Соёлын элч, дуурийн дуучин Э.Амартүвшинд Ардын жүжигчин цол олгоно

Дэлхийн сонгодог урлагт Монгол хэмээх нэрийг цуурайтуулж яваа гавьяат жүжигчин Э.Амартүвшинд Ардын жүжигчин цол олгохоор болжээ. Тэрээр 2004-2009 онд Соёл урлагийн их сургуулийг гавьяат жүжигчин Ц. Ерөө багшийн удирдлаган дор суралцаж төгссөн бөгөөд 2009 оноос сонгодог урлагийн гараагаа Дуурь бүжгийн эрдмийн театраас эхэлж байжээ.

Түүний хувьд өнгөрсөн хугацаанд дэлхийн томоохон сонгодог урлагийн уралдаан тэмцээнүүдээс дараах шагналуудыг хүртэж байсан. Тодруулбал,
-2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын XIV уралдаан /Санкт-Петербург, ОХУ/, II байр мөн үзэгчдийн нэрэмжит шагнал,
-2012 онд Плачидо Домингогийн ОУ-ын дуурийн дуучдын уралдаан /Бээжин, БНХАУ/, I байр,
-2013 онд Франциско Винасын нэрэмжит 50 дахь ОУ-ын уралдаан /Барселон, Испани/, II байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучин мөн «Associacio d’Amics de l’Opera deSebadell»-ийн тусгай шагнал,
-2015 онд «BBC Cardiff Singer of the World» тэмцээн, үзэгчдийн нэрэмжит шагнал,
-2016 онд «Seoul International Music Competition»-д III байрыг тус тус эзэлсэн.

Ийнхүү 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртэж байсан билээ.

2016 оноос эхлэн дэлхийн томоохон 10 гаруй театруудтай гэрээ байгуулан дэлхийн дуучин болж, 2021 онд дэлхийн “Шилдэг баритон” дуучнаар шалгараад буй юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)