Оны тусгал гэрэл зурагт

 

Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорч, зургаан жилээр ажиллах шинэ Ерөнхийлөгчөө сонгон, Оюу толгойн Монголын талд оногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх болсон гээд улирч буй 2021 он улс төрийн амьдралд үйл явдал өрнүүн жил байлаа. Үүний зэрэгцээ орон даяар коронавирусийн эсрэг дархлаажуулалт эхлэн, анх удаа баяр наадмаа өнжиж, шатахууны хомсдолтой өрсөн Эрээн боомт хаагдсанаар бараа бүтээгдэхүүний гачаалд орсон гээд нийгмийн амьдрал олон сорилттой туллаа.  2021 оны тусгал гэрэл зурагчдын дуранд хэрхэн буусныг "Үндэстний ТОЙМ" сэтгүүл танилцуулж байна. 

 

Засгийг огцруулсан кадр

2021 оны нэгдүгээр сарын 20

Төрөөд удаагүй нялх биетэй эмэгтэйг коронавирусын халдвар илэрсэн шалтгаанаар тусгаарлахдаа зүй бусаар тээвэрлэж буй нь “Eagle news” телевизийн оройн мэдээгээр цацагдсан нь иргэдийн бухимдлыг өдөөв. Маргааш өглөөнөөс нь эхлэн бухимдсан иргэд Сүхбаатарын талбайд цуглаж эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Энэхүү жагсаалыг “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар гэрийн халаад, углааштайгаа төв талбайд гарч зогссоноор эхлүүлсэн юм. Шөнө болтол үргэлжилсэн энэхүү жагсаалд оролцогчид УОК-ыг огцрохыг шаардаж байлаа. Иргэдийг жагсаж байх үеэр Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаж албан тушаалаасаа чөлөөлөгдөхөө мэдэгдэв.

Маргааш нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдсэн юм. УИХ түүний хүсэлтийг өдөрт нь хэлэлцэж Ерөнхий сайдын албан тушаалаас нь чөлөөлснөөр У.Хүрэлсүхийн Засгийн газар огцров.

Анхны тун

2021 оны хоёрдугаар сарын  23.

Коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг албан ёсоор эхлүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины анхны тунг тариуллаа. Манай улс хамгийн анх “Астра Зенека” вакцинаар зорилтот бүлэг буюу эрүүл мэндийн байгууллагын ажилтан, халдварын голомтод ажиллаж байгаа онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын ажилтан, 50 ба түүнээс дээш насны хүмүүс, архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дархлаажуулсан юм. Түүнээс хойш вакцины нийлүүлэлт жигдэрч иргэд ямар вакцин хийлгэхээ өөрсдөө сонгов. Мөн вакцинд хамрагдсан иргэддээ 50 мянган төгрөгийн урамшуулал олгосон юм. Одоо монголчууд гурав дахь тундаа идэвхтэй хамрагдаж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЧАДРААБАЛ/ МОНЦАМЭ

Хорио ба хороо

2021 оны гуравдугаар сарын 19.

Баянзүрх дүүргийн Засаг дарга захирамж гарган дүүргийнхээ 26-р хороонд тав хоногийн хугацаатай хөл хорио тогтоолоо. Нийслэлийн хамгийн их хүн амтай хороонд тусгайлан хөл хорио тогтоосон явдал нь тус хорооны оршин суугчдыг маш ихээр бухимдуулсан юм. Мөн энэ үеэр тус хорооны Засаг даргын суудалтай холбоотой маргаан дэгдсэн нь дарин дээр давс нэмсэн үйл явдал байлаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЧАДРААБАЛ/ МОНЦАМЭ

0 зогсолт

2021 оны дөрөвдүгээр сарын 15.

Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцож буй автомашины дундаж хурд 13 км цаг байна. Оргил ачааллын үед энэхүү хурд нь 8.9 км цаг болж буурдаг ажээ. Дэлхийн стандартаар 10 км цагийн хурдыг тэг зогсолт гэж үздэг. Тэгэхээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал тэг зогсолт дээрээ иржээ. Нийслэлийн нэг иргэн өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг замын түгжрэлд өнгөрөөж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЧАДРААБАЛ/МОНЦАМЭ

Эрх чөлөө

2021 оны тавдугаар сарын 14

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн. Хуралдаанаас шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авч, хэргийг сэргээн шалгахаар прокурорт буцаав. Хэргийг прокурорт очтол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ. Уг шийдвэрийн дагуу Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 401 дүгээр хорих ангиас суллаж, батлан даалтад гаргав. Тэд зургаан жил хоригдсоны эцэст суллагдаж байгаа нь энэ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.ГАНЗОРИГ/ITOIM

Шинэ Ерөнхийлөгчийн тангараг

2021 оны зургаадугаар сарын 25.

Монгол Улсын зургаа дахь, мөн зургаан жил бүрэн эрхээ хэрэгжүүлэх анхны Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангаргаа өргөж, ажилдаа орлоо. Шинэ Ерөнхийлөгч тангараг өргөснийхөө дараа нийгэмд шударга ёс тогтоож, байгалийн баялгийг иргэн бүрт хүртээхээ амлав.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

No naadam

2021 оны долоодугаар сарын 2.

Наадам хийхийг эсэргүүцсэн залуучууд “No naadam” хэмээн уриалга гаргаж, Сүхбаатарын талбайд суулт зарлалаа. Харин уяачид наадмыг нэг жилээр хойшлуулах УОК-ын шийдвэрийг эсэргүүцэн морьтойгоо Сүхбаатарын талбайд ирж жагсав. Засгийн газар маргааныг хагалж Ардын хувьсгалын 100 жилийн ойн улс, аймаг, сумдын наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан юм. Ингэснээр Сүхбаатарын талбай дахь харилцан тэмцсэн жагсаал “No naadam” хэмээх уриалгад нэгдсэн залуусын ялалтаар өндөрлөв. Харин уяачид Сүхбаатарын талбайд морьтойгоо зургаа татуулснаас өөр үр дүнгүй нутаг буцлаа. Хагас өдрийн турш үргэлжилсэн энэхүү харилцан жагсаалаас ашиг хүртсэн хүмүүс нь Сүхбаатарын талбайн гэрэл зурагчид, хөнгөн зуушны худалдаа эрхлэгчид байв.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Хохирлын зам

2021 оны наймдугаар сарын 7.

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг засварлах ажлыг 2019 оны зургаадугаар сарын 17-нд эхлүүлж, хуучин замыг нь хуулж хаясан билээ. Гэвч хуучин ч замгүй, шинэ ч замгүй 2022 онтой золгож байна. Энэ хооронд олон хүн амь нас, эд хөрөнгөөрөө хохирлоо.  

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ЭРДЭНЭЦЭЦЭГ/MPA

Шатахуунаас шахмал түлшний дугаарлалт руу

2021 оны есдүгээр сарын 28.

Шатахууны хомсдлоосоо салаад удаагүй нийслэлчүүд сайжруулсан шахмал түлш авахаар дугаарлаж эхэллээ. "Таван толгой түлш" ХХК есдүгээр сарын 27-ноос сайжруулсан шахмал түлшээ худалдаалж эхэлсэн юм. Худалдаж эхэлсэн даруйд нь 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авч нөөцлөх гэсэн эрэлт, хүйтний эрч чангарсан байдал зэрэг нь шахмал түлшний хомсдол үүсэх шалтгаан болов.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Т.МӨНХ-УЧРАЛ/MPA

Хуучин буурь, шинэ бүтээл

2021 оны аравдугаар сарын 28.

Хэнтий аймгийн Батноров сумын нутаг Хөхүүрийн хөндийд баригдсан “Андлалын өргөө” цогцолборыг өнгөрсөн наймдугаар сард нураасан. Тус цогцолборыг  оюуны өмчийн асуудлаас үүдэн нураасан билээ. Тэгвэл энэхүү хөшөөг шинэчилж, суурин дээр нь Тэнгэрийн андлал” цогцолборыг босгов. Энэхүү бүтээлтийн эх загварыг урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч А.Очирболд урласан бол гүйцэтгэгчээр нь “Боржин Суварга” ХХК ажилласан юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЧАДРААБАЛ/ МОНЦАМЭ

Будлиан тарьсан барилга

2021 оны арваннэгдүгээр сарын 23.

УИХ 2022 төсвийг баталсны дараа Чингэлтэй дүүрэг дэх Тасганы овоонд 32.4 тэрбум төгрөгөөр Богд Зонхова хөшөөт цогцолбор барихаар болсон нь олон нийтэд ил болов. Үүнтэй холбоотой хачирхалтай зүйлс их боллоо. Тухайлбал, төсөв баталсан УИХ-ын гишүүд “Төсвийн төсөлд ийм зүйл байгаагүй, мэдээгүй” хэмээн мэлзэж эхэллээ. Тэд юу баталж байгаагаа мэдэхгүйгээр шууд баталдаг болж таарав. 2022 оны төсөвт шинээр орж ирсэн бол анзаараагүй байж болох. Гэвч 2021 төсөвт мөн суулга 5.5 тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөөд байжээ. Бүр бариад эхэлсэн байсныг нь ч олон нийт мэдсэнгүй. Тасганы овоонд дугуй хэлбэртэй суурь цутгаж барилгын ажил эхлүүлсэн нь Богд Зонхова хөшөөт цогцолборын бүтээн байгуулалт байж. 2021 оны төсөвт суулгасан хөрөнгөөр нь энэхүү бүтээн байгуулалтыг эхлүүлжээ. Гэхдээ тендер зарлаагүй гэдгийг Соёлын дэд сайд М.Батбаяр хэллээ. Зураг төслийг нь гаргахгүйгээр 2021 оны төсөвт шууд төсөвт суулгасан байж. Араас нь зураг төслийг нь хийлгэтэл 32.4 тэрбум төгрөгөөр босох бүтээн байгуулалт гэдэг нь тодорхой болжээ. Төсөв нь анх төлөвлөснөөс хэд дахин нэмэгдсэн учрас тендер зарлаагүй юм байна. Гэвч барилгын ажлыг нь эхлүүлсэн нь хардлага төрүүлэх болов. Цаашлаад хэний зөвшөөрлөөр ямар компани барьж эхэлсэн нь тодорхой бус. Тодорхой зүйл нь гэвэл уг төслийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ц.Анандбазар, Ц.Цэрэнпунцаг нар санаачилжээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Т.МӨНХ-УЧРАЛ/MPA

Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг

2021 оны арванхоёрдугаар сарын 13.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг анх байгуулсан цагаас хойш улам сайжруулахын төлөө монголчууд тэмцсээр ирсэн. Өнгөрч буй 2021 оноос энэ тэмцэл илүү бодитой ажил хэрэг болсон юм. Үүний үр дүнд Оюутолгойн хөрөнгө оруулагчид болох “Рио тинто” болон “Туркойз хилл Ресурс” компани манай улсын Засгийн газарт томоохон буулт хийснийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ. Тэд Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшилд ногдох 34 хувь буюу 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэхээ уламжилжээ. Ингэснээр, өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр цаашид үүсэхгүй юм.

ГЭРЭЛ ЗУРИЙГ И.НОМИН/MPA

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)