг мэдээллийн дэд бүтэц, технологийн шат дамжлага, дотоод зохицуулалт дунд живүүлж, нээлттэй байлгана гэснээ хүртэл … тухай мэдээлэл, дүн мэдээ, хэрэгжилт, явц, үр дүн, үндэслэл шалтгаан, нэгдсэн үзүүлэлт, байдал, хууль тогтоомжинд заасан бусад мэдээлэл гэх мэт яг тодорхойлох аргагүй, юуг ч харуулаад ам хааж таглаж мэдэх нэр томъёо, нэршлээр (үүнийг манайхан 50-60 төрлийн мэлээллийг саадгүй өгөх нь хэмээн хууртаад байгаа) толгой эргүүлсэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн зүйл, заалтыг засаж сайжруулах боломжгүй. Тэртээ тэргүй байгаа, хэдэн зуун төрлийн мэдээллийг хар нүх адил сорж хамсан төрийн, албаны ба хувийн нууцын урдуур дахиад хаалттай, хязгаарлагдмал гэсэн зохиомол ангиллаар давхар хана босгож анхнаасаа буруу замаар орчихсон хууль. Хаах, хязгаарлахыг жинхэнээсээ үзүүлж өгсөн байна.

Дурын нэг заалтыг, жишээлбэл, “8.4.9. Шилэн дансны хөтлөлт, хэрэгжилт, аудитын тайлан, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл” гэснийг уншихад гарт барих аргагүй ерөнхий, зөвхөн хавтас, гарчиг төдийг ямар нэгэн задаргаагүй, албан тушаалтны таалалд нийцсэнийг дэлгээд, халтайг дараад үлдэхэд хуулийг биелүүлсэнд тооцно. Энэ бол нууцлах ёстойг жагсаагаад бусад бүх мэдээлэл нээлттэй гэж заасан өмнөх хуулиас ухрах бүү хэл буцаж зугтсан хэрэг юм.

Уг нь хамаагүй илүү, хялбар бөгөөд үр дүнтэй арга зам байна. Энэ бол төрийн байгууллагын буюу албан тушаалтны гарын үсэг зурж тамга дарсан бүх шийдвэрийг ил тод болгох явдал юм. Хичнээн муу сайнаар хэлүүлдэг ч Монгол Улсад төрийн, төсвийн, орон нутгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа огноо дугаартай, гарын үсэг, тамгатай шийдвэрийн дагуу явагдаж хүчин төгөлдөр болдог. Авлига өгч авсан ч ингэж л хийсэн байдаг. Энэ бол хамгийн баталгаатай ил тод байдал. Бас хариуцлага, хяналт. Даргаас гадна нягтлан гарын үсгээ зурж байж мөнгө гардаг шиг. (Эрдэнэс Монгол-ын Д.Хаянхярваа захирал байгууллагын мөнгөө нягтлангаасаа нууж ширээндээ хадгалсан байсан ч хэзээ нэгэн цагт авлигын шийдвэрт гарын үсэг зураад баригдах байсан) Дэлгэрүүлж тоочвол, Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, салбарын сайд, яамны төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн захирлын тушаал, аймаг нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ба Тэргүүлэгчдийн тогтоол, Засаг даргын захирамж, ЗДТГ-ын даргын тушаалыг бүгдийг цахим сайтад жагсаан байршуулбал жинхэнэ ил тод байдал!

Бүгдийг, жагсаалтаар, нэгийг ч алгасахгүйгээр! Ulaanbaatar.mn сайтад Нийслэлийн Засаг даргын захирамжийг байршуулахдаа А/733. Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай. 2021.09.24 гэсэн захирамжийн дараа А/748. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай. 2021.09.30 гэснийг оруулжээ. Энэ завсарт алгассан 6 өдрийн хугацаанд гаргасан 15 захирамжийн цаана юуг нуун авч үлдсэнийг ёстой таашгүй.

Төр яахаараа хамаг юмаа дэлгэх ёстой юм, нууц алдагдаж сүйд болно гэж сүйд болцгоох биз. Санаа зоволтгүй. Хэрвээ тийм тушаал, захирамж байгаа бол Төрийн ба албаны нууцын тухай хуулийн тийм заалтад хамаарах учраас агуулгыг дэлгэхгүй гэсэн тайлбар зүүхэд болно. Төрийн байгууллагууд дандаа хувь хүний нууцтай хамаатай шийдвэр гаргаад явдаг гэж бодохгүй байна. Бусдыг бүрэн, хавсралттай нь дэлгэх нь төрийн байгуулагын мэдээллийн ил тод байдлыг хангах хамгийн үр дүнтэй арга юм. Хэзээ хэнд ямар мэдээлэл хэрэг болж төрийн байгууллагаас нэхэхийг хүлээх шаардлагагүй, элдэв бичиг цаас, шат дамжлага, бүртгэл, зардал чирэгдэлгүй, албан тушаалтны ааш аягаас хамаарахгүй.

Төрд асар их мэдээлэл байгаа. Зөвхөн тушаал, шийдвэр, захирамжийг дэлгэснээр төрийн ил тод байдал хангагдах уу? Хангагдана. Яагаад гэвэл аль нэг даргын тушаал шийдвэргүйгээр хийгддэг томилгоо, зарцуулдаг төсөв мөнгө, баталдаг төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, тайлан, албажуулдаг журам дүрэм нэг ч байхгүй. Агуу шийдэл олж, эсвэл мянганы шилдэг хулгай дээрмийг сэдсэн ч түүнийгээ тушаал шийдвэр гаргаж байж хэрэгжүүлнэ. Төрийн байгууллага, албан тушаалтны сайн муу, зөв буруу бүгд энд байна.

Яг одоо төрийн байгууллагын бүх тушаал, шийдвэрийг ил тод болгоно гэж төсөөлөхөд ч бэрх, бас түвэгтэй санагдвал зөвхөн жагсаалтаас эхэлж болох юм. Жагсаалт ил байвал төрд ямар мэдээлэл байгаа, бас байхгүй нь шууд тодорхой болно. Тэндээс иргэн тус бүр өөрт хэрэгтэй мэдээлэл байгаа эсэхийг мэдэж, шаардлагатай гэвэл хүсэлт тавьж дэлгэрэнгүй авах үүд хаалга нээгдэнэ. Иргэд төрийн байгууллага, албан тушаалтны гаргаж байгаа ямар шийдвэрийг мэдэж байх эрхтэй. Нууцыг бол хүндэтгэнэ, дагана, гэхдээ дур зоргоороо нууцад оруулж, нууцын жагсаалтаа хүртэл нууцлахыг тэвчих ёсгүй.

Бүр 2011 онд төр зөвхөн мэдээллээ өгөх ёстой, сурталчилгаа явуулж болохгүй гэж УИХ дээр ярьж байжээ. Арван жилийн дараа харахад монголын хамгийн сурталчилгааны агентлаг, захиалагч, бас мөнгө төлөгч нь төр өөрөө болсон байна. Нийтийн мэдээллийн тухай хуулиар төрийн мэдээллийг нэгмөсөн журамлаж, бага багаар, баахан шалгаж байцааж байж өгдөг болно. Анхдагч, бодит мэдээлэл, өгөгдөл дутсан хэвлэл мэдээлэл буруу зөрүү хийнэ, алдана ононо. Дахиад чангална. Ядаж байхад манай хэвлэл мэдээлэл дээрээс дохиход хэзээ ч бэлхэн, олон нийтийн телевиз бол төрийн байгууллагуудын ухуулга сурталчилгаанд бүрмөсөн живж “авраарай” гэж орилохоо ч больжээ. Та бидний нүдний өмнө төр хамгаа нууж дахин хаагдаж байна. Зах зухаас сөхөж харахыг оролдвол хэрэгт орно.

Хэдхэн хоногийн дараа Нийтийн мэдээллийн тухай хууль батлагдана. Хэр хууль болохыг хоёрхон асуултаар шалгая. Шинэ хууль гарснаар нийслэл Улаанбаатар хот, түүний эргэн тойронд, Туулын эрэг дагуу, дархан цаазат Богдхан ууланд аль Засаг дарга, хэн гэдэг сайд хэзээ хэнд яг хаана, хэдий хэмжээний газар олгосон буюу олгож байгаа нь ил болох уу? Энэ мэдээллийг саадгүй авч чадах уу? Чадахгүй. Миний шалгалтанд уналаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)