Хэзээ ч арилж, хэрхэвч бүдгэрэхгүй шарх

Бодит түүх

Бурмаа айлын ууган охин. Тэрээр цэцэрлэгийн насны нэг дүүтэй бөгөөд өөрөө сумынхаа есөн жилийн сургалттай дунд сургуулийн төгсөх ангийн сурагч. Бурмаа хичээл зүтгэл, хүсэл тэмүүлэлтэй нэгэн бөгөөд шалмаг хөдөлгөөнтэй, шаггүй авьяастай.

Тэднийх удам дамжсан малчин өрх. Гэхдээ эцэг, эх нь ууган охиноо хөдөө хөхрүүлж, гадаа гандуулахгүй гэсэндээ суралцах ая, тавыг нь аль байдгаараа хангахыг хичээнэ. Гэсэн хэдий ч бүл, хүч дутмаг учир мал, ахуйгаа орхиод сумын төвд ирж, суурьших боломж хомс. Тиймээс ууган охин нь зарим жил айлд, зарим жил сургуулийн дотуур байранд амьдардаг байв. Дунд сургууль төгсөх жил нь эцэг нь охиноо дахиж “айлын тогоо харуулахгүй” гэсэндээ дүүгийнхээ хашаанд гэр барьж, төвхнүүлэв.

Ийнхүү Бурмаа гэр толгойлж, авга ах нь дүүгийнхээ ая тух, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээлээ.

Харамсалтай нь эцгийн санасан, охины хүссэн талаар болов. Эцгийнх нь итгэж, охины найдаж байсан авга ахынх нь дотнын найз гэрийг нь эзгүйчилж, охины бие, сэтгэл, хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, ирээдүйг нь бузарлаж орхисон юм. Ийнхүү Бурмаа 16 насандаа ээж боллоо. Дунд ангиа төгсөлгүй хүүхэдтэй болсон тул сургуулиасаа хөөгдөж, үеийнхэндээ гадуурхагдаж, үерхдэг байсан хөвгүүндээ ч хаягдав. Түүгээр ч зогсохгүй, ахынхаа найзын толгойг эргүүлж, айл гэр үймүүлсэн гэж гүтгэгдэн, бусдын хорон үг, хорссон харцанд сийчүүлэх болов. Ийнхүү хөөрхий охин ээж болохтойгоо зэрэгцэн хүүхэд нас, хөөр баяр, хүсэл мөрөөдлөө гээсэн юм.

Дээрх үйл явдал одоогоос 11 жилийн өмнө болсон бөгөөд мэдээлэгчийн хүсэлтээр нэрийг нь өөрчлөв. Бурмаа одоо 27 настай. Тэрээр өнөө хэр хүнтэй суугаагүй бөгөөд дунд ангиа ч дүүргэж чадалгүй сургуулиасаа гарч, мал маллажээ. Тэрээр СУИС-д суралцаж, жүжигчин болох хүсэлтэй байсан тухайгаа өгүүлсэн юм. Мартаж чаддаггүй ч санаж зүрхэлдэггүй алсарсан мөрөөдлийнхөө тухай тэрээр “Үеийнхэн амжилттай явааг харахаар зүрх шимширдэг. Атаархсандаа биш шүү. Би ч тэдэн шиг гялалзаж болох байсан гэж бодохоор хэтэрхий харамсалтай, хөөрхийлөлтэй санагддаг. Аав, ээж хоёр минь хүүхдээ үлдээгээд хот хүрээ ор гэж ятгадаг байсан ч хүн чинь цагаа тулахаар “үрдээ хүлэгдчихдэг” юм билээ. Эцэг, эхийгээ мөн ч их зовоосон доо. Миний туулсан амьдралыг өөр нэг ч эмэгтэй бүү үзээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг” гэж ярьсан юм. Хөөрхий эмэгтэйн хувь тавилан, хүсэл мөрөөдлийг булингартуулсан өнөөх этгээд ямар ч ял, шийтгэл аваагүй бөгөөд түүний эхнэр, хадмууд нь нялх биетэй, бяцхан Бурмааг цөөнгүй жил дарамталж, даапалжээ. Түүнчлэн хүүхдээ эцэгтэй нь уулзуулахгүй, насан туршдаа өөрөө тэжээн, тэтгэж өсгөнө гэх амыг нь албан ёсоор аваад, аль болох зайтай амьдрахын шаардаж, тулгасан талаар хэлж байлаа.

Дээр өгүүлсэн жишээ бол зөвхөн нэг эмэгтэйн амьдрал, нэг хүний ээдрээтэй түүх биш юм. Монголд мянга, мянган эмэгтэй Бурмаагийнх шиг зовлон туулж, бие сэтгэл, ирээдүйгээ эрэмдэглүүлсээр л байна.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидын бие сэтгэлийг эмчилдэггүй

2020 онд байдлаар Монгол Улсын хэмжээнд 0-18 насны 607465 охин байгаа бол тэдний 85203 нь өсвөр насных (15-18 нас) юм. Эдгээр охидын цөөнгүй нь бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч болдог аж. Тодруулбал, сүүлийн таван жилийн байдлаар улсын хэмжээнд 1400 орчим охин бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Түүнчлэн энэ төрлийн гэмт жил бүр нэмэгдэж байна. Тодруулбал, 2017 онд 138 охин бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч болсон бол 2020 онд тус тоо 350 болж өсжээ. Мөн 2021 оны эхний найман сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэг 228 бүртгэгдсэн байна. Гэхдээ энэ бол зөвхөн ил болж, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо, мэдээлэл юм. Нүд, чихнээс далд хэчнээн охин бие сэтгэлээ эрэмдэглүүлж буйг тооцоолох боломжгүй юм.

Хуульч Р.Булгамаа

Сүүлийн таван жилийн байдлаар Монгол Улсад 1400 орчим охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Ийм ноцтой гэмт хэргийг таслан зогсоох шаардлагатай. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдуулан хууль хяналтын байгууллагаас зөвхөн гэмт хэрэгтэнд хорих ял оногдуулдаг, эсвэл хариуцлага хүлээлгэж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдийн сэтгэл санааны хохирлыг нь тооцон нөхөн олговор олгодог зохицуулалт манай улсад байдаггүй. Мөн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгдэх орчин нь ахуйн шинжтэй болж байгаа нь анхаарал татаж байна. Хүүхдийн эрхийн хамгааллын чиглэлээр салбар дундын зохицуулалтыг сайжруулахад төрийн нэгдсэн бодлого зайлшгүй шаардлагатай байна.

Жилд 4000 охид ээж болж, тэдний 70 хувь нь өрх толгойлдог

Охидын эрхийг хамгаалах “Гүнж” төвөөс хийсэн судалгаагаар жилд 4000 орчим өсвөр насны охин хүүхэд төрүүлдэг аж. Түүнчлэн статистик мэдээллийн нэгдсэн санд байршуулсан мэдээллээс харахад, 1000 төрөлт тутмын 30 гаруй хувийг 10-19 насны жирэмслэлт эзэлж байна. Хамгийн харамсалтай нь, тэдний 70 гаруй хувь нь өрх толгойлж, хүүхдээ ганцаараа өсгөдөг. Өөрөөр хэлбэл, хүүхдээ төрүүлж буй охидын дийлэнх нь хүсээгүй жирэмслэлт, хүчирхийллийн золиос болж буй юм.

Түүнчлэн өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн охид эрүүл мэнд, нийгэмд, эдийн засаг, сэтгэл зүйн олон бэрхшээлтэй тулгардаг. Гэтэл тэднийг нийгэмшүүлэх, бие, сэтгэл зүйн эрүүл мэндэд нь анхаарах нэгдсэн бодлого дутагдалтай байна.

НҮБ-аас эмэгтэйчүүдийн ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах, жирэмсэн охидыг сургуульд нь үргэлжлүүлэн суралцуулах, залуу эхчүүдийг төрсний дараа буцаан нийгэмшүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх зөвлөмжийг манай улсад ирүүлсэн байдаг. Гэхдээ дээрх зөвлөмж дорвитой хэрэгжиж, тодорхой ажил бололгүй өнөөг хүрчээ. Өсвөр насандаа жирэмсэн болсон охидыг нийгэмшүүлэх, тэдний суралцах, хөгжих боломжийг хангах зайлшгүй шаардлагатай байна.

Үр хөндөлт ба өөрийн амь

Энэ оны байдлаар хүүхэдтэй 5000 орчим өсвөр насны охин байна. Гэхдээ энэ бол хүүхдээ тээгээд, төрүүлсэн охид. Харин хэчнээн нь жирэмсэн болоод үр хөндөлт хийлгэж буйг тодорхойлоход бэрх юм. Түүнчлэн энэ төрлийн судалгаа, мэдээлэл нэн ховор байдаг аж. Үр зулбуулах эмийг хууль бусаар буюу гар дээрээс худалдаалдаг үзэгдэл өнөө хэр бий. Тодруулбал, зах худалдааны төвүүдээс болон цахим хуудсаар дамжуулан үр зулбуулах, баталгаагүй, хямд үнэтэй эм худалдаж авч ахуйн хүрээнд хэрэглээд амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гардаг аж. Түүнчлэн зөвшөөрөлгүй эмнэлэгт үр хөндөлт хийлгэх тохиолдол ч элбэг. Ийнхүү тусгай зөвшөөрөлгүй, хувийн эмнэлэгт үр хөндүүлсэн болон гар дээрээс үр хөндүүлэх эм авч хэрэглэсэн эмэгтэйчүүдийн тоо, мэдээллийг хянах боломжгүй юм.

Энэ талаар НЭМГ-ын Эх барих эмэгтэйчүүдийн НҮЭМ-ийн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Р.Октябрь хэвлэлд мэдээлэл өгчээ. Тэрээр “Үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн 50 гаруй хувь нь 25-аас доош насныхан байна. Зөвшөөрөлтэй эмнэлэгт өдөрт 40-50 эмэгтэй үр хөндүүлдэг. Харин зөвшөөрөлгүй эмнэлэгт хэчнээн эмэгтэй үр хөндүүлж байгааг мэдэх боломжгүй. Энэ нь маш эрсдэлтэй. 2019 онд 20 эх эндсэний тав нь үр хөндөлтийн улмаас амиа алдсан. Тиймээс энэ асуудлыг бодлогоор зохицуулах цаг болсон” гэжээ.

Өсвөр насны охид БЗХӨ-өөр өвчлөх тохиолдол элбэг

Өсвөр насныхан БЗХӨ-ний халдвар авах тохиолдол буурахгүй байгаа нь зайлшгүй анхаарах шаардлагатай асуудал юм. БЗХӨ-нөөр өвчлөгсдийн 30 гаруй хувийг 15-19 насныхан эзэлж байна. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн нэгэн өрхийн эмнэлгийн эмч мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Ихэвчлэн 15-40 насныхан БЗХӨ-өөр өвчилдөг. 15-19 насны охид багагүй хувийг эзэлдэг. Ихэвчлэн заг хүйтэн, тэмбүүгээр өвчилж байна. Жирэмсэн хүн ч өвдчихсөн л байдаг. Ялангуяа, хотын төвөөс алслагдсан хороо учир асуудал бүр ч их. Охидын тухайд нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг дутмаг байдгийн улмаас эрт жирэмсэлж, элдэв өвчинд өртөж байна. Түүнчлэн хэн нэгний дарамт, шахалтад өртсөн байх тохиолдол элбэг. Хамгийн гол нь эцэг, эхийн хараа хяналт сул байна. Аав, ээжүүд хүүхдийнхээ нас, биеийн онцлогийг ойлгож, нээлттэй ярилцдаг байх хэрэгтэй. Охид БЗХӨ авсан болон жирэмсэн болсноо эцэг, эхдээ хэлэхээс эмээх нь эрсдэлийг нэмэгдүүлдэг” гэсэн юм.

Хэрхэвч дөжирч, хэзээ ч энгийнээр хүлээж авч, хүлээн зөвшөөрч болохгүй асуудал бол охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, аюулгүй байдал. Охид ариун бол төр ариун. Энэ зөвхөн тусгаар тогтнол, цус ясны асуудал биш юм. Эрүүл нийгэм, эрүүл иргэн, эрүүл ирээдүйг бүтээхийн тулд охидоо хамгаалах зайлшгүй шаардлагатай байна.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих
  2. хөдөө буйд газарт ийм юм их болж байгаа.харамсмаар. уг нь бид цөөхүүлээ шүү дээ

    0 0 Хариу бичих
  3. Хөөрхий эмэгтэйн хувь тавилан, хүсэл мөрөөдлийг булингартуулсан өнөөх этгээд ямар ч ял, шийтгэл аваагүй бөгөөд түүний эхнэр, хадмууд нь нялх биетэй, бяцхан Бурмааг цөөнгүй жил дарамталж, даапалжээ. Тэр авга ахынх нь найз гэж байгаа, насанд хүрээгүй охинийг жирэмсэн болгож амьдралыг нь сүйтгэсэн бөлдөгө толгойтын нэрийг нь бичээд , зургийг нь нийтлэх хэрэгтэйшд. Ийм бөлдөгө толгойтнуудыг хүн гэж нэрлэж болох уу ?

    0 0 Хариу бичих