"Богд Зонхобагийн номлол дэлхий дахинд түгэхэд монголчуудын үүрэг оролцоо их байсан"

Хоёрдугаар ялгуусан Богд Зонхаба ламын их дүйчэн өдөр буюу Зулын 25 өнөөдөр тохиож байна. Буддын шашныг шинэтгэгч, гэлүгбагийн ёсыг үндэслэгч Богд Зонхоба энэ өдөр эхийн хэвлийд орших ёсыг үзүүлж, мөн 1419 оны өвлийн эхэн сарын 25-нд насан өөд болжээ. Иймээс Богд ламын шашин дэлгэрсэн орон газруудад 1357 оноос эхлэн уг өдрийг Зулын 25 хэмээн зул өргөж, буян хурааж ирсэн уламжлалтай байна.

Иймээс Монголын бурхан шашны төв, Гандантэгчинлэн хийдээс энэ өдөрт зориулан олон арга хэмжээ зохион байгуулж байгаа талаараа мэдээлэл өглөө.  Энэ өдөрт зориулан тус хийдийн цорж лам, гавж Б.Чойжилсүрэн сүсэгтнүүдэд зориулан нэг өдрийн мацаг, санваар хүртээж, Гандан дуганд Богд Зонховын дүйчин өдөрт зориулан Богд ламын чого ном хурж байгаа юм байна. Мөн түүнчлэн Хамба номун хан, гавж Д.Чойжамц Богд Зонхобагийн дүйчин өдөрт зориулсан айлдвар айлдсан бол хийдийн Да лам Х.Бямбажав Богд Зонхобагийн үүсгэсэн Гэлүгвийн ёсны талаар сүсэгтэн олонд нийтэд сургаал номлол айлдсан байна. Мөн энэ орой сүсэгтэн олон нийтээр цуглаж, маань хөгжөөн Мэгзэмийг дуу таслалгүй уншиж, хурж хонох юм байна. Энэ өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ах дүү хамаатан садан өвөг дээдсийнхээ хойноос зул өргөж, энэ өдрөөс өмнө өвлийн идэш уушийг бэлтгэн, амьтны амь хөнөөсөн нүглээ наминчилж, бөөрний өөх тэргүүтнийг хайлсан тосоор болон цагаан идээнээс бэлтгэн гаргасан өөх тосоор зул өргөдөг байна. Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн нарийн бичгийн дарга, докторант Н.Амгалан хэлэхдээ “Богд Зонхобагийн ном номлол дэлгэрэх үед хамгийн хүчирхэг гүрэн бол Монголын эзэнт гүрэн байсан. Тиймээс ном номлол дэлхий дахинд түгэхэд монголчуудын үүрэг оролцоо маш их байсан. Монгол бол Богд Зонхобагийн ном номлол түгсэн гол орон” гэсэн юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. нас барснаас нь хойш дагагчид нь шашин үүсгэсэн гэвэл 602 жил байсаар байгаа ламаизмыг бас нэг их мэдэхгүй байгаа нь тиймхэн. үхсэн хүн занданшуулаад алтдаад шүтэх дайны. бөөрний өөхөн тосны зул?

    0 0 Хариу бичих