Н.Сувд: УДЭТ-ын үе, үеийн уран бүтээлчид, хамт олондоо талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын драмын эрдмийн театрын 90 жилийн ойг тохиолдуулан тус театрын уран бүтээлчдэд өнөөдөр шагнал гардууллаа. Тухайлбал, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нарт Хөдөлмөрийн баатар цол тэмцдэгээр шагнуулсан юм.

Тэдний сэтгэгдлийг хүргэе.

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва :Төрдөө гурвантаа үнсүүллээ. Төр минь намайг гурван удаа үнсэхдээ надаас өр нэхэлгүй хишгээ хүртээсэнд сэтгэл их өег байна.Сэтгэл хөөрөхөөс гадна бодож тунгаах зүйл их байна. Намайг таньдаг болон таньдаггүй бүх хүний итгэл сэтгэлийг дааж явах нуруутай явья даа л гэж хэлэх байна. Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг дааж театрын урлагийн оргил үеийн эзэлж явсан үеийнхэндээ мөргөе. Ачааны хүндийг үүрэхэд бэлэн жагсаж яваа залуу үеийнхэндээ мөргөе. Үзэгч түмнийхээ итгэл, сэтгэлийг үүрч, дүүрч явах болно.

Ханьдаа их баярлаж байна. Бүтэн нэртэй, бүлээн сэтгэлтэй яваа хүний ард сайн хань байдаг юм. Гурван хүүхэд тээж, төрүүлж өгсөн ханьдаа баярлалаа. Бүх үзэгчдэдээ бие эрүүл, сэтгэл шулуун, ухаан саруул, зүтгэл шулуун байж, үйлс буян дэлгэрэх ерөөл өргөе

МУАЖ Д.Мэндбаяр: Хань минь Хөдөлмөрийн баатар боллоо. Маш их баяртай байна. УДЭТ-т Г.Гомбосүрэн, Г.Гантөмөр зэрэг алтан үеийн Хөдөлмөрийн баатрууд байсан бол одоо шинэ үеийн Н.Сувд, П.Цэрэндагва зэрэг хөдөлмөрийн баатрууд шинээр төрлөө. Ингэж өв залгамжилдаг түүхэн уламжлал цаашдаа ч хадгалагдаж, манай театраас олон шагналтнууд төрөөсэй гэж ерөөе

Хөдөлмөрийн баатар, МУАЖ Н.Сувд: Би их баяртай байна. Юуны өмнө УДЭТ-ыг үүсгэн байгуулсан үе үеийн ахмад уран бүтээлчдэд талархал илэрхийлмээр байна. Тэдний хүч хөдөлмөр, авьяас билэг, уран бүтээл нь өнөөдөр бидэнд баяр баясгалан, шагнал урамшуулал болж ирлээ. Мөн хамт ажиллаж байсан бүх хамт олондоо маш их баярлалаа. Энэ бол та бидний хөдөлмөрийн хүч.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)