"Амтат" залилан

Байгалийн давтагдашгүй охь шим болсон зөгийн балны анагаан тэтгэх чадварыг хүн төрөлхтөн 9000 жилийн тэртээгээс танин мэдэж хүнсэндээ хэрэглэж ирсэн түүхтэй. 2019 оны байдлаар, дэлхийн балны үйлдвэрлэл 1.9 сая тоннд хүрч, хорин жилийн өмнөхтэй харьцуулахад хэрэглээ 1.5 дахин өсжээ. Хүн ам өссөний зэрэгцээ байгалийн гаралтай органик хүнсний хэрэглээ нэмэгдсэн нь ч үүнд нөлөөлсөн биз. Гэтэл манай гарагийн балт зөгийн тоо толгой хэдийнэ устаж эхэлсэн, жилээс жилд буурч байгаа болохыг Дэлхийн хөдөө аж ахуйн интерпренерүүдийн холбооноос мэдээлжээ. Зөгий нь устаад байхад балны үйлдвэрлэл жил тутам нэмэгдэж буйн шалтгаан юу вэ?

Сүүлийн зөгийтэй хамт хүн төрөлхтөн мөхнө

Энэ үгийг аль 1940-өөд онд Альберт Эйнштейн хэлж байв. Харьцангуйн онолыг нээсэн физикчийн таамгаар бол зөгий хорогдож бүрмөсөн мөхвөл дөрвөн жилийн дараа хүн төрөлхтөн устаж үгүй болох аж. Саяхны тооцоогоор, Европт жил бүр зөгийн 20 хувь нь устдаг бол Америкийн өвөл зөгийн сүргийн гуравны нэг нь үрэгддэг байна. Өмнөд Америк, Азид ч зөгийн тоо толгой огцом цөөрчээ.

Эрдэмтдийн тооцоолсноор 1961 оноос эхлэн дэлхийн зөгийн сүргийн тоо хоёр дахин багассан бөгөөд нэг га талбайд ногдох зөгийн тоо 90 хувиар буурсан байх юм.

Ер нь ургамлын тоос хүртээгч шавжны тусламжгүйгээр цэнхэр гарагийн амьдралыг төсөөлөхөд бэрх. Зөгий нисч л байвал тэнд эко системийн тэнцвэрт байдал хадгалагдаж байна гэсэн үг. Таримал ургамалд зөгийгөөр тоос хүртээснээр ургацаа 30-300 дахин нэмэгдүүлэх ч боломжтой.

Зөгий хамгаалах дэлхийн сангийн тодорхойлсноор, экологийн тэнцвэр алдагдаж балт ургамлын тоо цөөрсөн, зөгийн өвчин элбэгшиж сүргийн дархлаа бүхэлдээ суларсанаас цаг бус хорогдлын гол шалтгаан үүсжээ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд химийн бодис ихээр хэрэглэх болсон нь ч амьтан ургамлын үржил, өсөлтөд сөргөөр нөлөөлсөн нь дамжиггүй. Дээрээс нь дэлхий даяар дэлгүүрийн лангуун дээр борлуулагдаж буй зөгийн балны 40 шахам хувь нь сахарын хольцтой шингэрүүлсэн болон синтез аргаар бүрэн орлуулсан бүтээгдэхүүн байдаг. Үүнийг дагасан хууран мэхлэлт, авлигатай тэмцэн зах зээлд тэсэж үлдэхийн тулд зөгийн аж ахуй эрхлэгчид хүндхэн сорилттой тулгарч буй.

“Бал угаалт”-ын балаг

Зөгий нь балнаас гадна 12 төрлийн байгалийн идэвхт бүтээгдэхүүн гаргадаг. Бал, лав, жилий, сүүнцэр, хор, тоосормог зэргийг өнөөдөр хоол хүнс, эрүүл мэнд гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, тэр бүү хэл сансрын техникт ч ашиглана.

Харин зөгийн балыг ерөнхийд нь байгалийн цэцэгсийн, таримал ургамлын, сахарын орцоор шингэрүүлсэн, бүрэн хиймэл гэж дөрөв ангилдаг. Мянган жил уламжлагдаж ирсэн зөгийн аж ахуй сүүлийн 40 жилд төрхөө өөрчилж шимт охь бус “угаасан бал” зах зээлд илүүтэй хүч түрэх болжээ. Балны үндсэн чанарыг алдагдуулахгүйгээр ус чихрийн хольц нэмж шингэрүүлэх технологи хэзээнээс байсаар ирсэн. 20-25 жилийн өмнө балыг шингэрүүлэхдээ эрдэнэшиш, нишингээс гаргаж авсан чихэр ашигладаг байсан бол одоо химийн хольц илт давамгайлж буйг шим судлаачид анхаарууллаа. Тухайлбал, 1990-ээд оны сүүлээр БНХАУ-ын зөгийн аж ахуй уналтад орж нэг жилд долоон сая бүл үүр хаагдаж байв. Гэтэл энэ зуурт Хятадаас АНУ-д нийлүүлэх балны экспорт найм дахин нэмэгджээ. Балт зөгий нь ховордоод байхад цагаан будаанаас гаргаж авсан илүү хямд сиропоор балаа шингэрүүлэх арга бодож олсон хятадууд төд удалгүй дэлхийн зах зээлийг балт бүтээгдэхүүнээр булж эхэлжээ. Нэмэлт хольцоос гадна балаа боловсорч гүйцээгүй усан төлөвт байхад нь хураан үйлдвэрийн аргаар хатааж цэцгийн тоосыг арилгах залийг ч тэд анхлан хэрэглэж эхэлсэн юм.

Сүүлийн үед балны гарал үүслийг тодорхойлоход улам бүр хэцүү болж буйг Техас муж дахь Siratech лабораторийн захирал Ричард Андерсон учирлалаа.

“1970-аад онд өндөр тунгаар фруктоз агуулдаг С4 сахар зөгийн бал хуурамчаар үйлдэгсдийн дунд алдартай байсан. Тийм сахарыг лабораторийн шинжилгээгээр илрүүлэхэд хялбар. Яваандаа тэд бал хуурамчаар бүтээх арга барилаа өөрчилж, будаа, нишингэ, кассава зэрэг С3 сахар агуулсан ургамлаас гаргаж авсан сироп хэрэглэж эхэлсэн. Мөшгих тусам ул мөрөө баллаж, огт танигдахгүй химийн элемент орц агуулсан сироп руу шилжих боллоо” хэмээн Р.Андерсон ярьсан юм.

Лабораториуд өмнө нь балны жинхэнэ эсэхийг шалгахдаа доторх цэцгийн тоосыг шинжилж, эх үүсвэрийг нь тогтоодог байлаа. Одоо бол илүү нарийн түвшинд химийн ул мөрийг шалгах цөмийн соронзон резонансын дүрслэл буюу SIRA- ийн шинжилгээ хийж байж хольц илэрнэ. Гэтэл дэлхий даяарх хүнсний худалдаа эрхлэгчдээс хэд нь өндөр өртөгтэй шинжилгээ хийлгэх хүсэлтэй билээ.

Европт ч байдал ялгаагүй. Зөгийн балны хэрэглээгээрээ Америкийн дараа дэлхийд хоёрт ордог ХБНГУ-ын лабораторид туршсан 10 дээж тутамд дөрөвт нь үүсэл тодорхойгүй чихрийн хольц илэрсэн аж.

Хуурамч зөгийн бал эцсийн дүндээ жинхэнэ балны үнэ цэнийг унагах нь тодорхой. Үнэндээ үйлдвэрлэлийн өртөг нь хоёр ам.доллар давж байхад 60 цент хүрэхгүй үнээр хуурамч балтай өрсөлдөнө гэдэг туйлын хэцүү. Тиймээс Америкийн зөгийчид бал үйлдвэрлэхээс илүү тоосжилтод анхаарлаа хандуулдаг болсон. Таримал ургамлын тоосжилтын ажилд “хөлслөгдсөн” зөгийн сүрэг илүү холын замд нүүдэллэн, тэр хэрээр сүргийн дархлаа нь муудаж, тоо толгой нь эрчимтэй хорогдож буй.

“Honeygate” буюу үндэстэн дамнасан гэмт хэрэг

2013 онд АНУ-ын Хууль зүйн яам “Hon- eygate” нэртэй мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлж нэгдсэн улсын зах зээлд зөгийн бал нийлүүлдэг хоёр гол нийлүүлэгчийг шүүхэд өгсөн юм. Тэд Европ, Азийн бусад орноос зөгийн бал нэрээр хуурамч, чанаргүй хятад бал оруулж ирдэг байжээ. Дээр өгүүлсэнчлэн, шингэрүүлсэн зөгийн балд зах зээлээ бүрэн эзлүүлэх дөхсөн АНУ-ын Засгийн газар 2001 онд Хятадаас балт бүтээгдэхүүн авахыг хориглосон тогтоол баталсан юм. Гэсэн ч хууран мэхлэлтэд үргэлж гарц олддог хойно Азийн бусад орнуудын экспортын хэмжээ гэнэт өсөв. Тухайлбал, Малайз улс нэг жилд 14 800 тонн бал экспортод гаргаж бүхнийг гайхшруулжээ. Гэтэл тус улсын бүх зөгий жил тойрон нисээд ч дээрх балны аравны нэгийг л цуглуулах боломжтой. Зөгийн бал угаах энэхүү схемээр дамжуулан компаниуд 180 сая ам.долларын татвар төлөхөөс зайлсхийж, зөгийн балны жинхэнэ гарал үүслийг нууж чаджээ. Энэ нь АНУ-ын түүхэн дэх хамгийн том хүнсний луйврын хэрэгт тооцогддог.

“Honeygate”-ийн дуулианаас хойш энэ салбарын тоо баримт харьцангуй ил тод болсон ч дэлхий дээрх хуурамч зөгийн балны хэмжээг нарийн тодорхойлж чадаагүй л байна.

“Honey Authenticity” төслийн хийсэн судалгаагаар хуурамч балны хэмжээ дэлхийн зах зээлийн 33 хувийг эзэлдэг гэсэн бол Австралид 27, харин Европт 40 хувьд дөхнө гэж үздэг. Олон улсын зөгийн бал экспортлогчдын байгууллага (IHEO) -ны ерөнхийлөгч Норберто Гарсиагийн хэлснээр хуурамч балны наймаанаас болж дэлхийн зөгийчид жилд 600 сая ам.долларын алдагдал хүлээдэг ажээ.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. дэлгүүрийн зөгийн балыг авч идэх хэрэггүй юм бна дөө

    0 0 Хариу бичих