Шинэ оноо шинэлэг мэдрэмжээр угтаарай

Он солигдох баяр гэдэг өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ төлөвлөхөд хамгийн тохиромжтой мөч. Ихэнх хүн энэ үеэр шинэ төлөвлөгөө гаргаж, ирэх жил юу хийхээ жагсааж бичдэг бөгөөд өнгөрсөн муу бүхнийг сэтгэлээсээ үлдэн хөөдөг. Тиймээс та ч гэсэн шинэ зорилго, шижигнэсэн эрч хүчтэй угтахын тулд он солигдохоос өмнө дараах ажлыг амжуулаарай. 

Шинэ зорилт гарга

Шинэ төлөвлөгөө гаргахаасаа өмнө өнгөрсөн оноо эргэцүүлээрэй. Энэ нь өнгөрснөөс суралцахад тань туслах бөгөөд ирээдүйгээ төлөвлөхөд дэм болно. Үүний дараа ирэх жилийн зорилгоо бичээрэй. Гэхдээ аль болох хэрэгжүүлэх боломжтой, энгийн зорилго бичих нь илүү үр дүнтэй юм. Түүнчлэн хэрхэн хэрэгжүүлэх тухайгаа дэлгэрүүлэх нь үр дүнтэй. Тухайлбал, хэрэв турах зорилго тавьсан бол дэглэм барих, дасгал хийх зэргийг онцлох нь зүй. Түүнчлэн зорьсондоо хүрэх хугацаагаа ч тодорхой болгоорой. 

Хуучин хэрэгсэлдээ баяртай гэж хэл 

Хэзээ ч  хэрэглэдэггүй хэрнэ хаяж болдоггүй эд хэрэгсэл танд бий юу. Хэрэв тийм бол шинэ жилээс өмнө тэдэнтэйгээ “салах ёс” хийгээрэй. Ингэснээр сэтгэл ч, орчин ч цэгцэрнэ. Мөн арван жилийн сурах бичиг, уншдаггүй, хуучирсан ном зэргээ номын худалдаачинд бэлэглэж болох юм. Энэ нь мөн ч өөрийгөө ч, өрөөгөө ч хөнгөлөх энгийн бөгөөд үр дүнтэй арга.

Сэтгэлээ хөнгөл

Сэтгэлдээ буй гуниг, цөхрөл, гомдлоо мартаад шинэ оноо баяр жаргалтай угтаарай. Хэн нэгэн таныг гомдоож, муу үгээр хэмлэсэн байлаа ч уучилж, дотоод сэтгэлээ чөлөөл. Түүний талаарх муу бодлоо гээх нь танд тустай. Мөн та өөрөө хэн нэгнийг гомдоосон бол заавал уучлал гуйгаарай. Шинэ оноо хиргүй сэтгэлээр угтацгаая. 

Хайртай хүмүүсээ баярлуулаарай

Он солигдохоос өмнө хайртай хүмүүстэй сэтгэлийн бэлэг бариарай. Уйлахад, инээхэд, баярлахад, гуниглахад тантай хамгийн ойр байж, сэтгэлийн дэм болдог хүмүүсийг чин сэтгэлээсээ баярлуулах нь танд ч мөн аз жаргал мэдрүүлнэ. Түүнчлэн таны зориулсан сэтгэл хэн нэгний бүх насаараа дурсан дурдатгал болж үлдэж ч мэднэ. Тиймээс дотнын хүмүүстээ цаг, сэтгэл гаргаарай. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)