"Мөрөөдөлдөө хүрэх жижиг алхам бүрийг туршиж үзэх хэрэгтэй"

Олон Улсын Бизнес Хөгжлийн "BizAcademy"-ийг үүсгэн байгуулагч, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутны холбооны тэргүүн Б.Фатиматай боловсрол болон гадаад хэлийг хэрхэн сурах талаар ярилцлаа.

Эхний асуулт. Боловсрол таны хувьд хэр чухал вэ? 

Миний хувьд боловсролыг энэ нийгмийн хамгийн чухал хүчин зүйл гэж боддог. Чанартай боловсрол эзэмшихэд эхлээд түүнийг олж авах мэдлэгийн үйл явц нь чухал. Өөрөөр хэлбэл хаана чанартай судалгаа , мэдээлэл гарсан байна тухайн эх сурвалжаас нь мэдээллийг олж авах шаардлага үүсэж байгаа юм. Тэр бүгд нь олон улсын хэл дээр байдаг. Орчин үед бүх л талаараа хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломж үүсэж байна. Тийм учир чанартай боловсролд хэлний мэдлэг шууд холбоотой гэж ойлгодог.

Хэзээнээс англи хэл сурч эхэлсэн бэ? Тухайн үед хэл сурахад тулгамдаж байсан асуудал юу байв?

Долоодугаар ангиасаа англи хэлийг сурч эхэлсэн. Тухайн үед англи хэл нийгэмд маш хэрэгтэй болж нэг утгаараа нийгмийн хэрэгцээ болж байсан учир сайн сурах хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Тэр үед англи хэлийг бие дааж сурч сайжруулан гэдэг нь маш хэцүү байлаа. Нэг талаараа миний хувьд нэг том сорилт болсон гэж боддог. Тэгээд хамгийн анх номын дэлгүүрээс дүрмийн ном худалдаж аваад хэлний дүрмээ уншиж сайжруулж байлаа.

Оюутан байхдаа БНСУ-д оюутан солилцоогоор явж байсан гэсэн. Гадаад оюутнууд хэл сурахдаа ямар арга барилаар суралцдаг вэ?

Хэлний мэдлэг маш их сайжирсан. Би БНСУ-ын "Hankuk" их сургуульд оюутан солилцоогоор суралцсан. Тэр үед хоол идэх, хичээл хийх, хүнтэй харьцахад бүх зүйл дээр англи хэл шаардаж байлаа. Тэгээд гадаадаас ирсэн олон хүүхэдтэй улсынхаа талаар ярилцаж сонирхолтой байдлаар хэлнйи мэдлэгээ  сайжируулсан. Гадаад хүүхдүүд хэл сурахдаа маш идэвхтэй. Ямар дугуйлан клуб нээгдэж байна, бүгдэд нь орж тууштай хичээллэж байгаа харагддаг. Хэрвээ сургууль чинь сурагч, оюутан солилцоо явуулдаг бол заавал өөрийгөө сорьж үзээрэй гэж хэлмээр байна.

Англи хэл сурахад нөлөөлсөн гол хүчин зүйл юу байсан бэ?

Хэл сурах гэж байгаа хүний хувьд хүсэл тэмүүлэл гэдэг зүйл маш чухал. Миний хувьд гадаадад сурах мөн гадаад хэлээр боловсрол эзэмших хүсэл тэмүүлэл дүүрэн байсан. Тэгээд амьдралын хэв маягтаа англи хэлийг заавал ашиглах нөхцөл боломжуудыг бий болгож эхэлсэн. Энэ дотроо хамгийн эхэлж гадаад хүмүүстэй долоо хоногт нэг удаа харилцах, гадаад ном унших, хэл сурах клубт нэгдэх зэрэг миний хүсэл тэмүүлэлд хүргэж болох хүчин зүйлс хаана байна. Тэр бүгдийг алдалгүй эзэмшиж сурахыг хичээсэн.

Англи хэлийг хамгийн анх бие дааж сурч байсан гэж байна. Тэгвэл бие даан хэл сурч байгаа хүмүүст зөвлөгөө өгвөл?

Хамгийн уламжлалт арга бол айл болгонд дүрмийн ном байдаг. Тэгээд мэдэж үзэг, цаас бэлэн байгаа шүү дээ. Дүрмийн номоо гаргаж ирээд бүх дасгал ажилтай нь танилцаж, уйгагүй давтах хэрэгтэй. Номоо бүгдийг нь орчуулаад англи хэлний гол дүрмээ өөрт үлдтэл цээжлэх хэрэгтэй. Дүрмийг бие дааж хангалттай түвшинд суралцах бүрэн боломжтой. Хамгийн гол нь номоо орчуулаад нэг ч үг орхигдуулахгүй цээжлэх нь маш чухал.

Зөвхөн гадаад хэл гэлтгүй аливаа зүйлийг сурахад хүн бүхэнд өөрийн гэсэн өвөрмөц арга барилтай байдаг. Таны хувьд гадаад хэлийг сурахад ямар арга барилыг ашигласан вэ?

Би кино үзэх, дуу сонсох их дуртай. Ихэвчлэн өөрийн сонирхолтой гэж бодсон зүйлээ хийж туршиж үзэж англи хэлийг сурсан. Үзэж байгаа кино дотор нь нэг л сонирхолтой миний мэдэхгүй үг өнгөрөх бүрд нь толь гаргаж ирээд л харж тэмдэглэж авдаг байсан. Хамгийн гол нь хүн дуртай юм аа хийхдээ ерөөсөө зовдоггүй. Улам л илүү сонирхолтой санагдаад байдаг. Тиймээс бүх зүйлийг туршиж тэр дундаас өөрт таалагдсан арга барилаа олох хэрэгтэй.

Хэл сурахад туршлагаас илүү өөртөө итгэлтэй байх нь чухал гэдэг. Энэ талаар тайлбарлавал?

Би багш хүний хувьд нэг зүйлийг маш сайн анзаарсан. Тэр нь яг хэл сурахад хамгийн чухал нь өөртөө итгэх итгэл байдаг. Хүүхэд тухайн хэлэх гэж байгаа үгээ мэдэж байгаа ч буруу хэлчихвэл яах вэ гэдэг айдас бий. Тэр айдсыг даван туулах хэрэгтэй. Зөв ч буруу ч өөрийгөө илэрхийлж байх нь тархи тэр үйл явдлыг санахад нөлөөтэй байдаг. Би ч мөн адил анх их эмээж, буруу хариулт хэлчихсэн байх вий гэж айдаг байсан. Гэхдээ үргэлж өөрийгөө туршиж зөв ч буруу ч бай өөртөө итгэх хэрэгтэй. Энэ итгэл дараа нь амьдралын бүх л зүйлд хэрэг болох юм шиг санагддаг.

Хэл сурч байгаа хүмүүст урам өгч зөвлөвөл  юу хэлмээр байна вэ ?

Ирээдүйгээ цаасан дээр буулгавал бодит харагдаж байгаа зүйлд хүрэхэд илүү хурдан байдаг. Хэрвээ хэл сурч гадаадад амьдарч эсвэл ажил ,мэргэжлээ дээшлүүлэхийг хүсэж байвал эхлээд бүгдийг бодитоор хараарай. Тэгээд эцэст нь түүнд хүрэх жижиг алхам бүрийг туршиж үзэх хэрэгтэй гэж хэлмээр байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)