Аялал жуулчлалын салбар амь тавих нь хамаагүй юу

Цар тахал мөнхөд үргэлжлэхгүй. Нэг л өдөр бид маскаа тайлна. Үгүй ядахнаа коронавирустэй дасан зохицож амьдрах шаардлага үүснэ.

Хүн амын 50 хувь дархлаа дэмжих 3 дахь тунгаа хийлгэвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг сулруулахаа ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Зэрэглэл буурахтай зэрэгцээд бид хэвийн амьдралын горим руугаа ойртно оо л гэсэн үг. Дэлхийн улс орнууд ч яг л энэ замаар алхаж явна. Бүтэн 20 сарын турш хилээ хаасан АНУ тун саяхан гаднынхныг хүлээж авч эхэллээ. Энэ мэтээр дэлхийн улс орнууд коронавирустэй дасан зохицож амьдрах сонголтыг хийж байна. Бид ч тэгэх байх.

Яагаад гэвэл цар тахал биднээс эрүүл мэнд, цаг, бас мөнгө гээд асар олон зүйлийг хулгайлчихлаа. Алдагдсан боломжийг тоочоод байвал цаас ч, цаг ч хүрэлцэхгүй байх. Тиймээс аль болох энгийн амьдралын хэв маяг руугаа эргэж орох нь юу, юунаас чухал болжээ. Тэгэхдээ бас асуудлууд бий. Цар тахлын дараах шилжилт салбар бүрийг өөр, өөрөөр угтах нь мэдээж. Тэр тусмаа Ковид19-ын хөлд хамгийн их нэрвэгдсэн, бас хамгийн түрүүнд сэхэл авах боломжтой аялал жуулчлалын салбарын талаар энд хөндье.

Уул уурхай, хөдөө аж ахуйн араас аялал жуулчлал бол Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөх нэг гол хүч нь. Тахлын өмнөх жил буюу 2019 онд 1.6 их наяд төгрөгийн орлого олж, ДНБ-ий 7.2 хувийг эзлэх мөнгөний урсгал эргэлдэж байсан салбар. Харин сүүлийн хоёр жил үндсэндээ аялал жуулчлалын салбар тэг зогсолт хийлээ. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 2300 гаруй аж ахуйн нэгжийн 88700 ажлын байрны бараг 95 хувь нь цалин орлогогүй болсон гэсэн судалгаа бий.

Гашуун ч гэсэн энэ үнэнийг тоочсон нь цар тахлын хязгаарлалт сулрахтай зэрэгцэн аялал жуулчлалын салбар хамгийн түрүүнд сэргэх хүлээлт дэлхий нийтэд бий. Салбарын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хэтэрхий удаан хөл хорио, хязгаарлалтад байсан хүн төрөлхтөн аялал жуулчлалын салбарт “тэсрэлт” хийж магадгүй гэсэн таамаг байгаа юм. Тэрхүү тэсрэлтийн хугацаа нь Монголын хувьд 2024 онд тохионо гэж тооцоолжээ. Харин өнөөдөртөө бол МҮХАҮТ-ын Аялал жуулчлалын зөвлөлийн дарга Б.Барсболдын онож хэлснээр “Цар тахлын улмаас бидний мэдэх Монголын аялал жуулчлалын салбар, бизнесүүд бүхэлдээ сүйрсэн” байна.

Тэгвэл эдийн засагт оруулах хувь нэмрээрээ уул уурхайн урд ч орох боломжтой энэ салбар “Монголд хөгжих боломж байна уу?”, “Бодлогоор дэмжвэл босоод ирж чадах уу болов уу?” гэсэн асуултад тоймтой хариулт хайх гээд үзье.

Үнэндээ бол Монголын аялал жуулчлалын салбарт гэрэлтэй ирээдүй байж болох л байсан. Төр нь хүн очих дэд бүтцээ бэлдэхийн оронд хаа нэг уулын мухарт хөшөө барьдаггүйсэн байсан бол жуулчдыг татах бүрэн боломжтой. Дэлхийд брэнд болтлоо танигдсан их эзэн Чингис хаан, онгон дагшин байгаль, нүүдлийн соёл иргэншил, одоо ч ахуйн соёлоо өөрчлөөгүй хөдөөгийнхөн гээд дурдвал бидэнд уг нь давуу тал олон... Даанч XXI зууны 21 дэх он шувтарч байхад бид нүхэн жорлонгоосоо салж чадаагүй явна. Тиймээс ч энэ салбар руу төр бодлогоор оролцож, нийгмийн дэд бүтцийг бий болгох нь юу юунаас чухал байна.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин

Бидэнд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд саад болдог хэд хэдэн хүчин зүйлс бий. Нэгд, тээвэр логистик. Жуулчид маш богино хугацаанд, хямд өртгөөр Монгол Улсад ирэх ёстой. Хоёрт, жуулчдад зориулсан нийтлэг стандарт байхгүй. Аялал жуулчлалын маршрут дагуу амрах, отоглох цэгүүд, боловсон ариун цэврийн дэд бүтэц, зочлох үйлчилгээний стандарт гэх мэт. Гуравт, Монгол Улсад ирэх жуулчдад бид юуг санал болгох вэ. Тэдний сонирхлыг юугаар татах вэ. Өөрсдөдөө байгаа Монголын уламжлалт нүүдэлчин соёл дээрээ нэмээд юуг зарж болох вэ. Бидэнд бэлэн зүйл юу байна вэ гэдгээ ярих шаардлагатай байна. Бид олон жил аялал жуулчлалын салбарт болохгүй байгаа зүйлсийг ярьж ирсэн. Тэгвэл өнөөдөр зөвхөн яриад суух биш яаж засаж, өөрчлөх вэ.

Товчхондоо МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн хэлсэн зүйлс бол Монголын аялал, жуулчлалын салбарын өмнө тулгамдаж байгаа бодит асуудал, байгаа дүр төрх. Дээр нь хүний нөөцийн дутагдалтай байдал, хүний нөөцөө чадавхжуулах зэрэг цэвэр боловсон хүчинд хамаатай асуудал ч бий. Наад зах нь “Инээж сураагүй хүн үйлчилгээнд байгууллагад ажиллаж чадахгүй” гэдэг үгийг энэ салбарт ажиллаж байгаа мянга мянган хүнд биш юм гэхэд, нэг хэсэгт нь хэлэхэд буруудахгүй байх. Тиймээс ч аялал жуулчлалын талаар ойрын үед барих гол бодлогоо хүнийн нөөцөд хандуулж буйгаа салбарын яам мэдэгдсэн байна лээ.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан

Цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аялал жуулчлалын салбар бүхэлдээ зогсонги байдалд орсон. Улмаар Монгол Улсад өнөөдөр аялал жуулчлалын салбарт 1600 гаруй аж ахуйн нэгж, 88 мянган ажлын байр эрсдэлд орж, улсын төсөвт гурван их наяд төгрөгийн алдагдал учирсан. Хилээ нээж, аялал жуулчлалыг сэргээх асуудлыг харахын тулд цар тахлын нөхцөл байдал болон бусад шалтгаан нөхцөлүүдийг зөв судалж, гаргаж ирэх шаардлагатай байна. Ирэх жилээс гадаадын аялал жуулчлалыг зохих журмын дагуу нээхийн тулд бидэнд төр хувийн хэвшил, ТББ-ууд болон судлаачид хамтран шинэ хэвийн байдалд хэрхэн шилжих стратеги, төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай байгаа.

Ерөнхийд сайд Л.Оюун-Эрдэнэ ажил авсан эхний өдрөө УИХ-ын индэр дээрээс “Цар тахлын дараа хамгийн хурдтай сэргэх салбар бол дэлхийд аялал жуулчлалын салбар гэдэг нь ойлгомжтой. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн Монголд ирэх гадаад жуулчдад үүсдэг бэрхшээл, хүнд суртал, хариуцлагагүй байдлыг арилгаж, цахим Элчин сайдын яам байгуулах, цахим виз олгох, агаарын тээврийг либералчлах асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн мэдэгдсэн байдаг. Гэтэл гүйцэтгэх засаглалын тэргүүний энэ бодлого УИХ- аар өнгөрсөн долоо хоногт батлагдсан 2022 оны төсвийн хаана нь гээгдчихэв гэх бодол төрж байна. Юу гэвэл, 2022 оны төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад Аялал жуулчлалын салбартай холбоотой тун цөөхөн бүтээн байгуулалт багтсан байна.

“Монголын нууц товчоо” цогцолборын барилга Хэнтий, Дэлгэрхаан сум 

“Соёмбо” цэцэрлэгт хүрээлэн Хөвсгөл, Мөрөн сум

“Шихихутаг нууц товчоо” түүхэн аялал жуулчлалын цогцолборын барилга Хэнтий, Норовлин сум

“Их засаг-Шихихутаг” цогцолборын интерьер, гадна шугам сүлжээ Хэнтий, Норовлин сум

Аялал жуулчлалын байгаль, түүх, соёлын өв бүхий газруудад ариун цэврийн газар, авто зогсоол бүхий отоглох цэг Улсын хэмжээнд

2022 оны Монгол Улсын төсвөөс...

Тахлын дараах эдийн засаг хүндэрсэн, нийгмийн шинжтэй төсөл хөтөлбөрүүд “чихцэлдсэн” гэж бодвол 2022 оны төсөвт тавьсан хөрөнгө оруулалтыг зөвтгөж болмоор. Гэтэл үнэндээ УИХ- ын гишүүдэд аялал жуулчлалын салбар амь тавих эсэх нь хамаагүйг илтгэх нэгэн тоо байна. Ирэх оны төсөвт УИХ-ын гишүүдийн тойрогтоо тэгшитгэж хувааж авсан мөнгө нь дөрвөн тэрбум төгрөгт хүрсэн нь нэгэнт тодорхой болчихсон.

76 гишүүн тус бүр дөрвөн тэрбумын хөрөнгө оруулалтыг сонгогдсон тойргоо “услахад” зарцуулах нь ойлгомжтой болоод байгаа юм. Харин ирэх оны төсөвт туссан “Аялал жуулчлалын байгаль, түүх, соёлын өв бүхий газруудад ариун цэврийн газар, авто зогсоол бүхий отоглох цэг (Улсын хэмжээнд)” байгуулах нийт төсвийн хэмжээ нь ердөө 1.7 тэрбум төгрөг. Эндээс л энэ салбарт хандах эрх баригчдын хандлага нэвт “үнэртэж” байгаа биз ээ!

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих