Эх, хүүхдийн эндэгдэлд гэр бүлийн хүчирхийлэл, архидалт нөлөөлдөг

 2017-2021 онд эхийн ноцтой хүндрэл Булган, Баянхонгор, Сэлэнгэ аймагт, амьгүй төрөлт Төв, Увс, Дорнод аймагт, тав хүртэлх насны хүүхэд болон нярайн эндэгдэл Завхан, Говь-Алтай, Ховд аймагт улсын дундаж үзүүлэлтээс өндөр байна. Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хэлэлцүүлгийн үеэр энэ тухай танилцуулсан юм.

Эх жирэмсний хяналтад ордоггүй нь хүндэрч, амь нас нь эрсдэх гол хүчин зүйл болж буйг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа. Мөн нийгмийн сөрөг байдал буюу амьдралын боломж, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт нөлөөлдөг. 2016-2019 онд эндсэн 97 эхийн материалд хийсэн үнэлгээний дүнгээр зохих арга хэмжээг авч, удирдамж, зааврыг мөрдөж чадсан бол нийт эндсэн эхийн 28.9 хувийг аврах, 67.0 хувийг сэргийлэх боломжтой байжээ. Тэгвэл  2021 оны 4-11 дүгээр сард 5293 эх коронавирусээр өвдсөнөөс 44 эх вирусийн шалтгаанаар энджээ. 

Цаашдаа бодлого, хууль эрх зүйн түвшинд Эх, хүүхдийн хуулийг батлах, эх, хүүхэд нөхөн үржихүйн төсвийг бүх шатанд бий болгож, нийт төсвийн хоёр хүртэлх хувийг зарцуулж байхаар хуульчлах, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэхэд шаардлагатай төсвийг эрүүл мэндийн даатгалд оруулах зэрэг асуудлыг эмч нар дэвшүүлж байна. 

Манай улс 2030 он гэхэд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 1000 амьд төрөлтөд ес, нялхсын эндэгдлийг 1000 амьд төрөлтөд найм болгон бууруулах зорилт дэвшүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэй ажилтныг дэмжих чиглэлээр ажлын цагийг богиносгох, ажилтан өөрөө зөвшөөрөөгүй бол илүү цаг, шөнийн цагаар ажиллуулах, томилолтоор явуулах зэргийг хориглох, зайнаас ажиллах боломжийг олгох зохицуулалтуудыг тусгасан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)