Рег Харрисын “эргэн ирэлт”

Рег Харрис бол дугуйн спортын түүхэн дэлхийд нэг бус удаа түрүүлж байсан, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн. Спортын ертөнцөд түүнийг бүх
цаг үеийн хамгийн агуу тамирчдын нэгэнд зүй ёсоор тооцдог. Гэхдээ дэлхийн аварга гэдгээр нь биш, харин спортын түүхэнд олон давтагдахгүй гайхамшигтай “эргэн ирэлт”-ийг нь ингэж үнэлсэн юм. Спортын түүхэнд олимп, дэлхийн аваргууд хэдэн мянгаараа бий, харин Рег Харрис шиг зодог тайлснаасаа хойш 17 жилийн дараа буцаж ирээд улсынхаа аваргад түрүүлсэн нь нэг ч үгүй.

Идэр залуудаа тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулж, нэр хүндээ олсон Рег Харрис зодог тайлснаасаа 17 жилийн дараа, нас сүүдэр 54 хүрсэн хойноо гэнэт спортдоо буцаж ирэхээр шийджээ. Гэхдээ ахмадын ангилалд биш. 1971 оны эхээр тэрээр Бирмингемд болсон УАШТ-ий насанд хүрэгчдийн элит ангилалд уралдаж, хүрэл медаль авсан байна. Түүнээсээ хойш тасралтгүй бэлтгэл сургууль хийсээр 1974 онд улсын аварга болж, алтан медаль хүртсэн юм. Тухайн үедээ Английн ирээдүйтэй дугуйчин гэгдэж асан Тревор Булл 57 настай Регийн ард орж, мөнгөн медаль зүүжээ. Рег дараа жил нь УАШТ- дээ Тревор Буллд дийлдэн мөнгөн медаль зүгээд зодог тайлсан бөгөөд тэр үедээ 58 настай байв.

Рег Харрис буюу Режинальд Харгривз 1920 оны гуравдугаар сарын 1-нд Английн Бирт хэмээх хотод төржээ. Түүнийг 14-тэйд ээж Эльза нь дахин гэрлсэн ба Рег хойт эцгээрээ Харрис хэмээн овоглох болсон байна. Үүнээс хойш жилийн дараа тэрээр цаасны үйлдвэрт ажиллаж байгаад цалингаараа анхныхаа дугуйг худалдаж авчээ. Үүнээс хойш гурван жил шуурхай бэлтгэл сургууль хийсний дүнд тэрээр улсаа төлөөлөн ДАШТ-д хурд сорих хэмжээний тамирчин болж төлөвшжээ. Тэрээр улсынхаа шигшээ багт багтаж, 1938 оны дундуур ДАШТ-д оролцохоор Италийн Миланд очсон ч Дэлхийн хоёрдугаар дайн эхэлж шигшээ баг нь эргүүлэн татагдсан аж.

Рег цэрэгт явж, Хойд Африкт танкчинаар тулалдаж байгаад эмчийн магадлагаагаар халагджээ. 1944 онд Рег эмч нар хориглосныг үл хайхран улсынхаа АШТ-ий ойрын зайд уралдаж анх удаагаа түрүүлсэн байна. Дараа жил нь аваргаа хамгаалсан тэрээр 1947 онд сонирхогчдын ангилалд дэлхийн аварга цол хүртжээ.

1948 оны олимпын наадмаас тэрээр спринт, хөөх уралдаан, 1 км-ийн уралдаанд түрүүлж гурван алтан медаль авах зорилго тавин шаргуу бэлтгэсэн ч олимп болохоос гуравхан сарын өмнө авто осолд орж, хоёр хавиргаа хугалсан байдаг. Улмаар олимпоос хэдхэн долоо хоногийн өмнө Фаллоуфильдэд бэлтгэл хийж байгаад унаж шуугаа хугалснаас болж төлөвлөгөө нь тасалдсан байна. Тэрээр олимпод гурван зайдаа уралдсан ч спринтэд Италийн Марио Гелло, хосын спринт уралдаанд Алан Баннистертай хослон мөнгөн медаль хүртжээ. Түүний энэхүү хичээл зүтгэл олон нийтийн сэтгэлийг хөдөлгөж, англичууд 1949 оны шилдэг тамирчнаар Рег Харрисыг нэрлэсэн гэдэг. Тэрээр санал асуулгад хөлбөмбөгч Билли Лиделлийг ардаа орхижээ.

Олимпын дараа Рег мэргэжилд шилжиж, “Raleigh” багт уралдсан. Шинэ багтаа дөнгөж ороод 1949 онд Копенгагенд болсон ДАШТ-д түрүүлж, дараагийн хоёр жилд Бельги, Италид аваргаа хамгаалсан байна. 1950 онд дахин “Английн оны шилдэг тамирчин” болсон тэрээр 1954 онд зодог тайлсан юм.

Түүнээс хойш 1971 онд эргэж ирээд юу болсныг эхэнд өгүүлсэн. Рег Харрис 1992 онд нас барах хүртлээ өөрийн хүсэл сонирхлоороо уралдсаар л байсан юм. Английн дугун холбоо Рег Харрисыг хүндэтгэн Манчестер дахь дугуйн спортын Үндэсний төвийн өмнөх талбайд хөшөөг нь сүндэрлүүлжээ.

Рег Харрисыг шүтэн биширч, дугуйн спорттой амьдралаа холбосон хүүхдүүд үй түм бөгөөд яг Регийн “Manchester Wheelers” багаас Де Фретвелл (Des Fretwell), Крис Бордмэн (Chris Board- man) нарын шилдгүүд төрөн гарсан юм. Дээрх хоёроос Де Фретвелл “Москва 1980” олимпын наадамд оролцсон бол Крис Бордмэн “Барселона 1992” олимпын наадамд өөрт нь зориулж бүтээсэн Lotus дугуйгаар уралдаж, алтан медаль хүртсэн түүхтэй.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)