Д.Болд: Цаашид Монгол Улсаас гарах ачаа зөвхөн чингэлэг тээврээр явна

Эрээн боомтоор чингэлэгт ачаагүй импорт, экспортын бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэрийн талаар ГХЯ-ны Хилийн хэлтсийн дарга Д.Болд тодруулга өглөө.

Тэрээр “Замын-Үүд Эрээн боомтын ачаа тээвэр зогслоо гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд гарсан. Тус боомтын хувьд өдөрт 14 галт тэрэг өргөн царигаар Хятадын талд нэвтэрдэг. Харин 6-7 галт тэрэг нарийн царигаар Монголын талд орж ирдэг. Үүнтэй холбоотойгоор Эрээн хотын Ардын засгийн ордон, Шуурхай штабаас цаашдаа Монгол улсаас ирж байгаа төмөр замын дамжин өнгөрөх тээвэр болон Монголоос орж ирж байгаа төмөр замын бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг чингэлэг тээврээр авах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийнхээ хүрээнд Эрээн хотын шуурхай штабаас 81, 83 дугаар мэдэгдэл гаргасан. 11 дүгээр сарын 27-ны 00 цагаас эхлээд Эрээн төмөр замын болон, авто замын боомтоор модон материал, хуванцар эдлэл, төмөр болон барилгын материал, бага оврын тоног төхөөрөмжийн экспортыг түр зогсоохоо мэдэгдсэн. Түүнчлэн хүний гараар ачдаг бараа бүтээгдэхүүнийг хүлээж авахгүй гэсэн. Бид үүнийг тодруулахад Хятадын талаас онцолж буй зүйл нь Манжуурт коронавирус илрээд тархалт өндөр байгаа учраас ийм шийдвэр гаргажээ. Манжуурт халдвар тархсан нь төмөр замын ажилчдаар дамжиж орж ирсэн гэж үзэж байгаа юм. Мөн 11 дүгээр сарын 28-ний өдрийн 14 цагаас эхлээд төмөр замаар орж ирж байгаа төмрийн хүдэр, зэсийн баяжмал, нүүрс, жонш зэрэг нунтаг байдлаар Эрээн өртөө рүү тээвэрлэдэг ачааг хүлээж авахгүй гэж мэдэгдсэн. Ингэхээр цаашид Замын-Үүд Эрээн боомтоор төмөр замаар Монгол Улсаас урагшаа гарах ачаа нь зөвхөн чингэлэгээр явах юм байна гэсэн үг юм. Энэ нь нийгмийн сүлжээнд ярьж байгаа шиг хил, боомт хаагдсан гэсэн үг биш юм. Харин авто замын боомтыг нээх чиглэлээр ГХЯ, бусад холбогдох байгууллагуудтай хамарч ажиллаж байна" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. хятадууд ч монголчуудыг нэг сайн бавахаар шийдэждээ. Цаашдаа ер нь эрсдлийн менежментээ сайжруулах цаг нь болжээ.

    0 0 Хариу бичих