Үндэсний үйлдвэрлэлгүй үндэстэн

БНХАУ-аас импортоор орж ирдэг бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлдэг гол боомт Эрээн тодорхойгүй хугацаанд хаагдсан нь монголчуудад ихийг ойлгуулж байна. Монголд үйлдвэрлэдэг гэсэн ойлголт төрүүлдэг байсан олон бараа бүтээгдэхүүн лангуунаас алга болсон нь “Үндэсний үйлдвэрлэл”, “Үндэсний үйлдвэрлэгч” гэж яг хэнийг хэлэх вэ гэдэг асуултад хариулт хайхад хүргэв.

Зөв эхлэл

1921 онд, төр улсаа сэргээн байгуулах үед Монгол Улсад үндэсний үйлдвэрлэл гэх юм бараг байсангүй. Аливаа улс оршин тогтноход эхний ээлжинд цай, давс, архи гэсэн гурван зүйл зайлшгүй хэрэгтэй болдог. Улс гэрээ сэргээн тохинуулах үед манай улсад энэ гурвын аль нь ч байгаагүй, энэ хэрэгцээгээ БНХАУ-аас хангаж байсан бөгөөд хятад цайнд идээшсэн монголчуудыг чанар муутай гүрж цайнд оруулахын тулд алтан ээмэг бөгж дунд нь хийж шахах гэх мэт янз бүрийн арга хэрэглэж байсан гэдэг. Харин архийг Монголдоо үйлдвэрлэхээр болсон бөгөөд 1924 онд “Архи завод”-ыг байгуулж, үндэснийхээ хэрэгцээт барааг дотоодоосоо хангах эхлэл тавигджээ. Мөн онд байгуулсан Аж ахуйн яам улс орон цаашдаа бие дааж хөгжихөд нэн тэргүүнд шаардлагатай мод боловсруулах үйлдвэр, шохой, тоосгоны завод, дизель цахилгаан станц, төмрийн завод, ноос угаах механикжсан фабрик зэрэг шинэ тутам үйлдвэр, аж ахуйн газруудыг тавхан жилийн дотор бүтээн байгуулсан юм. Улмаар 1929 оны зургадугаар сард Зөвлөлт Монголын хоорондын харилцааны үндсэн зарчмуудыг тодорхойлсон бөгөөд үүнд манай улс үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэх тал дээр хамгийн их ач холбогдол өгсөн нь харагддаг. Энэхүү хэлэлцээрийн дагуу Аж үйлдвэрийн комбинатыг 1934 онд асар богино хугацаанд байгуулан ашиглалтад оруулсан нь үндэсний үйлдвэрлэлийг цаашид хөгжих бат суурь болжээ. Улмаар дэд бүтцээ хөгжүүлж, 1940-өөд оны сүүл гэхэд төмөр замтай болж, түүнийгээ түшиглэн уул, уурхай хөгжүүлэх боломжийг үүсгэсэн байна. Энэ бүхэн мэдээж ЗХУ-ын шууд оролцоо, тусламжтай бий болсон бөгөөд Монгол Улс шууд болон шууд бусаар ямар төлөөс төлснийг бүгд мэдэж байгаа. Гэхдээ нөгөө талаар энэ бол үндэсний үйлдвэрлэл ямар чухал вэ гэдгийг л харуулна. Монгол Улс тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлж амжаагүй байсан ч хүлээн зөвшөөрүүлэх шалтгаан нь үндэсний үйлдвэрлэл, бусдаас хамааралгүй орших чадвар гэдгийг тухайн үеийн удирдагчид ойлгож байв. Энэ хоёрыг салгаж ойлгож болохгүй, нэг нь үгүй бол нөгөө нь үгүй тийм л зүйл.

1960-аад оноос манай улс Аж үйлдвэр-Хөдөө аж ахуйн орон болох зорилт тавьсан бөгөөд 1990 онд, төрийн өөр хэлбэр рүү шилжих хүртлээ дээрх тодорхойлолтод бүрэн тохирч байсан юм.

Бүтэлгүй шинэ эхлэл

Монгол Улс 1990 онд чөлөөт өрсөлдөөнт эдийн засагт шилжсэнээр Монголын үндэсний үйлдвэрлэлд үлэмж ашигтай нөхцөл байдал үүссэн. Социализмын үед бараа бүтээгдэхүүн, түүхий эдээ үлэмж хямд, бараа солилцоогоор голдуу өгдөг байсан бол дэлхийн зах зээлийн үнэ ярих боломжтой болсон. Харамсалтай нь, шинэчлэлийг гардан хэрэгжүүлэгчид энэ боломж нээгдэхтэй зэрэгцээд аж үйлдвэрийн салбараа устгаад хаячихсан гэмтэй. Өмч хувьчлалыг яаран хийсэн нь хамгийн том алдаа байжээ гэдэгт судлаачид ерөнхийдөө санал нэгддэг. Уг нь тэр үед ЗХУ гэх тэжээгчээсээ салсан Монгол Улсын аврал нь Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын зэрэг өмнөх үеийн удирдагчдын үхэн хатан зүтгэж, цус, нулимс, газар нутаг, эрдэс баялгаараа сольж байж бий болгосон үндэсний үйлдвэрлэл л байсан юм. Үйлдвэрүүд хувьчлагдсан ч эзэд нь ажиллуулж чадалгүй дампууруулж, тоног төхөөрөмж нь хаягдал болж урагшаа гарснаар энэ боломж үгүй болсон байдаг. Гэхдээ байгаагаа алдсан хүн бүхэнд шинээр эхлэх боломж үргэлж байдаг ёсоор монголчууд үйлдвэрлэл хөгжүүлэх гэж тэмцэж, бүхнийг 0-ээс эхэлсэн ч бага, багаар урагшилж байсан юм. Барилга барих тоосго, лаа чүдэнз, саван, угаалгын нунтгаас эхлээд хэрэгцээт бараагаа хийж сурч байв. Гэвч энэ хүчин чармайлт харамсалтай нь бас л талаар болсон. 1996 оны сонгуульд ялалт байгуулсан М.Энхсайханы Засгийн газар “Гаалийн татварыг тэглэх” шийдвэр гаргаснаар Монгол Улс хятад бараагаар “үер”-лэж, шинэ тутам үйлдвэрүүд урсан одсон билээ.

Одоо нийгмийн сүлжээнд “БНХАУ тэр чигээрээ хилээ хаачихаасай. Тэгвэл үндэсний үйлдвэрлэл хөгжинө” гэж бичээд байгаа хэсэг бүлэг бол үндсэндээ 1990-1996 онд үргэлжилсэн энэ зурвас үеийг санагалзагчид, тэр чигээрээ явсан бол одоо өөр байх байсан гэсэн комплекстой үлдэгсэд юм.

Гаднын хорлол

Том гүрэн эрхшээлд нь нэгэнт орж ирсэн улсаа тавьж явуулдаггүй нь жам. ЗХУ задарч, шинэ тутам ОХУ өөрийгөө яая гэж байх энэ үед монголчууд жамаараа хөгжих гэж хэрэндээ тэмцсэн ч БНХАУ бодлогоор саад хийж байсныг одоо нуух аргагүй болжээ. ЗХУ Монголыг түүхий эдийн бааз болгож ашигласан ч аж үйлдвэр буюу манай нийтлэлийн гол сэдэв болох үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж байсан бол шинэ түнш БНХАУ Монголд үйлдвэрлэл хөгжүүлэх сонирхолгүй, зөвхөн түүхий эдийн бааз болгохыг зорьсон.

“МЖД” компанийн захирал Ц.Отгонбаяр

Компаниа арьс, шир боловсруулах чиглэлээр 1996 онд байгуулсан. Эхэндээ хуучны сайн тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаа явуулдаг байсан юм. Гэтэл тэр үед хятадууд орж ирээд “Хамтаръя, хөрөнгө оруулалт хийе, шинэ тоног төхөөрөмж оруулж ирье” гэхээр нь хуучин тоног төхөөрөмжүүдээ бүгдийг нь гаргаад төмрийн хог руу тушаачихсан. Гэтэл хятадуудын оруулж ирсэн төхөөрөмж нь чанарын шаардлага хангахгүй, төмөр муутай, удалгүй эвдэрсэн. Үйлдвэрлэл эрхэлнэ гэж ятгасан хятадууд хамтарсан компани байгуулж орж ирснийхээ дараа “Монголд наймаа л ашигтай юм байна, арьс урагшаа гаргая” гэх болсон. Ингээд нэг хэсэгтээ л үйлдвэрлэгч биш, арьс шир цуглуулж урагш нь гаргадаг наймаачин болсон доо. Энэ хооронд үйлдвэрээ яг дөрвөн жил яс цоожтой байлгасан байдаг. Сул цалин аваад явж байсан болохоор би нэг хэсэг чимээгүй явсан. Тэгээд сүүлдээ гэнэтхэн дургүй хүрээд “Больё, үйлдвэрээ ажиллуулна” гээд буцаад үйлдвэрлэлийн салбар руугаа орсон л доо. Даанч Хятад, Солонгосоос хямд арьс, ширэн бүтээгдэхүүн орж ирээд өсч томрох боломж үндсэндээ хаагдсан гэж болно.

Ингэхдээ дэмпинг хийх, монгол үйлдвэрлэгчдийг ятган хамтарсан компани байгуулж орж ирснийхээ дараа дампуурах нөхцөлийг бүрдүүлж, улмаар үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөх зэрэг арга хэрэглэж байв. Ингэж орж ирсэн хятадууд одоо ч буцаж гараагүй, улам ч суурьшиж, бидний “Үндэсний” гэж боддог үйлдвэрүүдийн ард нууц ноёнтон болж суужээ.

БНХАУ Монголд дэмпинг хийж байгаа тухай гомдлыг үйлдвэрлэгчдийн зүгээс салбарын яаманд олонтаа гаргаж байсан. Ялангуяа гутал дээр дэмпингтэй бараа их орж ирдэг аж. Энэ асуудлыг шийдэх, үндэсний үйлдвэрлэгч, дотоод зах зээлээ хамгаалах зорилгоор Дэмпингийн тухай хуулийн төслийг Аж үйлдвэрийн яамнаас санаачлан 2015 онд УИХ-д өргөн мэдүүлсэн ч учир битүүлэг шалтгаанаар батлагдаагүй юм.

МҮХАҮТ-ын орлогч дарга асан М.Сарандаваа

Манайд 1990-ээд оны үед маш том гутлын үйлдвэрүүд байсан. Д.Бямбасүрэн гуайн Засгийн газрын үед Японы “Nike” компаниас “Манай гутлын хилийг Монголын гутлын үйлдвэрүүд үйлдэрлэж өгөөч” гэсэн санал тавьж, манай улс боломжтой, судалъя гэсэн хариу өгсөн байдаг. Гэтэл манайд тавьсан тэр саналыг хятадууд сонсчихсон. Азидаа хоёрт ордог том компани яагаад Монголтой хамтрах болов гээд тусгай бодлого явуулсан. Хятадууд дэмпинг ашиглаж манай үйлдвэрүүдийг унагаад, “Nike”-тай гэрээ хийсэн байдаг. Яг ийм гэрээг хятадууд Вьетнамтай хийсэн. Үхрийг нь авч оронд нь трактор өгч, будааны зах зээлийг нь эзэлсэн. Ижил төстэй бараа бүтээгдэхүүнийг солилцох маягаар өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг борлуулах аргыг хэрэглэж байсан.

Дотоод хорлол

Монголыг шулж мөлжих гэсэн гаднын улсын санаачилгыг ойлгож болно. Харин дотоодод ийм хорлонтой хүчин байна гэвэл уншигч авхай итгэхгүй ч байж мэднэ. Тэгвэл ийм хүч бодитойгоор оршин байна. Энэ бол Монголын бизнесийн орчин юм. ААН нь ажилчдаа цалинжуулж, улсдаа татвар төлөх хууль ёсны үүргээс гадна тухайн засаг захиргааны нэгжийнхээ эвэртэн, тууртнуудад дээрэлхүүлж, дарга нарын иргэдтэй уулзах үедээ өгөх бэлэг сэлтийг бэлтгэх хууль бус үүрэг давхар хүлээнэ. Энэ жижиг хэрэг. Монголын аж үйлдвэрийн салбараас дэлхийд хамгийн хүчтэй өрсөлдөх боломжтой нь арьс шир, ноос ноолуур. Жижиг үйлдвэр ч брэнд үүсгэж дэлхийд өрсөлдөх боломжтой. Гэтэл брэнд үүсгэх үйл явц, журам нь биелүүлэхэд маш хүндрэлтэй. Монголд байгаа лабораториудад хийх боломжгүй юм шаардаж унагадаг тогтолцоотой. Монголчуудыг туйлдуулж байгаа ченж гэгч энэ салбарт мөн суурьшаад авсан байх бөгөөд үйлдвэрлэгчдээс хаяг шошгогүй бүтээгдэхүүн үйлдвэрлүүлж аваад гадагш нь гаргадаг байх юм. Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг нь үйлдвэрлэгчдэд тулгардаг бас нэг нийтлэг бэрхшээл.

Өрсөлдөөн нь ширэнгийн хуультай. Томчууд нь жижгийнхээ хажууд гаднын дэлгүүрийг нээчихнэ. Орлого хуваасан ийм цохилтыг жижигчүүд олон сараар тэсэхгүй нь ойлгомжтой. Манай үндэсний том үйлдвэрлэгчид гэж өргөмжлөөд байдаг компаниуд гаднын сүлжээг оруулж ирсэн, баруун гараараа өгч, зүүн гараараа авсан нөхдүүд байдаг.

Эрх баригчид “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” хэмээн лоозогнох болсон нь монголчуудад сайхан санагдаж, Монголд үйлдвэрлэсэн барааны эрэлт бий болсон. Гэвч энэ эрэлтийг хангах ажил буруу замаар явчихсан нь сая ил боллоо. Төрөл бүрийн бараа “үйлдвэрлэдэг”, дараа нь “Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжээрэй” гэж хашгирдаг олон олон үйлдвэрүүд угтаа импортлогчид байсныг мэдлээ.

Орчин үед “Капитализм” гэдэг үг нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, зах зээлийн эдийн засаг, чөлөөт өрсөлдөөн, тэгш боломж гэж ойлгогдож буй. Дэлхийн эдийн засгийн схем бүхэлдээ энэ зарчим дээр суурилдаг. Тодруулбал, шинээр үүсгэн байгуулагдсан дурын компани цаашдаа ямар ч саадгүй өсөн дэвжсээр үндэсний хэмжээний компани болж томрох боломж олгохыг чармайх болсон. Чухам ийм боломжийг бүрдүүлсэн улсыг “Ирээдүйтэй” хэмээн цоллож, жишиг болгож байна. Харин Монголд жижиг аж ахуйн нэгжийг л дээрэлхэж, “Бага дээр нь дарж авах” зориулалттай мэт хууль дүрэм үйлчилдэг. Арай гэж юм хийгээд гадагш гаргахад бас бэрхшээлтэй. Гааль дээр орж ирж байгаа буюу импортын барааг бүх байцаагч нь бичдэг хэр нь экспортолж байгаа барааг ганц хүн бичдэг, тэр хүн нь дуртай цагтаа ирж, явдаг. Олон улсын үзэсгэлэнд оролцох гэж яваа экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл эрхлэгч үндэсний үйлдвэрлэгч бараагаа тэврээд хэрэгцээнийхээ юмыг авч яваа иргэдтэй нэг дараалалд зогсдог гэх мэт ойр зуурын бэрхшээл зөндөө.

Үндэсний үйлдвэрлэлд “Хар хайрцаг”-ны бодлого хэрэгтэй

“Өөрийгөө хангадаг улс” (Самадостаточная страна) гэдэг ойлголт бий. Бүх хэрэгцээгээ дотоодоосоо хангаж, гаднаас огт хамааралгүй бие даасан байдлаар орших чадварыг ингэж хэлдэг. Дэлхий хавтгай болж, нэг, нэгнээсээ хамааралгүй оршиж чадахаа больсон өнөө үед энэ ойлголтод 100 хувь тохирох улс мэдээж байхгүй. Гэсэн ч “Хар хайрцагны бодлого”-оо ямагт барьж, гамшиг тохиох, эсвэл нийлүүлэгч улстайгаа харилцаа муудах үед зайлшгүй хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг дотооддоо хийхийг эрмэлзэнэ. Монгол Улс өөртөө найдахаас өөр аргагүй болсны шалтгаан энэ удаа цар тахал байна. Энэ үед эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл чухал ч ганц байсан зүү, тариурын үйлдвэр нь бараа бүтээгдэхүүн нь борлогдохгүй дампуурсан.

Манайд үнэндээ 100 хувь дотоодынхоо түүхий эдээр бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрлэгч алга. Монгол Улс одоо “Өөрийгөө хангаж, гаднаас хамааралгүй орших чадвар хэр байна вэ” гэвэл ямар ч эргэлзээгүй муу дүн авахаар байна.

Тэгэхээр, дахиад хэзээ ч магадгүй, цар тахал гарахад, эсвэл зүгээр хоёр хөрш жаахан “чангалья” гэж бодоход л хадны завсар хавчуулагдаж үлдэхээ мэдэрсэн халиуны зулзага монголчууд юу хийх ёстой вэ гэдгээ маш тодорхойлж авъя. “Стратегийн” энэ тэр гэж сүржигнэхгүй ч гэсэн чухал хэрэгцээтэй үйлдвэрүүдээ тодорхойлоод бүх түүхий эдийг нь Монголоосоо олборлох, болохгүй бол нөөц бүрдүүлэх зэргээр бодлоготой баймаар байна. Тэр “хар хайрцгийн” үйлдвэрлэлийг дампууруулах, хүчгүйдүүлэх хууль санаачилсан этгээдийг цагийн уртад хожигдож биш, тухайн үед нь мэдэж, санаархлыг нь таслан зогсоодог баймаар байна.

Эцэст нь, Монголтой худалдааны харилцаагүй болсноор БНХАУ ч бас хохирч байгаа. Манайх түүхий эдийнхээ, тэд бэлэн бүтээгдэхүүнийхээ үнэ өртгөөр алдагдал хүлээж байгаа учраас бүр илүү хохирч байгаа. Хоёр улс нэг, нэгнийхээ үнэ цэнийг мэдрэх цаг хугацаа өнгөрч байна гэж харж байна. Энэ үнэ цэнээ зөвөөр ухаж ойлгон бодлогодоо ашиглаж чадвал бидний олз тэр юм.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. манайд үндэсний үйлдвэрлэл байгаашд ... авилга авах өгөх, төсвийн мөнгө санаатай болон санаандгүйгээр үрэн таран хийх, идэх гээд л ...

    0 0 Хариу бичих
  2. Биднийг гаднаас хэн ч хорлоогүй ээ. Урд хөрштэй харьцаа сайжирч хил гааль чөлөөтэй болонгуулт л бүгд цүнх үүрээд урд хөршөөдөө ганзгийн наймаанд гарч гарааны хэдэн мөнгө олсон ч зарим нь ууж идээд өнгөрсөн. цөөхөн хэд зөв ашиглаж амьжиргаагаа сэргээсэнээс биш алс хэтийн хараатай үйлдвэрлэл,хөдөө аж ахуйгаа эрчимжүүлэх бодлого бариагүй ээ.Өнөө л бэлэнчлэх оркийн сэтгэлгээгээр ганзгын наймаагаар хэрэгцээгээ хангаж ирсний гай.Өөрсөдөө ирээд наймаа хийж байхад ямар ч улс байгаа юмаа зардаг юм байгаа биздээ.Одоо бүр амаржинхэнэ ориг оркууд дээр заларсаан. Урлаг соёлоо хөгжүүлж эдийн засгийн тэргүүлэх салбар болтол төр дэмжих юм ярьж явна шүү цаана чинь

    0 0 Хариу бичих
  3. Үйлдвэрлэл хөгжүүлэх нь эрхэмүүдийн ухаан, зориг 2-ийн асуудал. Хар гэртээ хаан,бор гэртээ богд шиг эзний ёсоор,сэтгэлээр хандахыг хэн ч хориогүй ээ.Бусдаас бурууг хайх,буруугаа бусдад тохох гэдэг адгийн араншингаасаа салаагүй цагт хэцүү дээ.Хэзээ ч эзний сэтгэлээр хандаж чадахгүй гоншигнолдон оо

    0 1 Хариу бичих
  4. Үндэсний үйлдвэртэй болох нь манай эрхэмүүдийн л үүрэг.Хэнч хориогүй ээ хар гэртээ хаан ,бор гэртээ богд мэтээр сууж эзний ёсоор хандаагүйн гайг бусдаас бус өөрсөдөөсөө хайвал зохино. Нүүдэлчин сэтгэхүйгээс салаагүй орк сэтгэлгээний хар гай. Жилийн 4 улиралд дураараа нүүдэг ард түмэнд үйлдвэр гэдэг тун хол ойлголт бололтой дандаа бэлэн юм хардаг,бусдын ололт амьжилтыг илүүд үздэг ьбусдаас бурууг хайдаг,тохдог муухай зуршилтай ард түмэн.

    0 0 Хариу бичих
  5. Хаана сул орон зай гарна тэнд хэн нэгэн байраа олдог нь хүн нийгмийн жам гэлтэй. Хөршүүддээ гомдож хороллоо гэж гоншигнож байхаар өөрсөдөө сул орон зайдаа эзэн болж өөрсөдийнхөө хэрэгцээг хангах үйлдвэрлэл үйлчилгээ явуулчих аа. Хатуухан хэлвэл бид чинь үйлдвэрлэл байхгүй.байсныг нь нураасан.Хүн ам нь цөөхөн юм улсаараа л ганзгийн наймаачин ш дээ.

    0 0 Хариу бичих
    • ККК .Яг үнэн.үйлдвэрлэлгүй улсад юуных нь эдийн засаг байв гэж Уртаашаа гадагш зарсан түүхий эдээр олсон хэдэн мөнгөөрөө хэрэгцээт жаахан юм авсаныхаа нэмж хасаадгарсан зөрүүг л ашигтай ашиггүй гэж байгаа ш дээ ккк

      0 0