2021 он гэрэл зурагт

Улирч буй 2021 онд дэлхий дахинд өрнөсөн үйл явдлаас онцлох гэрэл зургийг түүвэрлэн хүргэж байна.

Капитолын толгодыг эзэлсэн нь

Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг баталгаажуулах Конгрессын хуралдаан эхлэхтэй зэрэгцэн Дональд Трампын зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаал хяналтаас гарч түүнийг дэмжигчид АНУ-ын хууль тогтоох байгууллага байрладаг Капитолын ордонд халдав. Үймээн самууны үеэр конгрессын гишүүдийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн ч жагсагчдаас таван хүн амиа алдаж олон зуун хүн гэмтэж бэртжээ.

Tayfun Coskun/ Anadolu Agency                            2021.01.06

Эхний тун

Иргэд коронавируст  халдварын эсрэг эхний тунгаа тариулахаар Уилтшир гүнлэгийн эртний сүмд байгуулсан дархлаажуулалтын  төвд хүлээж сууна. Дэлхийн улс орнуудаас Их Британи улс анх 2020 оны арванхоёрдугаар сарын 8-нд үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрийг эхлүүлсэн юм.

Dan Kitwood/ Getty Images           2021.02.11 

Гадуурхагдсан ази төрх

Цар тахлын дэгдэлтэд ази царайтай хүмүүсийг буруутган, ялгаварлан гадуурхах хандлага Америкт газар авлаа. Филиппин гаралтай америк иргэн Ноэл Кинтана метрогоор зорчиж явахдаа халдлагад өртөж, цаасны хутгаар нүүрээ сийчүүлжээ.

 Ahmed Gaber/ CNN                         2021.03.12

Бөөнөөр чандарлах талбай

Цар тахлын хоёр дахь давлагаанд нэрвүүлсэн Энэтхэгт өдөрт 350 000 халдвар бүртгэгдэж, талийгаачдынхаа цогцсыг чандарлаж хүчрэхгүйд хүрэв.

 Atul Loke/The New York Times                         2021.04.23

Хорин жилийн дайн төгсөв

Америкийн цэргийг Афганистанаас гаргах ажиллагаа албан ёсоор эхэллээ. Дөрвөн сарын хугацаанд гадаадын 7500 цэргийг Афганистаны нутаг дэвсгэрээс эргүүлэн татлаа. 2001 оны  9-р сарын 11-ний халдлагын дараа АНУ, Афганистанд цэргээ оруулж, алан хядлага терроризмын эсрэг өргөн хүрээний ажиллагаа эхлүүлсэн юм. 20 жил үргэлжилсэн дайнд давхардсан тоогоор 800 мянга орчим америк цэрэг оролцсоноос 2300 гаруй нь амь үрэгдэж, 20 мянга цэрэг шархдан Америкийн татвар төлөгчдийн 2 их наяд ам.доллар зарцуулагджээ.

Jim Huylebroek/ The New York Times      2021.05.02

Багийн хамгаалалт

“Евро-2020” тэмцээний үеэр Данийн шигшээ багийн хагас хамгаалагч Кристиан Эриксен ухаан алдаж унав. Зүрхний шигдээс болсон хөлбөмбөгчид яаралтай тусламж үзүүлэх явцыг бусдын дурангаас нууж багийнхан нь тойрог болон зогсохдоо нулимс дуслуулж байлаа. Хэдийгээр гол тоглогч нь эмнэлэгт хүргэгдсэн ч Данийн шигшээ хагс шигшээд үлдэж чадсан юм. Нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж биеийн байдал нь бүрэн сэргэсэн Кристиан Эриксен 2022 онд талбайд эргэж ирнэ.

 Wolfgang Rattay/ AFP             2021.06.12

Алсын үзэгч

Долоо хоногийн дараа олимпын нээлт болох Үндэсний цэнгэлдэх хүрээлэнг Шибуяа дүүрэг дэх ажиглалтын цэгээс харж буй үзэгчид. “Токио 2020”-д зориулж цэнгэлдэх хүрээлэнг 68 000 үзэгчийн суудалтай болгон өргөтгөсөн ч цар тахлын хөл хорионы улмаас олимпын тоглолт бүхэлдээ үзэгчгүй явагдсан юм.  

 Hiroko Masuike/ The New York Times                  2021.07.17

Талибууд эргэж ирлээ

Ерөнхийлөгч Ашраф Гани эх орноосоо дүрвэснээс хэдхэн цагийн дараа Талибаны дайчид нийслэл Кабул дахь Ерөнхийлөгчийн ордонд эзэн суув. Тэд АНУ болон холбоотнуудын эсрэг хийсэн 20 жилийн дайнд ялалт байгуулснаа зарлалаа.

 Zabi Karimi/ AP                             2021.08.15

Цагаачдын урсгал татрахгүй

Хилийн морьтон харуул Рио Гранде голыг хууль бусаар гатлан АНУ-д нэвтрэхийг оролдож буй цагаачдыг зогсоолоо. Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа цагаачлалын бодлогоо зөөлрүүлж магадгүй гэж найдан АНУ-ыг зорих иргэдийн тоо нэмэгджээ. Долоодугаар сард АНУ-Мексикийн хил дээр баривчлагдсан дүрвэгчдийн тоо сүүлийн 21 жилийн хугацаанд анх удаа 200,000 давсан юм.

Paul Ratje/Agence France-Presse     2021.09.19

Нурман дундах тосгон

Испанийн харьяа Канарын арал дээр тавин жил унтсан Кумбре Вьеха галт уул есдүгээр сарын 19-нөөс оргилж эхэлсэн юм. Сарын хугацаанд ойролцоох суурингийн оршин суугчдыг бүрэн нүүлгэн шилжүүлжээ. 11-р сарын дунд үе гэхэд галт уулын халуун лаав 1000 га талбайг бүрхэж, Ла Палма арал бүхэлдээ үнс нурманд хучигдаад буй.

 Emilio Morenatti/ AP          2021.10.30

Бритни чөлөөлөгдлөө

13 жилийн амьдралаа асран хамгаалагчийн хяналт дор өнгөрүүлсэн дуучин Бритни Спирст эрх чөлөө олгохыг шаардсан шүтэн бишрэгчид хотын шүүхийн гадаа цуглав. Хагас жил үргэлжилсэн шүүх хурлын эцэст Бритнийг толгой даан амьдрах цаг болсон гэж эцэг Жэми Спирс нь хүлээн зөвшөөрчээ. 39 настай дуучин бүсгүй сэтгэл санааны тогтворгүй байдлын улмаас 2008 оноос хойш төрсөн эцгийнхээ хатуу хараа хяналт дор санхүүгийн ямар ч мэдэлгүй, тэр бүү хэл хүүхдүүдтэйгээ уулзах, хүнтэй танилцаж болзох ч эрхгүй амьдарч байжээ.

Damian Dovarganes/AP                       2021.11.12

Үзгээр тэмцэгчид

Энх тайвны шагнал хүртсэн Оросын сэтгүүлч Дмитрий Муратов, Филиппиний нийтлэлч Мариа Ресса нар хэвлэлийн хурлын дараа Норвегийн Нобелийн хорооны гишүүдтэй хамт селфи хийлээ. Ресса нь Ерөнхийлөгч Родриго Дутертегийн дэглэмийг шүүмжилдэг Филиппиний мэдээллийн хэрэгсэл болох Рапплерын гүйцэтгэх захирал бол Муратов нь Кремлийн бодлогоос ангид Оросын бие даасан "Новая газета" сониныг тэргүүлдэг юм.

Torstein Bøe/ NTB/ AFP/        2021.12.10


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)