Таны машин өвөлд бэлэн үү

Автомашин нь олон төрлийн сэлбэг хэрэгсэл, эд ангиас бүрдсэн механикжсан тээврийн хэрэгсэл тул тодорхой цаг хугацааны дараа заавал урсгал, техникийн үйлчилгээ хийлгэх шаардлагатай болдог билээ. Тиймээс автомашиныг өвөлд бэлтгэх, аюулгүй байдлыг хангах талаар зөвлөгөөг Автотээврийн Үндэсний Төвөөс өглөө.

Өвлийн дугуйг ашиглах

Өвлийн дугуй нь дөрвөн улирлын дугуйнаас илүү зөөлөн, замтай барьцах чадвар сайтай байдаг тул машин хоорондын зай барих зарим нэгэн эрсдэлтэй байдлаас таныг хамгаалах болно. Мөн дугуйны хий сул эсвэл хэт их хийтэй байх нь халтирахад нөлөөлдөг учир хийн даралт хэмжигч манометр авч явж байх нь чухал.

Аккумулятор
Аккумулятор муудсанаар шатахуун зарцуулалтыг ихэсгэдэг байна. Автомашины аккумуляторын ашиглалтын хугацаа нь 3-аас 5 жил хүртэл байдаг учир машиныхаа аккумуляторын хугацааг мэдэж ашиглалтаас хэтэрсэн тохиолдолд солих шаардлагатай. Хэрвээ хосолсон болон цахилгаан хөдөлгүүртэй бол автомашины батарей нурахаас хамгаалахын тулд өдөр бүр хөдөлгүүрээ асаах нь батарей нурахаас сэргийлнэ.

Татлага
Өвлийн улиралд машинаа чирч асаах, эсвэл хөлдсөн автомашиныг дулаан гараашид зөөх шаардлага гардаг учир хатуу троссон татлага таны автомашинд зайлшгүй байх хэрэгтэй.

Хөдөлгүүрийн тос

Хөдөлгүүрийн тосны зуурамтгай чанар буюу өтгөн, шингэн байдал нь хөдөлгүүрийн ажиллагаанд нөлөөлдөг учир өвлийн улиралд тохирсон тосыг хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр таны хөдөлгүүр хэт халж машин унтрахаас сэргийлнэ. Мөн хөдөлгүүрийн тос нь аккумуляторын ачааллыг багасгах, хөдөлгүүрийн эргэлтийг сайжруулах үр дүнтэй байдаг байна.

Антифриз буюу хөргөлтийн шингэн

Тус шингэн нь машины хөдөлгүүрийг хүйтэнд хөлдөөхөөс ,халуунд хэт халахаас хамгаалдаг шингэн юм. Шингэнийг автомашиндаа хийхдээ устай хольдог, хольдоггүйг сайн анхаарах хэрэгтэй. Хэрвээ заавал устай хольдог хөргөлтийн шингэнийг дангаар нь хийвэл таны хөргөлтийн шингэн ердөө -13 градуст л хөлдөх эрсдэлтэй байдаг. Тиймээс заавартай танилцаж устай хольдог хөргөлтийн шингэнийг дангаар нь хэрэглэж болохгүйг санах хэрэгтэй юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)