Хяналтгүй хүнс хамжааргагүй хор

Хүнсний аюулгүй байдал, чанар стандарт зэрэг элдэв нэршил хаа сайгүй яригдаж, эрүүл хүнс, зөв хооллолтын талаарх асуудал энд тэндгүй сөхөгдөх болов. Түүгээр ч зогсохгүй одоогоос хоёр жилийн өмнө “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” гэх үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжиж, тус хөтөлбөрийн хэрэгжилтэд улсын төсвөөс багагүй мөнгө зарцуулсан.

Монгол хүн эрүүл, чанартай, шим тэжээл бүхий хоол хүнс хэрэглэх нь сайн хэрэг. Үгүй ээ, бүр зүйн хэрэг. Гэвч өнгөрсөн хугацаанд хүнсний аюулгүй байдлын талаарх нэр томьёо л чих дэлссэнээс нидэр дээрээ гарсан гавьяа, гавьсан өөрчлөлт алга. Ядаж л иргэд хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн хэрэглэдэг явдал өнөө хэр засраагүй байна. Энэ асуудал хөдөөд бүр ч хүнд. Орон нутгийн иргэд эрүүл, шим тэжээлтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь бүү хэл хадгалах хугацаа нь хэтэрч, хөгцөрч, иссэн хүнсээр хооллож байна.

Аймаг, хотоос алслагдсан сумдын худалдаа эрхлэгчид тэр бүр тээврийн зардал гаргаад, хот суурингаас бараагаа базаах боломж хомс учир нэг татахдаа их хэмжээгээр нь худалдаж аваад нөөцөлдөг аж. Ингэхээр хөдөөд худалдан авалт бага учир татсан бараагаа багадаа нэг улирал нөөдөг талаар учирлаж байлаа.

Улмаар тараг, талх, өндөг, жимс зэрэг ихэнх хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа дуусаж, мууддаг аж. Аль болох чанаргүй хүнс худалдаалахгүй байхыг хичээдэг ч хөдөөд шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл хомс, хүнсний дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүнээ тэр бүр шинэчлээд байх боломж хугас байдгийг хүнсний худалдаа эрхлэгчид хэлсэн юм.

“Хөдөө очоод хоёр сар болохдоо хүүхдийнхээ хоол, хүнсийг хот, аймгаас зөөлгөж иддэг байсан. Очоод удаагүй байхдаа тараг авахаар дүүгээ дэлгүүр явуултал хадгалах хугацаа нь хоёр сар гаруйн өмнө дууссан бүтээгдэхүүн өгөөд явуулсан. Солиулахаар буцаатал оросын цэнхэр савтай тараг өгөөд “манайд энэ хоёроос өөр тараг байхгүй” гэж хэлсэн байна лээ. Үнэхээр ч бүхэл бүтэн сумын хэмжээнд шинэ тарагтай нэг ч дэлгүүр байгаагүй. Хавар байсан учир малын гаралтай сүү, тараг гараагүй байсан цаг л даа. Ганц тараг ч гэлтгүй боорцог, талх гээд өдөр тутам хэрэглэдэг ихэнх бүтээгдэхүүний хадгалах хугацаа дууссан эсвэл дуусах дөхсөн байдаг. Сумын төвийн хүнсний дэлгүүрийнхэн хамтарч ачааны машин хөлслөөд нэг зэрэг бараагаа татдаг юм билээ. Тиймээс хүнснийх нь хадгалах хугацаа нь ойролцоо дуусдаг. Хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдаалж байгааг нь хэлэхээр “чи яасан маягтай юм, идээд үхсэн хүн алга” гэх зэргээр зэмлэх нэгэнтэй ч таарсан. Би бүр сумын хэсгийн төлөөлөгчид нь ч хандаж үзсэн. Надад энэ төрлийн хяналт тавих үүрэг байхгүй гээд халгаагаагүй” гэж нэгэн ээж учирлав.

Үнэхээр ч дээрх эмэгтэйн хэлсэнчлэн орон нутагт хүнсний бүтээгдэхүүний чанар, стандартад хяналт тавьдаг мэргэжилтэн байдаггүй аж. Гэхдээ энэ төрлийн үүрэг бүхий “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” гэж бий ч сайн дурын байгууллага учир нэр төдий л ажилладаг байна. Мөн хадгалах хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг хураах, устгах эрх, үүрэг нь хязгаарлагдмал бөгөөд худалдаа эрхлэгчид тавьсан шаардлагыг нь хүлээж авдаггүй талаар нэгэн сумын Засаг дарга мэдээллээ.

Тэрээр “Манай суманд төрийн алба хаагчид болон иргэдийн төлөөлөл нэгдээд “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” гэж байгуулсан. Энэ төрлийн нийгэмлэг сум бүхэнд бий байх. Тус нийгэмлэг хүнсний чанар, хадгалах хугацаа зэрэгт хяналт тавих үүрэгтэй. Гэхдээ төрийн өмчийнх биш учир иргэд тавьсан шаардлагыг нь тэр бүр хүлээж авдаггүй. Уг нь хүнсний чанар шалгах мэргэжилтэн суманд нэн шаардлагатай. Гэтэл энэ төрлийн орон тоо байдаггүй. Харин мал эмнэлгийн байцаагч, байгаль орчны байцаагч гэж бий. Хүнсний дэлгүүрт хугацаа дууссан бүтээгдэхүүн борлуулах тохиолдол элбэг ч бүгд муудсан хүнс зардаггүй. Худалдаа эрхлэгчдийн сэтгэл, хандлагаас их хамаардаг” гэсэн юм.

Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим, хугацаа зэрэгт хяналт тавих үүрэгтэй байгууллага бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Тус байгууллагын анхан шатны нэгж нь аймгуудад бий. Аймгийн мэргэжлийн хяналтын алба хаагчид сумдын дэлгүүрүүдэд тэр бүр хяналт тавиад байх боломж хомс аж. Түүнчлэн хүнсний хяналт тавьдаг байцаагч аймгийн хэмжээнд 1-2 л байдаг бөгөөд тэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ болон хүнсний чанар, стандартыг хариуцаж ажилладаг байна. Энэ талаар МХЕГ-аас тодруулахад “Сумдад Байгаль орчны байцаагч, Мал эмнэлгийн байцаагч гэж байдаг ч хүнсний байцаагч байхгүй. Хуулийн хүрээнд аймагт л байдаг. Гэхдээ хүсэлт гаргаад МХЕГ-аас эрх авах боломж бий ч хүнсний байцаагчтай сум тун цөөхөн. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс сүүлийн 10 гаруй жил хавтгайрсан хяналт шалгалтыг багасгах зорилготой ажиллаж байгаа. Тиймээс хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн худалдаалахгүй байх үүргийн аж ахуйн нэгжүүд өөрсдөө хүлээх хэрэгтэй. Үүн дээр иргэний хяналт шаардлагатай. Гэхдээ алслагдсан сумаас нэг иргэн гомдол ирүүлсний төлөө аймгаас унаа тэрэг гаргаад, хянаж шалгахад бас хүндрэлтэй. Манай байгууллагын зүгээс хүн амын төвлөрөл ихтэй, эрсдэлтэй бүс нутгуудад ихэвчлэн хяналт тавьдаг. Уг нь сумын ЗДТГ-аас аж ахуйн нэгжүүдтэйгээ хариуцлагын гэрээ байгуулаад, хяналт тавиад ажилладаг бол их зүгээр санагддаг. Тэгэхгүй бол МХЕГ-ын байцаагч нар сум бүхэнд тогтмол шалгалт хийх боломжгүй. Улсын хэмжээнд хүнсний хяналт тавих үүрэгтэй 200 байцаагч л бий. Тэдний олонх нь нийслэлд ажилладаг. Аймгуудад 1-3 л хүн энэ төрлийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хоол үйлдвэрлэл, үйлчилгээгээ давхар хариуцдаг” гэсэн юм.

Баянхонгор аймгийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчаас сумдын хүнсний чанар, стандартад хэрхэн хяналт тавьдаг талаар нь тодрууллаа. Тэрээр “Манай аймаг хангайн найм, говийн найм, тойргийн гурван сумтай. Эдгээр сумдад төлөвлөгөөний дагуу хүнсний хяналт, шалгалт хийдэг. Ингэхдээ жил, жилээр ээлжилдэг. Энэ жил говийн сумдад шалгалт хийсэн бол ирэх жил хангайн сумдад хяналт тавина гэсэн үг. Аймгийн хэмжээнд хоол, хүнсний чанар, аюулгүй байдал хариуцсан гурван байцаагч бий. Мэргэжлийн хяналтын байцаагчдыг хяналт шалгалтаар явах үед дэлгүүрүүд хаалттай байх, бараа бүтээгдэхүүнээ нуух тохиолдол мэр сэр гардаг. Хэрэв ингэвэл хуулийн дагуу арга хэмжээ авдаг” гэсэн юм.

Хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдаалах эсэх нь худалдаа эрхлэгчийн эрх, авах эсэх нь худалдан авагчийн сонголт байж болох ч хяналт, шалгалт хангалтгүй байгаагийн улмаас дээрх байдал хавтгайрч, иргэдийн эрүүл мэндэд ч эрсдэл учирч мэдэхээр байна. Гэвч харамсалтай нь чанарын шаардлага хангаагүй хүнс хэрэглэсний улмаас хордлогод орж, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн талаарх нэгдсэн тоо мэдээлэл улсын хэмжээнд алга. Гэтэл хугацаа нь хэтэрсэн, муудаж, иссэн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсний улмаас хүүхдүүд гүйлгэх, шим тэжээлийн дутагдалд орох зэрэг олон хүндрэл бий болдог байна. Энэ талаар нэгэн сумын Эрүүл мэндийн төвийн бага эмчээс тодруулахад “Хүүхдүүд жимсний нухаш, тараг зэргээс болоод хордлогод орох тохиолдол элбэг. Мөн суманд шим тэжээлийн дутагдалтай хүүхэд цөөнгүй бий. Хотынхон шиг элдэв ногоо, жимс шинээр нь хэрэглэх боломж бага учир хөдөө торниж буй хүүхдүүд мах, гурилаар л хооллож байна. Зун цагт тараг, сүүний бараа хардаг. Ний нуугүй хэлэхэд, хадгалах хугацааг нь харж худалдан авалт хийдэг хүн хөдөөд тун цөөн. Энэ хандлага хэвшээгүй гэж хэлэх нь оновчтой ч байж мэдэх юм. Сумын төвд амьдардаг иргэд ийм шаардлага тавьдаг байж болох ч малчид хадгалах хугацаа зэрэгт тэр бүр ач холбогдол өгч, хүнсний бүтээгдэхүүний орц, найрлагыг шалгаад байдаггүй” гэсэн юм.

Уриа лоозон, урилга, заллага, хурал зөвлөгөөнөөс илүү тодорхой ажил, дорвитой өөрчлөлт чухал. Гэтэл манайд уг хандлага урвуу байдлаар хэвшчихсэн. Эрүүл хүнсний стандарт хадгалах хугацаа, хадгалалтын горим зөрчихгүй байхаас эхэлнэ. Эрүүл хүнс эрүүл монгол хүнийг бий болгоно.

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)