Амжилтад дөтлөх өглөөний зуршил

Өглөө өдрийн хамгийн утга учиртай цаг.Өглөөг хэрхэн угтана өдөр тийм л өнгөрнө гэх нь ч бий. Ихэнх амжилтад хүрсэн хүмүүс өглөөг чухалчилж үздэг бөгөөд өөрийн гэсэн дадал зуршилтай болсон байдаг. Тиймээс бид энэ удаа таныг амжилтад хөтлөх, бие болон сэтгэл зүйг эрүүл байлгахад дэмнэх энгийн зөвлөгөөг хүргэж байна.

Өглөө эрт бос 

Өглөөний цагаар хүний тархи хамгийн сэргэг, сийрэг байдаг тул хамгийн чухал ажлаа эрт амжуулах хэрэгтэй. Үдийн цайнаас өмнө ажлынхаа ихэнх хэсгийг амжуулж хэвших нь ажилтанд хүрсэн хүмүүсийн нэг зуршил байдаг. "Амжилт" бол "Амжуулахын" нэр юм.

Ороо хураа

Өглөөг өөдрөг угтаж, өдрийг эрч хүчтэй өнгөрөөх хамгийн энгийн бөгөөд чухал зуршил бол ороо хураах. Өглөө ажлын цагтайгаа уралдаж сэрээж, орноосоо мултраад л гарч оддог хүн амжилтын талаар мөрөөдөх ч хэрэггүй болов уу. Учир нь орой ядраад гэртээ ороход таныг замбараагүй гэр, засаж янзлаагүй ор дэр хүлээж байна. Улмаар гэртээ тав тухай байж, стресс ядаргаагаа тайлах боломжгүйд хүрнэ.

 Устаа бүү оролд 

Ихэнх хүн өглөө сэрээд л гар утсаа оролдож, цахим хаягаа шалгаж эхэлдэг. Ийнхүү орноосоо ч өндийхгүйгээр хэрэгтэй, хэрэггүй хэтэрхий олон мэдээлэлд тархи, цагаа зарцуулсаар л байдаг. Тиймээс тархиа болон цагаа гамнахын тулд өглөөний цайнаас өмнө цахим хаяг руугаа бүү нэвтэр.

Өмсөх хувцсаа шөнө бэлд

Өглөө ямар байх нь өмнөх оройноос эхэлдэг. Та өмнөх орой нь маргааш хийх ажлаа төлөвлөн, өмсөх хувцсаа бэлтгээд хоносон бол өглөөг илүү тайван, жаргалтай өнгөрүүлнэ. Үгүй бол өглөө төдийгүй тухайн өдрийн турш өөртөө итгэлгүй, урам зориггүй байхад хүрнэ.

 Эрүүл өглөөний унд уух 

Тухайн өдрийн эрч хүч, тархины ажиллагаа өглөө юу идэж, ууснаас ихээхэн хамааралтай. Зарим бүсгүй өглөө бүр өлөн гэрээсээ гардаг. Энэ нь цаашлаад эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй. Өглөө хэт их чихэрлэг зүйл идэх нь тохиромжгүй. Жимс, уураг ихтэй хоол нь өдрийн эрч хүчийг өгөх болно.

Өглөөг эерэг угт

Өглөөг эерэг угтах нь чухал. Үүний тулд бодлоо цэгцэлж, бясалгал хийж болох юм. Та ямар ч бясалгалын арга хэрэглэж болно. Тухайлбал, YouTube дээр бясалгалын бичлэгүүдийг сонсонгоо амьсгалаа хянаж болох бөгөөд тусгай аппликейшн ч хэрэглэж болох юм. Толгойд орж ирэх илүү дутуу бодлуудаасаа хэсэг хугацаанд ангижирч зөвхөн амьсгалаа ажиглах нь таныг тайвшруулан сэтгэл санааг тань дээшлүүлэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)